Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Таны санхүүгийн мэдлэгт. Хөрөнгө оруулалт

2018-06-11

Таны санхүүгийн мэдлэгт. Хөрөнгө оруулалт

Хөрөнгө оруулалт гэдэг нь үр өгөөж хүртэнэ гэж итгэсний үндсэн дээр мөнгөө ирээдүйд ашиг, орлого авчрах зүйлд зарцуулахыг хэлнэ.

ӨГӨӨЖ

“Өгөөж” нь хөрөнгө оруулалтаас олох аливаа орлого буюу (жишээ нь, хувьцааны ногдол ашиг) тодорхой хугацаан дахь таны хөрөнгө оруулалтын үнэ цэнийн өөрчлөлтийг илэрхийлнэ. Өгөөж нь эерэг, эсвэл сөрөг байж болно.

Тухайлбал, дараах зүйлд хөрөнгө оруулж болно. Үүнд:

Өөрийн бизнес.
Компанийн хувьцаа.
Хөрөнгө оруулалтын сан.
Засгийн газрын ба компанийн бонд.
Үл хөдлөх хөрөнгө гэх мэт

Хэдэн төгрөгийн өгөөж хүртэх вэ?

Таны хөрөнгө оруулалт амжилттай байх баталгаа байхгүй. Таны хөрөнгө оруулалтын үнэ цэнэ нэмэгдэж, эсвэл буурч болно.

Компанийн хувьцааны хувьд та хэдэн төгрөгийн өгөөж хүртэх нь тухайн компанийн үйл ажиллагаа, гүйцэтгэл, эдийн засгийн ерөнхий нөхцөл байдлаас шалтгаална. Хөрөнгө оруулалтын сангийн хувьд ашиг орлого олох уу? Эсвэл мөнгөө алдах уу? гэдэг нь таны сонголт, тухайн сангийн үйл ажиллагааны гүйцэтгэл, эдийн засгийн ерөнхий нөхцөл байдлаас шалтгаална.

Хөрөнгө оруулахаас өмнө

Хөрөнгө оруулахаасаа өмнө та дараах зүйлсийн талаар тунгаан бодоорой. Үүнд:

Таны хөрөнгө оруулалтын зорилго;
Та ямар мөнгөөр хөрөнгө оруулалт хийх вэ?
Таны хүлээн зөвшөөрөх эрсдэлийн хэмжээ;
Ямар хугацаанд хөрөнгө оруулахыг хүсч байна вэ?
Хөрөнгө оруулалтын үйл явцад хир идэвхтэй оролцох хүсэлтэй байна вэ?
Таны хөрөнгө оруулалтын зорилго

Зорилго нь богино (1 - 3 жил), дунд (4 - 9 жил), урт хугацааны (10 ба түүнээс дээш жил) байж болно. Жишээлбэл, таны дараах зорилгоор хөрөнгө оруулах сонирхолтой байж болно. Үүнд:

Хоёроос гурван жилийн дараа орон сууц худалдан авахад зориулсан урьдчилгаа хөрөнгийг бүрдүүлэх;
Хүүхдээ 18 нас хүрэхэд их сургуулийн боловсрол олгох, сургалтын төлбөрийг төлөхөд ашиглах;
Тэтгэвэрт гарсны дараа орлогоор хангах тэтгэврийн сан бүрдүүлэх гэх мэт.

Та ямар мөнгөөр хөрөнгө оруулалт хийх вэ?

Та өөрийн хадгаламжийн мөнгөөр, эсвэл зээл авч хөрөнгө оруулалт хийж болно. Хадгаламжаасаа мөнгө авч хөрөнгө оруулалтад хийхдээ өмнө гэнэтийн яаралтай мөнгөний хэрэгцээ тулгарсан үед тухайлбал, эрүүл мэнд муудах, гэнэт ажилгүй болох зэрэг тохиолдолд хэрэглэх тодорхой хэмжээний мөнгийг үлдээх хэрэгтэй.

