Найрамдлаар
овоглосон Дархан хот нийтдээ 580 гаруй км замтай. Үүнээс 89 км зам нь асфальт
бетонон хучилттай бөгөөд 22 км зам нь сайжруулсан шороон зам юм байна. Үлдсэн
470 орчим км зам нь байгалийн шороон зам. Өнөө жил Дархан сумын хэмжээнд 4500
орчим метр квадрат замын нөхөөсний ажлыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр
оруулалтаар хийж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар ажил 80 хувьтай явагдаж
байна. Төсвийн болон орон нутгийн хөрөнгөөр замын нөхөөсний ажлыг хийхээс гадна
Дархан-Уул аймгийн “Дархан дулааны цахилгаан станц” ТӨХК, “Дархан Азза” ТӨХК,
“ОДНД” ХХК хамтран нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Анагаахын уулзвар, Их
сургуулийн гудамжны 200 орчим метр квадрат замыг нөхөж байна. Зам дагаж хөгжил
ирнэ гэдэгчлэн Дарханчууд улс, аймгийн төсвийн хөрөнгөөр замаа засахаас гадна
байгууллагууд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд энэ мэтчилэн замаа нөхөж байна.
Дан ганц зам нөхөхөөс гадна байгууллагууд өөрийн эзэмшлийн 50 метр орчмын
газраа тохижуулж хотынхоо өнгө үзэмжийг сайжруулахад анхаарч эхэлжээ. Ийнхүү
хамтын хүчээр төр, хувийн хэвшил гэлтгүй нэгдэн хотынхоо хөгжил цэцэглэлтэд хувь
нэмрээ оруулсаар байна.