Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Ж.Нэргүй: Халх гол бол эх оронч үзлийн салшгүй хэсэг

2014-09-03

Монголын зохиолчдын эвлэлийн Орчуулгын үндэсний төвийн тэргүүн, орчуулагч Жигжидсүрэнгийн Нэргүйтэй ярилцлаа. Тэрээр Дорнод аймагт зохион байгуулагдсан “Халх гол-75” яруу найргийн наадмын шилдэг 25 найрагчийн бүтээлүүдийг орос хэл дээр орчуулахад оролцсон юм.

-“Халх голын цадиг хууч” номыг орос, монгол хэлээр гаргажээ. Ном бүтсэн түүхээс яриагаа эхлэх үү. Номд орсон шүлгүүдийг хэрхэн сонгов?

-Халх голын байлдааны ялалтын 75 жилд зориулсан яруу найргийн наадмыг Дорнод аймгийн Утга зохиолын нэгдэл буюу МЗЭ-ийн “Дорнод” салбараас эрхлэн гуравдугаар сарын 18-нд зарласан. Энэ бол хөдөөгийн утга зохиолын нэгдлээс зарласан гэхэд сэдэв нь ч том юм. Хүмүүсийн сэтгэлд ч ойр юм. Халх гол гэдэг бол эх оронч үзлийн салшгүй нэг хэсэг шүү дээ. Хэдийгээр ардчилал, зах зээл гаж сагалаа ч эх оронч үзэл, тусгаар тогтнол гэдгийг хүний зүрхнээс аваад хаячихаж болохгүй. Энэ уралдаанд 80 гаруй яруу найрагч шүлгээ ирүүлсэн юм билээ. Тэднээс 25-ыг нь шалгаруулан Дорнод аймагт урьж аваачин яруу найргийн наадам зохион байгуулсан. Энэ 25 хүний шүлгийг орос, монгол хэл дээр хэвлэе гэдэг санаа “Дорнод” утга зохиолын нэгдлийнхнээс гарсан юм билээ.

Орос хүмүүст өгөөд орос руу орчуулуулах ажлыг зохион байгуулж болох л байсан байх. Оросуудаар орчуулуулъя гэхэд тэд их мөнгө нэхдэг юм шиг байна лээ. Гэвч утга зохиолын нэгдэлд тийм мөнгө байхгүй. Тэгээд Монголын орчуулагчдын эвлэлийн ерөнхийлөгч, нэрт орчуулагч О.Чинбаяр, Дорнодод байдаг сайн орос хэлтэй, яруу найраг орчуулдаг Ш.Дугар гэж эмч бүсгүй бид гурав хувааж авсан. Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар уралдааны шагналыг, номыг хэвлэх ажлыг ССАЖЯ ивээн тэтгэсэн.

-Та орчуулах шүлгүүдээ хэрхэн сонгов?

-25 шүлгийг харж байгаад л энэ энэ шүлгийг орчуулъя гэж 10 шүлэг сонгосон. 10-ыг нь О.Чинбаяр, 5-ыг нь Ш.Дугар орчуулсан.

-Ярвигтай орчуулга нэлээд байх шиг байна. Жишээ нь П.Бадарч гуайн шүлгийг орчуулах хэцүү байсан уу?

-Би уг нь амралтаараа хоёр ч зохиол орчуулна гээд бүр эхэлчихсэн байсан. Тэрнийгээ хойш нь тавиад энэ шүлгүүдтэй ноцолдсоор хамаг цагаа барлаа. П.Бадарч гуайн хувьд шүлэг бичиж сурсан улс гэдэг өөр байдаг юм байна. Өөр хэл дээр буухад амархан. Ер том яруу найрагчид шүлгээ орчуулуулах дургүй. Тухайлбал, Д.Пүрэвдорж гуай их дургүй байсан. Ш.Сүрэнжав гуай дургүй байдаг. Яагаад гэвэл тэдний шүлгэнд үндэсний ахуй, жинхэнэ монгол нүүдэлчин ахуйн өвөрмөц үг хэллэгүүд орсон байдаг. Тэр нь Өвөрмонголд л байдаг, өөр гэрт амьдардаг үндэстэн хаана байгаа юм. Тухайлбал, гэрийн хана, унь, хошлон, дээвэр туургыг юу гэж орчуулах юм. Тиймээс үндэсний ахуйтай, уран хэллэгтэй зохиолыг орчуулах хэцүү байдаг. П.Бадарч гуайн шүлэг, С.Оюун гуайн шүлэг их эмх цэгцтэй, ус байхгүй, учир шалтгааны алдаа байхгүй, өөрөөр хэлбэл логик алдаагүй тул орчуулахад амар байсан. Манайхан логик буюу учир шалтгааны алдааг шүлгэндээ хамаагүй оруулдаг болсон. Яагаад гэвэл шүлэг гэдэг оньсого шиг болсон байна. Тэгэхээр Б.Галсансүхийн шүлгэнд таарах утгын илэрхийлэл, үгийн сонголт жинхэнэ монгол шүлгэнд байх ямар ч арга байхгүй. П.Бадарч гуай, С.Оюун гуай хоёр хашир хүн. А.Эрдэнэ-Очир, Ж.Баяржаргал нар ч хашир хүмүүс. Тэгэхээр эд нар логик алдаа гаргадаггүй юм байна.

