Монгол Улсын Засгийн газар
2017 үйл ажиллагааны үр дүнг үнэлж, бусдаасаа өндөр үнэлгээ авсан гурван яам,
таван аймгийг шагнаж урамшууллаа. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны
хөтөлбөрийн хэрэгжилт, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх
үндсэн чиглэлийн биелэлт, хууль тогтоомж, тогтоол шийдвэр, эдийн засаг,
нийгмийн хөгжлийн үзүүлэлт, шилэн данс, хэрэглэгчийн үнэлгээ зэрэг 11
үзүүлэлтээр яам, аймгуудын ажлыг дүгнэжээ.
Өндөр үнэлгээ авсан Хөдөлмөр,
нийгмийн хамгааллын яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Өмнөговь,
Дорнод, Орхон, Дархан-Уул аймаг болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газар тус
бүрт 10 сая төгрөгийн урамшуулал олголоо.
Монгол Улсын Ерөнхий сайд
У.Хүрэлсүх шилдэг яам, аймгийн удирдлагуудад шагнал гардуулж баяр хүргэж үг
хэлэхдээ,
- Засгийн газар 2018 оныг
“Хариуцлагын жил” болгон зарласантай холбогдуулан шагнал, хариуцлага хоёрыг
хамт ярих ёстой гэж үзэн хангалтгүй үнэлгээ авсан хоёр яам, хоёр аймгийн
холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцно гэлээ.
Засгийн газар 2017 онд эдийн
засгийг богино хугацаанд сэргээх, өсөлтийг бий болгох, хугацаа тулсан өр,
төлбөрийг барагдуулах, гадаадын хөрөнгө оруулалтыг сэргээх, банк, санхүүгийн
тогтолцоог эрүүлжүүлэх, ахмад настан, нийгмийн хамгаалал зайлшгүй шаардлагатай
иргэдэд төрийн халамж үзүүлэх, сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах зэрэг
асуудалд гол анхаарлаа хандуулан ажилласан бөгөөд манай улсын эдийн засагт олон
эерэг өөрчлөлтүүд гарлаа.
2018, 2019 он бол их бүтээн
байгуулалтын жил байх төдийгүй бидний иргэддээ амласан амлалтаа биелүүлэх чухал
цаг хугацаа юм. Иймд цаг алдалгүй томоохон бүтээн байгуулалтын ажлаа хийж айл
өрхийн амьдралд үр өгөөжийг нь хүргэх нь гол зорилго болж байна гэж
Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ.
Шилдэг яам, аймгийн шагналыг
Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Шадар сайд Ө.Энхтүвшин, Монгол Улсын сайд, Засгийн
газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар нар гардууллаа гэж Засгийн
газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.