Аймгийн “Засаг даргын 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр”-т шинээр 15 хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэхээр тусгасан билээ. Шинээр боловсруулах хөтөлбөрүүдийг хагас жилдээ багтаан боловсруулж, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар батлуулахаар ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд 5 дугаар сарын 10-ны өдрийн 09:00 цагт аймгийн Засаг даргын зөвлөлийн эхний хурал хуралдаж 4-н асуудал хэлэлцсэн байна. Тус хурлаар аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хэрэгжүүлэхээр тусгасан “Спортлог Дарханчууд” аймгийн дэд хөтөлбөр, “Ухаалаг Дархан” аймгийн дэд хөтөлбөрийн төслүүдтэй тус тус танилцаж хурлын тэмдэглэл гаргасан бол “Залуучуудын боловсрол, хөгжил” аймгийн дэд хөтөлбөр, “Дарханы иргэд оюунлаг, авьяаслаг” аймгийн дэд хөтөлбөрийг дахин боловсруулах шатанд буцаалаа. Өглөөний 09.00 цагт 68 хувийн ирцтэйгээр эхэлсэн хурал 11.40 минутад өндөрлөсөн юм.