Хөрөнгө оруулахын тулд мөнгө зээлэхээсээ өмнө сайн бодоорой. Ашиг олох зорилгоор хөрөнгө оруулалт хийхийн тулд авсан зээлийн нийт зардлаас илүү их орлого олох шаардлагатай болно. Хэрэв хөрөнгө оруулалтаас олсон таны ашиг авсан зээлийн нийт зардлаас бага, эсвэл хөрөнгө оруулснаар алдагдалд орсон бол та хөрөнгө оруулсан мөнгөө алдах төдийгүй авсан зээлээ эргүүлэн төлж чадахгүй болно. Хөрөнгө оруулалт бүтэлгүй болсон ч та зээлийн хүү, шимтгэлийг төлсөөр байх болно.

Таны хүлээн зөвшөөрөх эрсдэлийн хэмжээ

“Эрсдэл” гэдэг үг нь таны хөрөнгө оруулалт үнэ цэнээ алдаж болох (эсвэл хамгийн муугаар илэрхийлэхэд та бүх мөнгөө алдаж болох) магадлалыг илэрхийлдэг. “Огт эрсдэлгүй” хөрөнгө оруулалт байдаггүй. Та хөрөнгө оруулсан л бол тодорхой хэмжээний эрсдэл байна. Эрсдэлийн хэмжээ хөрөнгө оруулалтын төрлөөс шалтгаалан янз бүр байдаг.

Эрсдэл ихтэй зарим хөрөнгө оруулалтын өгөөж их байдаг ч та бүх, эсвэл ихэнх мөнгөө алдах магадлал бий. Эрсдэл багатай хөрөнгө оруулалтын хувьд та мөнгөө алдах эрсдэл бага байдаг боловч өгөөж нь эрсдэл ихтэй хөрөнгө оруулалтын өгөөжөөс бага байдаг.

Эрсдэлийн талаар та ямар хандлагыг баримталдагаа бодоорой. Хэдийгээр бага ашиг, орлоготой ч мөнгөө найдвартай хадгалж хуримтлуулахыг чухалчилдаг уу? Эсвэл хөрөнгөө алдах эрсдэлтэй ч илүү ашиг орлого олох зүйлд хөрөнгө оруулалт хийх үү? Аль болох эрсдэл багатай зүйлд хөрөнгө оруулах хэрэгтэй. Учир нь эрсдэл ихтэй хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд бүх мөнгөө, эсвэл оруулсан хөрөнгийнхөө тодорхой хувийг алдах магадлал өндөртэй байдаг.

САНАМЖ

Таны хөрөнгө оруулалтын үнэ цэнэ өөрчлөгдсөний улмаас оруулсан хөрөнгөөсөө бага мөнгө буцаан авч болно.

Ямар хугацааны хөрөнгө оруулалт хийхийг хүсч байна вэ?

Ямар хугацаанд мөнгөө эргүүлэн авах хүсэлтэй байгаагаа бодоорой. Тухайлбал:

Хэрэв та 2-3 жилийн дараа орон байр худалдан авахаар урьдчилгаа төлбөрт мөнгө хуримтлуулж байгаа бол хөрөнгө оруулалтын үнэ цэнэ өөрчлөгдөж болох тул та мөнгөө Хадгаламжид [Хадгаламж] хийсэн нь илүү дээр сонголт болно.
Харин та 25 жилийн дараа ашиглах тэтгэвэрт зориулан мөнгө хуримтлуулж байгаа бол хөрөнгө оруулалтын үнэ цэнэ богино хугацаанд буурах талаар санаа зовохгүй байж болох бөгөөд та зөвхөн урт хугацаанд анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Урт хугацаанд таны хөрөнгө оруулалт хадгаламжаас илүү их өгөөжийг авчрах магадлал өндөр байна.
Хөрөнгө оруулалтын үйл явцад хэр идэвхтэй оролцох хүсэлтэй байна вэ?

