Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах нь

2018-03-15

Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах аян


АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ АЖЛЫН УДИРДАМЖ

Манай улсад анх удаа санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах чиглэлээр хэрэгжиж буй энэхүү аян нь нийт санхүүгийн салбарыг хамарч байгаа бөгөөд гол зорилго нь санхүүгийн хэрэглэгч болон санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч хоорондын эрх тэгш харилцах чадамжийг бэхжүүлж, уг харилцаанд оролцогч этгээдүүдийн эрх ашгийг хамгаалах хяналт, зохицуулалтын байгууллагын үүрэг, эрсдэлд суурилсан шалгуур стандартыг боловсронгуй болгох зэрэгт оршино.

Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах асуудал нь санхүүгийн системийн урт хугацааны тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн хөгжлийг дэмжихэд чухал хүчин зүйл гэдгийг нийтээр хүлээн зөвшөөрч, цаашид хөгжүүлэх шаардлагатай гэж олон улс орон үздэг болжээ.

Санхүүгийн хэрэглэгч гэж санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зөвхөн өөрийн болон гэр бүлийн хэрэгцээнд зориулан авч буй хувь хүнийг хэлдэг. Зарим улсад жижиг болон бичил аж ахуйн нэгжийг хамруулах тохиолдол байдаг.

Санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч /СҮҮ/ гэж бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгөөр өргөн хүрээтэй санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг ашгийн төлөө байгууллагыг хэлдэг. Тухайлбал, банк, банк бус санхүүгийн байгууллага, даатгалын компани, үнэт цаасны арилжаа эрхлэгч, хөрөнгө оруулалтын сан зэрэг болно.

СҮҮ нь зах зээл дээр санал болгож буй бүтээгдэхүүнийхээ талаар хангалттай мэдлэг, мэдээлэлтэй байдаг бол хэрэглэгчид буюу иргэд-харилцагчид нь худалдан авч буй бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ талаар бүрэн мэдлэг, мэдээлэл байдаггүйн улмаас уг харилцаанд оролцогч этгээдүүдийн хооронд тэнцвэргүй байдал үүсдэг байна. Жишээлбэл иргэд банкнаас зээл авахаар очиход банкны ажилтан урьдчилан бэлтгэсэн зээлийн гэрээ үзүүлдэг бөгөөд уншихад хүндрэлтэй жижиг үсгийн фондоор бичигдсэн, ямар заалт дээр голлон анхаарах нь тодорхойгүй, цаг хугацааны хувьд тухайн үед хангалттай уншиж танилцах боломжгүй олон хуудастай байх зэрэг асуудлуудтай тулгардаг тул санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ авагч өөрийн үүрэг, хариуцлага, эрсдэлийг тооцоололгүйгээр гэрээг баталгаажуулдаг. Ингэснээр зээлийг эргүүлэн төлж барагдуулах явцад хүндрэлтэй асуудлууд гарч ирэхэд санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авагч иргэн хэнд хандах, асуудлыг яаж шийдвэрлэх тал дээр бас л ойлгомжгүй байдал үүсдэг бол энэ нөхцөл байдал нь СҮҮ-ийн талд чанаргүй зээлийн хэмжээг ихэсгэж, эрсдэлийн санд илүү их хэмжээний хөрөнгө байршуулахад хүргэдэг байна.

Энэ мэтчилэн санхүүгийн хэрэглэгч болон СҮҮ хоорондын харилцаан дахь тэнцвэргүй байдлаас үүдэн гарах эдийн засаг дахь сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлэхэд хяналт, зохицуулалтын байгууллагын зүгээс санхүүгийн харилцаанд оролцогч этгээдүүдийг хариуцлагажуулах, хяналт шалгалтын стандартыг боловсронгуй болгох нь чухал байдаг.

Иймд нэг талаас “Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах” аяны хэрэгцээ шаардлага, үндэслэл, зорилго нь тэнцвэргүй байдлыг арилгахад чиглэх хэдий ч, нөгөө талаас санхүүгийн тогтвортой байдлыг хангах, уг салбартаа зах зээлийн үр ашигтай, ил тод, өрсөлдөөнт орчныг бүрдүүлж, салбарын нийтэд хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэй байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%