Дорнод аймгийн ИТХ-ын АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ТӨЛӨӨЛӨГЧИД ИРГЭДДЭЭ ОЙРХОН АЖИЛЛАЯ..

2016-10-12 09:57
Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт ”Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд  оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасан. Нутгийн өөрөө удирдах байгууллага нь тухайн засаг захиргааны нэгжийн иргэдийн сонголтоор байгуулагдаж, тэдний өмнө үүрэг хүлээн ажиллаж байгаа билээ.

    Нутгийн өөрөө удирдах байгууллага, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид иргэддээ хамгийн ойрхон ажиллаж, хийж байгаа ажлаа байнга мэдээлж, оршин суугчдынхаа санаа бодлыг сонсож, түүнийгээ шийдвэртээ тусгадаг байх учиртай. Төлөөлөгчид жилдээ нэг удаа иргэдтэйгээ уулзаж, Хурлын ажлын албанаас дуудсан цагт хурал, семинар, сургалт, хяналт шалгалтын ажилд оролцсоноор сонгуульт үүргээ хангалттай биелүүлж байна гэж үздэг. Сонгуулийн бүрэн эрхийн хугацааны хагас нь дуусаж байхад иргэдийнхээ амьдралд нөлөөлөхөөр, Хурлын байгууллагын нэр  хүндийг илэрхийлсэн, бодлогын шинж чанартай, томоохон асуудлыг санаачилж, үр дүнд хүрсэн ажил төдийлөн харагдахгүй байна. Тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, тэднийг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамруулах, сурагчдын сургалтын чанарыг сайжруулах, дотуур байрны болон цэцэрлэгийн хангамжийг нэмэгдүүлэх, сургалт, мэдээллийн төвтэй болох, байгаль орчныг хамгаалах гэх мэт олон асуудлыг шийдвэрлэх бодлогыг Засаг дарга биш Хурлын төлөөлөгч гаргадаг бол сайнсан.

    Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлд “Хурлын Тэргүүлэгчид, хороо, түүнчлэн төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй. Мөн төрийн болон төрийн бус байгууллага, аж  ахуйн нэгж, иргэн тухайн шатны Хуралд, сум, дүүрэг, баг, хорооны Хурал зохих дээд шатны  Хуралд  асуудал хэлэлцүүлэхээр санал дэвшүүлж болно” гэж заасныг хэрэгжүүлж байгаа төлөөлөгч ховор байна. Тухайн засаг захиргааны нэгжийн хөгжлийн бодлогыг тодорхойлох, иргэдийн ахуй амьдралын шийдвэрлэх шаардлагатай олон асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч санаачлан Тэргүүлэгчдийн болон чуулганы хуралдааны тогтоол гаргах боломжтой. Одоогийн туршлагаас харахад төлөөлөгчид Хурлын ажлын албанаас бэлтгэсэн болон Засаг даргын өргөн мэдүүлсэн асуудлыг л хэлэлцэж байна. Энэ тогтолцоог өөрчилж, төлөөлөгчид өөрсдөө тогтоолын төслөө боловсруулаад иргэд, холбогдох байгууллагын саналыг авах, иргэний танхимаар хэлэлцүүлэг зохион байгуулах зэрэг хэлбэрээр ажиллаж, үр нөлөө бүхий, нийт иргэдийн дагаж мөрдөх, тэдний амьдралд дэмжлэг болохуйц шийдвэр гаргахад анхаарах хэрэгтэй байна.  

    Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан, Тэргүүлэгчдийн хуралдааныг шаардлагатай тохиолдолд баг, хороо, аж ахуйн нэгж дээр хуралдуулах, иргэдийг хуралдаанд урьж оролцуулах, санал, хүсэлтийг нь авах ажлыг зохион байгуулах, хуралдаан хийх тухай мэдээллийг тодорхой хугацааны өмнө өгдөг журамтай байх   шаардлагатай юм. Одоогоор ихэнх Хурлууд зөвхөн өөрийн байрандаа хуралдаж, мэргэжлийн албадын төлөөллийг оролцуулан, асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж байгаагийн улмаас нутгийн өөрөө удирдах байгууллагын хийж байгаа ажил нь нийт хүмүүст мэдрэгдэхгүй байна.

    Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь хууль, тогтоомж, Хурлын шийдвэрийг иргэдэд тайлбарлан таниулах, тэдгээрийн биелэлтийг хангах, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэхтэй холбогдуулан холбогдох албан тушаалтанд асуулга, асуулт тавьж, хариуг авах эрхтэй. Гэтэл төлөөлөгчид дээрх эрхээ эдлэж ажиллах талаар санаачилга гаргахгүй байгаа одоогийн тогтолцоог өөрчлөх нь шаардлагатай байна. Энэ асуудалд Хурлын ажлын албаны ажилтнууд ач холбогдол өгч, төлөөлөгчиддөө мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж ажиллах хэрэгтэй юм.
 