Хэрэв та практик үйл ажиллагаанд илүү оролцож, идэвхтэй хөрөнгө оруулагч байхыг хүсдэг, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах дуртай бол аль нэг компанийн хувьцаа, [Хувьцаа] ба/эсвэл бонд [Бонд] худалдан авах талаар бодож үзээрэй. Гэхдээ түүнтэй холбоотой эрсдэлийг бүрэн ойлгосон байвал зохино.

Хэрэв та практик үйл ажиллагаанд оролцож идэвхтэй хөрөнгө оруулагч байх цаг завгүй, эсвэл таны хөрөнгө оруулах мөнгөний хэмжээ бага бол хөрөнгө оруулалтын санд [Хөрөнгө оруулалтын сан], тухайлбал, итгэлцлийн болон хөрөнгө оруулалтын итгэлцлийн санд хөрөнгө оруулбал илүү тохиромжтой. Ингэснээр, таны хөрөнгө оруулалтыг өөр олон хөрөнгө оруулагчдын мөнгөтэй нийлүүлж нэг том сангаас илүү өргөн цар хүрээтэй хөрөнгө оруулалт худалдан авахад ашиглана.

Танд ямар төрлийн хөрөнгө оруулалт хэрэгтэй, эсвэл ямар хөрөнгө оруулалтын санг сонгохоо мэдэхгүй эргэлзэж байгаа бол санхүүгийн мэргэжлийн зөвлөгөө [Санхүүгийн мэргэжлийн зөвлөгөө] авч болно.

Хөрөнгө оруулалтын сонголт хийх

Хөрөнгө оруулалтын зорилго, эрсдэлийн талаарх өөрийн хандлага, ямар хугацаанд хөрөнгө оруулах болон хөрөнгө оруулалтын үйл явцад хир идэвхтэй оролцох хүсэлтэй байгаа зэргээ шийдсэн бол та дараах алхмыг хийх хэрэгтэй. Үүнд:

Хөрөнгө оруулалтын төлөвлөгөө гаргах. Та мөнгөө олон төрлийн хөрөнгө оруулалтад тараан байрлуулах, таны зорилго, хэрэгцээнд нийцсэн бодитой төлөвлөгөө гаргах хэрэгтэй.
Хөрөнгө оруулалтаа сонгох. Таны зорилго, төлөвлөгөөнд тохирох хөрөнгө оруулалтыг сонгох. Танд ямар төрлийн хөрөнгө оруулалт (хувьцаа, бонд ба/эсвэл үл хөдлөх хөрөнгийн) тохиромжтойг бодох нь чухал. Түүнчлэн шууд хөрөнгө оруулах уу? Хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулах уу? гэдгийг шийдэх нь зүйтэй.
Хөрөнгө оруулалтын залилан, луйвраас зайлсхийх. “Хурдан баяжих” хөрөнгө оруулалтын боломж гэсэн үгэнд бүү хууртаарай. Энэ нь луйвар байх магадлал өндөр бөгөөд та өөрийн бүх, эсвэл тодорхой хэмжээний мөнгөө алдахад ч хүргэж болзошгүй.

Бүх өндгөө нэг сагсанд бүү хий

Бүх өндгөө нэг сагсанд бүү хий. Өөрөөр хэлбэл, янз бүрийн салбарт хөрөнгө оруулалтын өөр өөр төрөлд мөнгөө тараан хуваарилах замаар хөрөнгө оруулах буюу мөнгөө нэг ижил чиглэлд хөрөнгө оруулахгүй байх нь зүйтэй. Үүнийг төрөлжүүлэх гэнэ. Төрөлжүүлэлтийн гол зорилго нь зарим хөрөнгө оруулалтаас хүлээсэн алдагдлыг амжилттай хөрөнгө оруулалтын ашиг, орлогоор нөхөх боломжийг бүрдүүлэхэд оршино. Өөрөөр хэлбэл, эрсдэл ихтэй болон багатай хөрөнгө оруулалтын тэнцвэрийг хангах сайн арга юм.

