Байгаль
орчин, аялал жуулчлалын яамны санаачилгаар Ерөнхий сайдын ивээл дор зохион
байгуулж буй Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн Үндэсний II чуулган Төрийн ордны
их танхимд 2017 оны 04 дүгээр сарын 21-ний 09.00 цагт нээлтээ хийлээ. Анхны
чуулганыг 2015 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол санаачилан
зохион байгуулжээ. Энэ чуулган нутаг усандаа ажиллаж, амьдран эх байгалиа хамгаалж буй нөхөрлөлийн гишүүдийг Улаанбаатарт урьж, төр
засаг цаашлаад олон улсын хэмжээнд үгийг нь хүргэдгээрээ онцлогтой. Чуулганд 21
аймгийн 170 гаруй сумаас ирсэн 800 гаруй байгаль хамгаалагчид хүрэлцэн ирж,
өөрсдийн өмнө тулгамддаг бэрхшээл хийгээд өнгөрсөн хугацаанд олсон ололт
амжилтуудынхаа талаар төрийн өндөрлөгүүддээ хүргэлээ. Дархан-Уул аймгаас 20-н
нөхөрлөлийн 29-н төлөөлөгч оролцсон юм. Улсын хэмжээнд нийт 1629 нөхөрлөл, 1200
гаруй байгаль орчны Төрийн бус байгууллага, 30 Орчны бүсийн зөвлөл, 21 Усны сав
газрын захиргаа ажиллаж байна. Мөн ан агнуурын 71 бүс нутаг, Улсын тусгай
хамгаалалттай хоёр газарт мэргэжлийн Төрийн бус байгууллагууд гэрээгээр
менежмент хийж байгаа аж. Түүнчлэн БОАЖЯ-ны хүсэлт, санаачилгын дагуу Олон
улсын байгууллагын санхүүжилттэй 38 төсөл хэрэгжиж байгаа нь хамтын менежментэд
гарч буй ахиц дэвшлийг харуулж байгааг албаныхан чуулганы үеэр онцолж байв.