    Төлөөлөгчид төсөл бичих, худалдан авах ажиллагааны үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орж  ажиллах, орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалтад хяналт тавих арга ажиллагаанд суралцсан байхаас гадна энэ талаарх мэдээллийг иргэдэд хүргэх, тэдгээрийг дээрх ажиллагаанд биечлэн оролцоход нь туслах, арга зүйн зөвлөлгөө өгөх  үүрэгтэй.  
    
    Төлөөлөгч нь баг, хорооны иргэдийн нийтийн Хурлын хуралдаанд оролцож, иргэдийн санаа бодлыг сонсох, санаа бодлоо илэрхийлэх, иргэдийн нийтийн Хурлын хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар тодорхой баримт бичгийн төсөл боловсруулж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэж болно.

    Одоо мөрдөгдөж байгаа олон хуульд байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж ажиллахыг хуульчилсан бөгөөд энэхүү зарчмыг хэрэгжүүлэхийн тулд нутгийн өөрөө удирдах байгууллага дараах асуудлуудад анхаарах шаардлагатай гэж үзэж байна. Үүнд:

    -Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх, тухайн засаг захиргааны нэгжид үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд дээрх хуулийг хэрхэн хэрэгжүүлж байгаад хяналт тавьж ажиллах;  

    Нутгийн өөрөө удирдах байгууллага бүр цахим хуудастай байх, түүндээ зөвхөн Хурлын болон Тэргүүлэгчдийн үйл ажиллагааны талаар мэдээлэхээс гадна төлөөлөгч нэг бүрийн хийж байгаа ажлыг, баг, хорооны иргэдийн нийтийн Хурлын үйл ажиллагааны талаарх мэдээллийг байрлуулж байх;    

       2014 оны 7 дугаар сард батлагдсан Шилэн дансны тухай хуулиар байгууллагын төсөв, санхүүгийн ил тод байдалтай холбогдсон харилцааг зохицуулдаг болсон. Энэ хуульд зааснаар нутгийн өөрөө удирдах байгууллага нь тухайн нэгжийн жилийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн төсөв, төсвийн өр, авлага үүсгэх аливаа шийдвэрийг цахим хуудсанд байрлуулсан эсэхэд хяналт тавьж ажиллах;

Хуулийн дагуу нууцад хамааруулснаас бусад бүх мэдээлэл нээлттэй байх, ялангуяа тухайн байгууллагын үйл ажиллагаа, боловсон хүчин, төсөв, санхүүгийн байдал, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаа ил тод мэдээлэгдэж байх ёстой. Дээрх мэдээллээс гадна тухайн байгууллага иргэдээс гаргасан өргөдөл, хүсэлт, санал, гомдлыг хэрхэн шийдвэрлэж байгаа эсэхэд мөн л Хурлын байгууллага, төлөөлөгчид анхаарлаа хандуулах учиртай.
 
Одоо Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байгаа “Нийтийн сонсголын тухай хууль”-ийн төсөлд тусгагдсанаар орон нутгийн сонсголыг нутгийн өөрөө удирдах байгууллага зохион байгуулна. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нийт төлөөлөгчдийн дөрөвний нэгээс доошгүй төлөөлөгчид хүсэлт гаргасан, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй иргэн, хуулийн этгээдийн гаргасан хүсэлтийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хэлэлцэн хүлээн авсан, тухайн асуудал хариуцсан Байнгын хороо шийдвэр гаргасан тохиолдолд орон нутгийн сонсголыг зохион байгуулахаар төсөлд тусгагдаад байна. Орон нутгийн сонсголыг зохион байгуулснаар Хурлын зүгээс тухайн асуудалд тавих хяналт сайжирч, иргэдийн оролцоо нэмэгдэнэ гэж үзэж байна. Иймд энэ хуулийн төслийг хэлэлцэх явцад саналаа өгөх, батлагдсаны дараа холбогдох журмыг боловсруулж батлах, мөрдөж ажиллах бэлтгэлийг хангах шаардлагатайг анхаарах хэрэгтэй юм.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын үр дүн нь төлөөлөгч нэг бүрийн идэвхтэй оролцоо, иргэдийн хүсэл, сонирхолд нийцсэн шийдвэр, түүний хэрэгжилтээс хамаарна гэж үзэж байна.

    УЛСЫН ИХ ХУРЛЫН ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНЫ ЗӨВЛӨХ О.ТУНГАЛАГ

2016-10-12 09:57

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд