Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

​"Алтан гурвалжин-Хөгжлийн бүс" зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо боллоо

2018-05-22

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачилгаар “Алтан гурвалжин-Хөгжлийн бүс” зөвлөлдөх уулзалт 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотноо боллоо. Уулзалтын гол зорилго нь Улаанбаатар хотын төвлөрлийг задалж, хүний нөөц, ажиллах хүчний ашиглалтыг сайжруулах, эдийн засгийн болон захиргааны арга хэрэгслийг ашиглан Төвийн бүсэд зэрэгцэн орших Төв, Сэлэнгэ, Булган, Дархан, Эрдэнэт хотын хамтын ажиллагааны хүрээнд олон улсын хөгжлийн чиг хандлага, суурин газруудыг бүсчлэн хөгжүүлэх “Алтан гурвалжин” загвараар манлайлсан хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд оршжээ. Энэхүү зөвлөлдөх уулзалтад манай аймгаас Аймгийн Засаг дарга С.Насанбат, аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд нар оролцлоо. Улаанбаатар хотын хүн амын улсын дүнд эзлэх хувь 1990 онд 26 хувь байсан бол 2017 онд 47 хувь болж өссөн. Нийслэлийн Засаг даргын захирамжаар хүн амын шилжилт хөдөлгөөнийг 2017 оноос хязгаарлаж эхэлсэн нь үр дүнгээ өгч, жилд дунджаар 30 мянган хүн шилжиж ирдэг байсан бол 20 мянгаар буураад байна. Гэсэн хэдий ч нийслэлийн хүн амын өсөлтийн 56 хувийг хүн амын шилжилт хөдөлгөөн эзэлж, хүн амын нягтрал 286 байгаа нь улсын дунджаас 150 дахин өндөр үзүүлэлт бөгөөд энэхүү төвлөрлөөс үүдэлтэй агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл үүсэх, дэд бүтцийн ачаалал ихсэх, нийгмийн үйлчилгээний хүчин чадал зэрэг асуудлууд зохистой хэмжээнээсээ 2-3 дахин хэтэрсэн нь анхаарал татсан асуудал болоод байна. Иймд "Алтан гурвалжин-Хөгжлийн бүс" зөвлөлдөх уулзалтыг анх удаа төвийн бүсийн аймгуудын удирдлагуудыг хамруулсан явуулсан юм. Тус уулзалтаар аймаг бүр өөрсдийн нөөц бололцоо, орон нутгийн хөгжлийн танилцуулга, төсөл хөтөлбөрүүдийн талаар илтгэл тавьж харилцан санал солилцсон юм. Манай аймгийн тухайд Арьс ширний үйлдвэрүүдийг төвлөрүүлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжтой. Ингэснээр 25 мянган хүний ажлын байрны асуудал яригдахын зэрэгцээ арьс шир боловсруулалтаараа тэргүүлэгч үйлдвэрүүдийн түүхий эд ч төвөггүй нэмэгдэх, Эрдэм шинжилгээний зарим байгууллагуудыг Дарханд шилжүүлэн төвлөрүүлэх, “Дархан үйлдвэр технологийн парк”-ийн үйл ажиллагааг монгол улсын Засгийн газраас тусгайлан бодлогоор дэмжиж эрчимжүүлэх, МУИС, ХААИС, ШУТИС гэх мэт их, дээд сургуулиудын бүрэлдэхүүн, салбар сургуулиудыг шилжүүлэн төвлөрүүлэх давуу талууд байгааг аймгийн Засаг дарга С.Насанбат илтгэлийнхээ үеэр онцолсон юм. Монгол улсын Засгийн газраас дархан-Уул аймгийг аж үйлдвэр, хөдөө аж ахуй тэр дэндээ газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй хосолсон бүс нутаг болгон хөгжүүлэх бодлогыг барьж байгаа. Тиймээс энэхүү бодлогын хүрээнд дээрх саналуудыг дэвшүүлсэн юм. Харин Сэлэнгэ аймаг Улаанбаатар хотыг төмс, хүнсний ногоогоор 100 хувь хангах бодлогыг барих бол Орхон аймаг хөгжлийн шинэ бодлого, төлөвлөлт хийж Шинэ хороолол барих, сургууль цэцэрлэгийн хүртээмж нэмэгдүүлэх, Эрдэнэт үйлдвэртээ түшиглэсэн уул уурхайн болон Шинжлэх ухаан технологийн сургуулиудыг хөгжүүлэх боломж байгаа талаар хэлж байлаа. “Алтан гурвалжин-Хөгжлийн бүс” зөвлөлдөх уулзалтад Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Амарсайхан оролцож “Улаанбаатар хотод өнөөдөр тулгамдаж байгаа асуудал их. Өнөө, маргаашаа аргацаасан бодлогоор хотоо хөгжүүлэх биш шинэ хөгжлийн төлөвлөлт гаргах нь нэн чухал” гэдгийг энэ үеэр төвийн бүсийн аймгуудын удирдлагуудад сонордууллаа. Нийслэл хотын хөгжлийн амин чухал асуудал болсон төвлөрөл, түгжрэл, агаар орчны бохирдлыг бууруулах, шинэ төлөвлөлтийг оновчтой хэрэгжүүлэхэд “Хөгжлийн алтан гурвалжин бодлого” үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд уулзалтын үеэр хэлж байсан юм. “Аливаа ажлыг эхлүүлж, зориглон хийхэд бэлтгэл ажил маш чухал. Төвийн бүс нутгийг хөгжүүлэх, тэр дундаа Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, оновчтой зохион байгуулалт, төлөвлөлт хийхэд Дархан, Эрдэнэт хот болон төмөр замын дагуух бүс нутгуудын харилцаа, хамтын ажиллагаа чухал юм. “Хөгжлийн алтан гурвалжин”-д нэгдэж байгаа аймгууд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдтой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хэрэгжилтийг хангахад нийслэл, аймгуудын Тамгын газар анхааран ажиллах юм байна.Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг задлахын тулд хийх эхний алхам ийнхүү тавигдлаа. Төрөөс эдийн засгийн бодлогоор зангидаж нийгмийн хөгжлөөр удирдах шаардлагатай аймаг хотуудтай санамж бичиг байгуулан зөвлөлдөх уулзалтыг амжилттай зохион байгууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1560
617 / 40%
491 / 31%
219 / 14%
233 / 15%