Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ 6 ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТТЭЙ ТАНИЛЦАВ

2018-03-30

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралд өнөөдөр /2018.03.30/ Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлөөс баталсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 6 хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай тайланг оруулж хэлэлцүүлсэн юм.
Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлийн 2017 оны 2 дугаар тогтоолоор аймгийн “Хөдөлмөр эрхлэлтийн салбар зөвлөл”-ийг аймгийн Засаг даргаар ахлуулан шинэчлэн байгуулжээ.
Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлөөс манай аймагт “Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн   ур чадвар олгох”, “Ажлын байрыг дэмжих”, “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих”, “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих”, “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих”,  зэрэг 6 хөтөлбөрийг хэрэгжүүлсэн бөгөөд нийт 1,4 тэрбум төгрөгийн санхүүжилтыг олгосон байна. 
Уг санхүүжилтийн 550 сая төгрөгийг иргэдийн жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэх зээлд олгосон тухай Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга С.Энхболд тодотгов. 
Түүнчлэн  2017 онд Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн   ур чадвар олгох хөтөлбөрт 444 хүн хамрагдаж 71,6 сая төгрөг, Ажлын байрыг дэмжих хөтөлбөрт 1357 хүн хамрагдаж 477,2 сая төгрөг, Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрт 109 хүн хамрагдаж 32,5 сая төгрөг,  Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт 108 хүнд 57,7 сая төгрөг, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрт  212 хүн хамрагдаж  84,6 сая төгрөг, Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөрт 126 ахмад настан хамрагдаж  70,5 сая төгрөгийг  тус тус зарцуулжээ. Тодруулбал ажилгүйдлийг бууруулах, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэгдсэн эдгээр 6 хөтөлбөрт нийт 4,984 хүн хамрагдсан тухай тайлагналаа.
“Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн   ур чадвар олгох” хөтөлбөр нь 2018 онд үргэлжлэн хэрэгжих бөгөөд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас энэ жил “Гэрээт малчны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих туршилтын төсөл”, “Зохион байгуулалттай ажлын байр бий болгох туршилтын төсөл”, “Ур чадварт түшиглэсэн ажлын байр бий болгох туршилтын төсөл”-ийг шинээр хэрэгжүүлэх юм. 
Нийт төсөл хөтөлбөрүүдийн 60 хувийг хөдөө сумдад буюу Хонгор сумын Бүрэн толгой, Салхит баг, Орхон, Шарын гол сумдад хэрэгжүүлэхээр зорьж байна. 
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн зүгээс иргэдийн амьжиргааг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх төсөл хөтөлбөрүүдийн тухай мэдээллийг олон нийтэд ил тод нээлттэй, хүн бүрт хүртээмжтэйгээр хүргэх, сурталчлах, төсөлд хөтөлбөрт хамрагдсан иргэдийн тоо, дэлгэрэнгүй мэдээллийг нэгдсэн сүлжээнд оруулж, хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг нарийвчлан гаргаж, бодит үр дүнг тооцох, хаягийн давхардлыг арилгах, баг тус бүрт мэдээллийн самбар байршуулж, нээлттэйгээр мэдээлэх, малжуулах хөтөлбөрт зөвхөн хөдөө сумдын иргэдийг хамруулах зэрэг саналыг гаргаж, цаашдын үйл ажиллагаандаа тусгаж ажиллахыг үүрэг болгов.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%