Цаг агаар огцом дулаарснаас шалтгаалан 2018 оны 03 дугаар сарын
20-ны шөнө Дархан сумын 15 дугаар багийн 9 дүгээр хэсэгт шар усны үер бууж
аймгийн Онцгой комисс, Дархан сумын Онцгой комисс, төрийн болон хувийн хэвшлийн
байгууллагууд хамтран шуурхай ажилласны үр дүнд гарах хохирлыг багасгаж чадсан
билээ. Мөн тус багт байрлах хамгаалалтын үерийн далангаас ус шүүрснээс үүдэн
цаашид их хэмжээгээр бороо орсон тохиолдолд
тус далан сэтрэх магадлал өндөр байгаа учраас аймгийн Онцгой комиссын 2018 оны
03 дугаар сарын 21-ны өдрийн шийдвэрээр Улсын онцгой комисст хандан нөхцөл
байдалтай танилцаж холбогдох арга хэмжээ авах албан бичгийг явуулжээ. Энэ дагуу
өнөөдөр /2018.03.27/ Ус цаг уур орчны шинжилгээний албаны дарга, Улсын онцгой
комиссын гишүүн С.Энхтүвшин холбогдох мэргэжилтнүүдийн хамт Дархан сумын 15
дугаар багийн 9 дүгээр хэсэг, хамгаалалтын үерийн далан, ус дамжуулах сувгийн
өнөөгийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж аймгийн Засаг дарга
С.Насанбаттай уулзалт хийлээ. Уулзалтаар 2011 онд ашиглалтад орсон хамгаалалтын
үерийн далан, ус дамжуулах суваг болон шүлхий өвчин, ой хээрийн түймрээс
урьдчилан сэргийлэх ямар ажлууд хийгдэж байгаа талаар харилцан санал солилцлоо.
Манай аймагт ажиллаж байгаа тус ажлын хэсэг Үерийн далан, суваг шуудууны нөхцөл
байдлыг үнэлж Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газарт албан ёсоор
мэдээлэхээр боллоо. Мөн хамгаалалтын үерийн далан, ус дамжуулах хоолойны
үнэлгээг мэргэжлийн байгууллагаар гаргуулж зураг төсвийг яаралтай гаргаж өгөх
үүрэг даалгаврыг өгсөн юм. Ингэснээр гаргасан зураг төсвийг Улсын онцгой
комиссоос Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлж төсөвт суулгахаар болжээ.