-Хэцүү нь ямар шүлэг байв?

-Халх голын байлдааны шүлэг орчуулах гэж тамаа цайж байна гэсэн чинь чи өөрөө орчуулагч хүн мэдэж байгаа биз гэсэн.

Дайныг аав аваад явчихсан

Аавыг дайн аваад явчихсан

Дайн, аав хоёр хоёулаа байхгүй болсон гэсэн ийм шүлгийг орчуулахад амархан. Тэрнээс биш Д.Пүрэвдорж гуайн “Хөх даалимбан тэрлэг” найраглалын

Уургын уртыг барина аа хэмээн

Уужим сайхан суга тавилаа

Уулын жавар унана аа хэмээн

Унаган туурай нударга тавилаа гэдгийг буулгахад хэцүү. Тэр чинь гэтэл дайны тухай. Гэхдээ Д.Пүрэвдорж гуай “Хар цас” найраглалдаа ямар гайхалтай юм хийсэн байдаг билээ.

Бод л доо, тэр дайныг

Борооны дусал газарт уналгүй

Шивээлсэн жадны үзүүрт бутарч

Шинелийн хормойд хатаж байсан юм гэж. Үүнийг бол орчуулахад амархан. Ийм л байдаг юм байна. Одоо хүмүүс гадагш нь бодлогоор шүлгээ орчуулуулах сонирхолтой байдаг. Саяны Халх гол-75 наадмын шүлгүүдэд усан шүлэг таарч байна лээ. Хэт их нуршсан байна. Социализмын үеийн сэтгэлгээгээрээ бичсэн мөрүүд, хуурай магтаал их таарч байна. Хоцрогдсон сэтгэлгээгээр бичсэн юм мэр сэр таарч байна. Логик алдаа залуусын шүлэгт их гарч байна. Тэрийг би тэр чигээр нь орос руу буулгачихвал оросын оюунлаг ард түмний инээдийг хүргэнэ биз дээ. Тухайлбал, манайхны дээхнэ үеийн хэлдгээр алтан сэлэмний мөнгөн ирэнд энэ тэр гэвэл юу болох вэ. Энийг би өөрийн яруу найрагчдыг буруутгах гэсэндээ биш манай монгол шүлэг угаасаа бэлгэдлийн илэрхийлэл ихтэй, ерөөл магтаалын аястай байдаг. Тэгэхээр гадагш нь орчуулах гэж байгаа, гадагш нь гаргая гэж бодож байгаа бол шүлгүүдээ сонгож их ухаантай хийх хэрэгтэй юм уу гэж л хэлж байна. Ер нь би боддог, манай Монголын яруу найраг маш сайн. Гагцхүү монгол яруу найраг гадагшаа хүний анхааралд өртөж чаддаггүй нь ямар учиртай юм гэхээр сайн орчуулж чаддаггүй. Сайн орчуулж чаддагүйн учир юу вэ гэхээр үндэсний ахуйг нь буулгах гадаад үг ховор байдаг. Ийм л учиртай байдаг. Тэгэхээр гадагш нь гаргах шүлгүүдээ их бодож ухаантай хийх ёстой байна.

-Ойрын жилүүдэд монголоос орос руу яруу найргийн бүтээлийг орчуулж ном гаргаагүй байх аа?

-Энэ номын гол онцлог гэвэл 1990 оноос хойш тасраад байсан орон зайг нөхсөн. Бид бол Оросын уран зохиолоос л маш их юм суралцсан. Оросын уран зохиолоор дамжиж Европын уран зохиол, шүлгийн онолтой танилцсан. Сүүлийн үед зохиолч, яруу найрагчид хувь хүнийг гуйгаад орос руу гэхээс англи хэл рүү орчуулуулж байгаа. Англи хэл 15 мянган үгийн нөөцтэй гэдгийг Л.Түдэв гуай хэлсэн байдаг юм. Л.Түдэв гуай социализмын үед англид нэвтэрхий болчихсон байсан байх. Орос хэл бол гайхалтай баялаг хэл. Тэгэхээр энэ ном мартагдсан унтарсан найрамдал гэж социализмын үгээр яахав гэхэд хоёр орны нөхөрлөлд хувь нэмэртэй. Бид хөршөө сонгодоггүй. Хэзээ ч Орос, Хятад хоёроосоо холдоод явчихгүй.