Хувьцаанд хөрөнгө оруулж байгаа бол, зөвхөн нэг компанийн хувьцааг худалдан авахын оронд өөр, өөр салбарт үйл ажиллагаа явуулж буй олон компанийн хувьцааг худалдан авах нь зүйтэй. Түүнчлэн хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулах замаар хөрөнгө оруулалтаа төрөлжүүлж болно. Энэ нь төрөл бүрийн “хөрөнгийн ангиллаас” сонгож өөрийн эрсдэлийг хуваарилах арга зам юм. Жишээ нь, бэлэн мөнгө, хувьцаа, бонд, үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулдаг хөрөнгө оруулалтын сангуудаас холимог байдлаар сонгох, эсвэл хөрөнгийн эдгээр олон төрлийн ангилалд хөрөнгө оруулдаг хэд хэдэн хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулах гэм мэт.

Нэг ижил төрлийн хувьцаанд (жишээ нь, зөвхөн барилгын компаниудын хувьцаанд) голчлон хөрөнгө оруулахаас зайлсхийх нь зүйтэй. Хэрэв ижил төрлийн хувьцаанд хөрөнгө оруулбал нэг хөрөнгө оруулалт амжилтгүй болоход ижил төрлийн бусад хувьцааны хөрөнгө оруулалт мөн амжилтгүй байх хандлагатай байдаг.

Худалдаж авахаасаа өмнө борлуулах тухай бод

Зарим төрлийн хөрөнгө оруулалтыг түргэн, эсвэл ерөнийдөө зарж борлуулахад хэцүү байдаг. Хөрөнгө оруулах эсэхээ шийдэхдээ эхлээд хожим нь түүнийг зарж борлуулахад хялбар эсэх талаар судалж мэдэх нь чухал.

Хөрөнгө оруулахын зэрэгцээ хуримтлуул

Хуримтлуулсан бүх мөнгөө хөрөнгө оруулалтад зарцуулалгүйгээр зарим мөнгөө хадгалах нь чухал. Танд гэнэт мөнгөний хэрэгцээ гарвал, жишээ нь, та ажилгүй болох, машинаа засах шаардлагатай болох зэрэг гэнэт мөнгөний хэрэгцээ гарсан тохиолдолд хөрөнгө оруулалтын хэрэгслийг хурдан зарж чадахгүй байх магадлалтай. Мөн таны хөрөнгө оруулалтын үнэ цэнэ тухайн үед буурсан байж болно. Энэ тохиолдолд та анх хөрөнгө оруулсан мөнгөө алдахад хүрч болзошгүй. Иймд, мөнгөний хэрэгцээ гарахад богино хугацаанд санхүүгийн бага алдагдалтай, эсвэл алдагдалгүйгээр мөнгө олох боломжийг бүрдүүлдэг хадгаламжид тодорхой хэмжээний мөнгө байршуулах хэрэгтэй.

Хөрөнгө оруулалтаа хянах

Таны хөрөнгө оруулалт зорилгод тань нийцэж буй эсэхийг тогтмол хянаж байх нь зүйтэй. Зарим сонин, цахим хуудсанд хувьцаа болон хөрөнгө оруулалтын сангуудын үнийн талаар мэдээлдэг. Эдгээрийг ашиглан таны хөрөнгө оруулалт хир амжилттай байгааг хянах боломжтой.

Таны хөрөнгө оруулалтын үнэ цэнэ буурахад (нэмэгдэхэд – заримдаа амжилттай сайн хөрөнгө оруулалт гэдэг нь тодорхой харагддаг) бэлтгэлтэй байгаарай. Гэвч үнийн гэнэтийн өөрчлөлтийн улмаас яарч шийдвэр гаргах хэрэггүй. Хэрэв та урт хугацааны хөрөнгө оруулалт хийсэн бол зах зээлийн өөрчлөлтийг мэдэрч, тухайн нөхцөлд тохирсон зөв шийдвэр гаргаж байх нь чухал.