Халх голын дайны ялалтын 75 жилээр ирэх зочдод энэ номоо өгнө. Одоо ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монголд айлчилна. Путиныг дагаад баахан улс ирж таарна. Тэрний араас харилцаа хэлхээ сайжирвал оросууд зөндөө л Монголыг зорьдог болно. Тэгэхэд монголчууд бас яруу найргаараа ийм зиндаанд явдаг юм байна гэж мэдэг. Сайн муу орчуулсандаа биш бие биеийн соёлыг хүндэтгэх дэлхийн зиндаа гэж байна. Монголын уран зохиолчид хэн нэгэн хүн гуйгаад гаднын ирсэн жуулчныг гуйгаад, эсвэл Солонгост таван жил, Японд таван жил болсон хүнийг гуйгаад л орчуулга хийлгээд байх уу. Үүнийг Монголын уран зохиолын бодлогын хэмжээнд авч үзэх ёстой. Ганц орос биш шүү дээ, англи руу орчуулах орчуулагчдаа бэлтгэх хэрэгтэй байгаа юм. Нобель руу нь ч гэсэн зүтгэх хэрэгтэй байна шүү дээ. Б.Галсансүхийн шүлгийг орчуулахад ямар байдгийг би мэдэхгүй. Тэгвэл Б.Лхагвасүрэн гуайн шүлгүүдийг орчуулахад бас яах нь вэ. Хамгийн гол нь үүнийгээ бодлоготойгоор бэлтгэх хэрэгтэй байна.

-Мэргэжлийн орчуулагчдыг хэрхэн бэлтгэх ёстой юм бэ. Та МЗЭ-ийн Орчуулгын үндэсний төвийн тэргүүний хувьд энэ талаар ямар бодолтой байдаг вэ?

-Орос руу орчуулсныг үзэж байхад тааруухан орчуулга тааралддаг юм. Бусад хэл рүү ямар орчуулж байгааг мэдэхгүй. Тэгэхээр үүнийг ганц Орчуулагчдын эвлэл хариуцахгүй. Орчуулагчдын эвлэл бол тэднийг боловсруулах, ур чадварыг нь сайжруулах үүрэгтэй газар биш шүү дээ. МЗЭ ч гэсэн зохиолчдын чадварыг дээшлүүлэх үүрэг бүхий газар биш шүү дээ. Энэ чинь ашиг сонирхлыг нь хамгаалах, мэргэжил нэгтнүүдийн, авьяас нэгтнүүдийн сайн дураараа нэгдсэн байгууллага. Бодлоготойгоор орчуулагчдыг бэлтгэх, уран зохиолчдыг бэлтгэх гэдэг чинь унаган авьяастай хүмүүсийн оюун ухаан дээр тулгуурлаад төр өөрөө тэдний мэдлэг боловсролыг дээшлүүлэх, оюуны царааг нь тэлэх асуудал. Орчуулагчдыг бодлоготойгоор бэлдэх гэдэгт олон улсын дипломат яриа, албан ёсны орчуулга гээд шал өөр юм байж байна. Үүнийг төр анхаарах цаг болжээ. Нэг компани гадагшаа үйл ажиллагаагаа сурталчлах гэсэн чинь модон хэлтэй танилцуулга бичээд очвол яах юм. Уг нь социализмын үед манайх орос, герман, англи, испани, франц хэлтэй хүмүүсийг бодлогоор бэлтгэж байсан юм билээ.

Техникийн сургууль төгссөн ч бай, хүмүүнлэгийн сургууль төгссөн ч бай шигшиж аваад унаган мэргэжлийг нь орхиулаад буцаагаад зөвхөн хэлний мэргэжлээр дагнуулаад явуулж байсан байдаг. Тухайлбал герман хэлээр Алтай гэж хүнийг бэлдсэн байдаг. Геологийн мэргэжлээр төгссөн боловч баруунд зургаан жил сураад ирэхэд нь мэргэжлийг нь хаяулсан. Тэр хүнтэй би “Лэндшпегл” гэдэг герман хэл дээрх сонин гаргаж байсан. Тэрийг Германы Элчин сайдын яамныхан үзээд толгой сэгсэрдэг байсан. Танайд ямар герман хүн энэ сонинг чинь гаргадаг юм бэ гэж. Үгүй ээ, манайд Алтай гэж нэг монгол хүн байдаг гэдэг байлаа. Гайхалтай герман хэлтэй хүн байсан. Хөөрхий минь одоо бурхан болчихсон л доо. Тэр бол уран сайхны орчуулга хийдэг хүн байсан. Тиймэрхүү юмаа төр эргэж сэргээмээр байна. Тэрнээс биш алийн болгон гадаадад яваад аяга таваг угаагаад ирсэн улсаар юмаа орчуулуулах вэ дээ. Тэр байтугай алийн болгон над шиг нэг муу техникум төгссөн хүнээр орчуулга хийлгэх  вэ дээ. Тэрийг чинь төр гадаад харилцааны яам байдаг юм уу, боловсролын яам нь байдаг юм уу, тэр нь хийх ёстой.