Урт хугацааны хөрөнгө оруулалтын зорилго болон ирээдүйн талаарх төсөөлөлдөө тулгуурлан хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд тохиолдсон зүйлд тулгуурлан шийдвэр гаргаж болохгүй. (жишээ нь, таны хөрөнгө оруулалтын үнэ цэнэ өнгөрсөн хугацаанд 20% буурсан нь ирээдүйд таны хөрөнгө оруулалтын үнэ цэнэ буурна гэсэн үг биш).

Баримт бичгийг найдвартай газарт хадгалах

Тухайн хөрөнгө оруулалтад төлсөн үнэ, шимтгэл, татварын тухай бүхий л мэдээллийг хөрөнгө оруулалтын төрөл тус бүрээр хадгалах нь чухал. Эдгээр тайлан, мэдээллийг татварын хөнгөлөлт эдлэх баримт бичиг бүрдүүлэх гэх мэт шаардлагатай үед олоход хялбар, найдвартай газарт хадгалаарай.

Санхүүгийн мэргэжлийн зөвлөгөө

Хөрөнгө оруулалтын хэрэгслийг худалдан авах, худалдахдаа, ялангуяа их хэмжээний, эрсдэлтэй, эсвэл ер бусын өвөрмөц хөрөнгө оруулалтын хувьд санхүүгийн мэргэжлийн зөвлөгөө аваарай. Санхүүгийн зөв зохистой зөвлөгөө авснаар та зорилгоо бодитой тодорхойлох, эрсдэлийн талаар мэдлэг, ойлголттой болно. Мөн санхүүгийн мэргэжлийн зөвлөгөө нь таны эрсдэлд хандах хандлагаас шалтгаалан зорилгодоо хүрэхэд тань тусалж чадахуйц хөрөнгө оруулалтыг сонгоход тусална. Түүнчлэн хөрөнгө оруулалтын талаар алдаатай шийдвэр гаргахаас зайлсхийхэд санхүүгийн сайн зөвлөгөө танд тусална.
Санхүүгийн зөвлөгөө авах шийдвэр гаргахаас өмнө үйлчилгээний хөлс болон бусад төлбөрийн талаар асууж мэдээрэй.

Шимтгэл, суутгалыг шалгах

Хувь хүний эзэмшлийн хувьцаа худалдан авах эсвэл зарах гэж байгаа бол та хөрөнгийн биржийн брокерт хандаж холбогдох арилжааны төлбөрийг төлж арилжаалах хэрэгтэй болно. Хэрэв хөрөнгө оруулалтын сан худалдан авах эсвэл худалдах гэж байгаа бол сангийн менежерт төлбөр төлөх гэх мэт тодорхой төлбөр төлөх хэрэгтэй болдог. Санхүүгийн зөвлөгөө авах хүсэлтэй байгаа бол санхүүгийн зөвлөхийн үйлчилгээний хөлсийг төлнө.

Санхүүгийн байгууллага тус бүрийн шимтгэл хураамжууд нь өөр байдаг. Иймд та өөрийн төлөх нийт төлбөрийн талаар тодорхой мэдээлэлтэй болохын тулд харьцах гэж буй санхүүгийн байгууллагаа холбогдох бүх шимтгэл, үйлчилгээний төлбөрийн талаар тодорхой тайлбарлахыг хүсээрэй. Жишээ нь, аливаа хөрөнгө оруулалтыг худалдан авах эсвэл худалдах шийдвэр гаргахаасаа өмнө холбогдох хичнээн хэмжээний шимтгэл, суутгал эсвэл бусад зардлуудыг төлөх ёстойг тодруулж шалгаарай.

Хураамж өндөр байх нь заримдаа чанар сайтайг илтгэдэг. Гэвч та төлсөн хураамжтай дүйцэхүйц чанартай үйлчилгээ авч чадах эсэх, өөр газар бага төлөөд адил чанартай үйлчилгээ авч чадах эсэхээ бодож нягтлаарай.

http://www.sankhuugiinbolovsrol.mn/Guides/9#collapse4

No automatic alt text available.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1349
525 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%