-Халх голын сэдэвтэй шүлэг, зохиол өмнөх ойнуудын үеэ орчуулагдаж байсан байх даа. Та судалж үзсэн үү?

-Үгүй үгүй. Би асуулаа л даа. П.Бадарч гуай, С.Оюун гуайгаас, бас бус өөр хүмүүсээс ч асуусан. Яг Халх голын сэдвээр ингэж ном гадагш орчуулагдаж байсан удаа байхгүй юм билээ. Яахав дээ, социализмын үед 15 боть ном Монголын зохиолчдын бүтээл гээд орос хэл дээр хэвлэгдсэн байдаг юм. Тэдний бүтээл дотор Халх голын тухай бүтээл тааралдсан бол орчуулагдсан байгаа байх. Ер нь сүүлийн 25 жилд цэрэг, эх орны сэдэвт бүтээл их цөөрсөн. Гэтэл цэрэг, эх орны сэдэвт зохиол байх ёстой шүү дээ. Байх байхдаа өндөр хэмжээнд байх ёстой. Ялангуяа орос хэл үзэж байгаа хүмүүст орос, монголоор нь харьцуулж үзэхэд бидний орчуулсан “Халх голын цадиг хууч” ном хэрэг болох байх.

-Манай зохиолчдод Халх голын тухай, цэрэг, эх орны сэдэв уг нь их байгаа даа?

-Маш их бичигдсэн байдаг. Даанч тэднийг маань Орост, нөгөө жинхэнэ дарийн утаа үнэрлэж, дайзтай сумаа хуваалцаж явсан ард түмэнд маань хүргэсэн юм тун бага л байдаг юм байна.

Харамсалтай нь манай залуучууд ч гэсэн Халх голын дайныг мэдэхгүй байна. Энэ бол өнгөрсөн түүх рүүгээ нулимж байгаа хэрэг шүү дээ. Япончуудтай ямар сайхан харилцаатай байгаа нь Халх голын дайныг зөвтгөх, эсвэл буруутгах шалтгаан биш. Тэр үеийн өвөг дээдсийн баатар зориг, бахдам уламжлалыг мартах ёсгүй. Түүхийн үнэнийг мартаж болохгүй. Өвгөдийн дурсамж, залуусын мартамж хоёроор ирээдүй цаг нь босч ирдэг. Өвгөд дурсахгүй залуусаа голоод, залуус өвгөдөө тоохгүй байх юм бол ирээдүй маань улам л муу болно. Манай зээ ч Халх голын тухай мэдэхгүй байна. 30 хэдтэй залуус үл тоож байна. Мэдэхгүй байна. Герман, Орос хоёр хэчнээн сайн ч дайны үеийн киногоо гаргаад л байна. Германы төрийн тэргүүн ялалтын ойд нь оролцож л байдаг. Бид Японы ард түмэнтэй биш милитарист бодлого, харгис цэргийн хүчтэй нь байлдсан. Түүнийг хойч үедээ хэлж хэлж сануулж байх учиртай.

-Та бол Халх голыг сайн мэднэ дээ. Олон очсон уу?

-Найз нөхөд маань Халх голд ажиллаж л байлаа. Хилийн цэрэгт ч зөндөө олон найз нөхөд байлаа. Халх голоор зөндөө явсан даа.

-Олон шүлэг бичсэн үү?

-Би залуудаа С.Эрдэнэ гуай дээр хэдэн шүлгээ барьж очсон юм. 21-22-тойдоо билүү дээ. Тэгсэн “Чи чинь цэрэг, эх орны сэдвээр их бичдэг юм байна штээ. Наад муусайнуудаа “Улаан од” сонины Да.Дамдиндорж гэж хүнд аваачиж үзүүл” гэсэн. Тэгээд Байтагийн тухай, мөн Магсарын Жанчивын тухай “Ганц тохой ган утасны дууль” зэрэг хэдэн шүлэг маань “Улаан од” дээр гарсан. Тэр үед аль сонин ямар сэдвээр бичих вэ гэдэг нь чухал байлаа. “Улаан од” сонин цэрэг, эх орны сэдвээр шүлэг тавих их сонирхолтой байдаг. Цэргүүдийн эх оронч хүмүүжилд ч нөлөөтэй байсан байх. Миний залуугийн шүлгүүдэд цэрэг, эх орны сэдэвтэй нэлээд юм бий.

Г.Сонинбаяр

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1326
516 / 39%
420 / 32%
190 / 14%
200 / 15%