Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Б.Лхагвасүрэн: Хэрэглээний зээлийг хязгаарлах зүй ёсны шаардлага бий

2019-01-21

Б.Лхагвасүрэн: Хэрэглээний зээлийг хязгаарлах зүй ёсны шаардлага бий

Огноо: 2019/01/14

Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй ярилцлаа.

-Мөнгөний бодлого, Монголбанкны ерөнхийлөгчийн оны өмнөхөн хийсэн мэдэгдлээс төв банк энэ онд валютын нөөцийг өсгөхөд анхаарна гэсэн утга уншигдаж байна. УИХ алтны татварын хөнгөлөлтийг үргэлжлүүлэхгүй байх магадлал өндөр болчихлоо. Тэгэхээр доллар худалдаж авахаас өөр гарц үлдэхгүй нь гэж ойлгож болох уу?

-Эхлээд нөөцийг яагаад өсгөөд байгаа тухай тайлбарлая. ҮАБЗ-ийн үзэл баримтлалд улс аюулгүй, бие даасан, баталгаатай оршихын тулд тодорхой хэмжээний валютын нөөцтэй байх ёстой, тэр нөөцийн хэмжээ нь улсын жилийн импортыг хангахаар хэмжээний байх ёстой гээд заачихсан. Жилийн импортын нөөц гэдэг өнөөдрөөр яривал дөрвөн тэрбум гаруй ам.доллар. Эдийн засаг томорч байгаа учраас цааш өсөх хандлагатай. Ер нь зургаан тэрбум орчим байхад тогтвортой өсөлтийг хангана. 2018 оны сүүлийн тоогоор валютын нөөц 3.5 тэрбум ам.доллар байна. Өнөөдрийн импорттой харьцуулбал 6-8 сарын нөөц. Жилийн нөөцтэй болохын тулд цаашид хуримтлуулах шаардлага бий. Валютын 3.5 тэрбум ам.долларын нөөц бол сүүлийн зургаан жилийн дээд хэмжээ. Эх үүсвэр нь хаанаас вэ гэдгийг задалж ярья. Нэгдүгээрт, экспорт дажгүй байна. Нүүрсний экспорт хэвийн үргэлжилбэл валютын нөөцөд эерэгээр нөлөөлнө. Валютын нөөц бүрдүүлэх өөр нэг хэрэгсэл нь алт. Хуулиараа алт худалдаж авч, экспортлох онцгой эрх ганцхан Монголбанкинд бий. Тогтвортой байдлын гэрээ байгуулсан Оюу толгой гэх мэт компанийн хувьд өөр л дөө. Бусад уурхайн алт арилжааны банкаар дамжиж манайд ирдэг. Төв банк авсан алтаа дэлхийн зах зээлийн үнээр зардаг. Өнгөрсөн жил худалдаж авсан алтаа зараад 700 гаруй сая ам.долларын валютын эх үүсвэр бүрдүүлсэн. ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд түрүү жил 850 сая ам.доллар орж ирэх тохиролцоотой байсан ч 300 гаруй сая ам.доллар орж ирсэн.

-Хагас тэрбум ам.доллар орж ирээгүй байгаа шалтгаан нь юу вэ?

-Засгийн газраас ОУВС-гийн өмнө тодорхой хэмжээний үүрэг авчихсан байгаа. Монголбанкны хувьд ч гэсэн банк санхүүгийн системийг сайжруулна, чадавхжуулна гэсэн үүрэг авсан. Авсан үүргүүд дотроос зарим нэгэн дээр нь хугацаа хожимдсон тал бий. Дэлхийн банк тэтгэврийн насыг төд болго, татварын ялгаатай бодлого явуул гэсэн үүрэг өгсөн. Тэр болзлыг нь биелүүлэхдээ сонголттой болгочихоод байгаа. Тэгэхээр нөгөө тал “Та бүхний шийдлийг харж судалъя. Тавьсан нөхцөлийн дагуу хийсэн эсэхийг шалгая” гээд үнэлгээ өгөх хугацаагаа хойшлуулаад байна л даа. Японы Засгийн газраас орж ирэх мөнгө бас хойшилж байна. Японы Засгийн газартай хэлэлцээ хийж байгаа. Гэхдээ хөтөлбөрийн хүрээнээс гадна давхар нэг нөхцөл гарч ирсэн. Шинэ онгоцны буудлын менежмэнттэй холбоотой асуудал гарсан. Японы санхүүжилтээр онгоцны буудлаа барьсан ч яг ажиллуулахдаа тулахаар хэн нь менежмэнтийг авах тухай яриа үүссэн юм билээ. Шинэ нисэх буудлыг 51:49 хувийн харьцаатайгаар тодорхой хугацаагаар Япон талаар удирдуулаад, дараа нь Монголд шилжүүлж авах нөхцөлүүд тохирч байгаа мэдээлэл дуулдсан.

-Валютын нөөцийг алтнаас бүрдүүлнэ гэсэн тайлбарыг төв банкнаас өгч байгаа. Алтны татварын хөнгөлөлтийн хугацааг УИХ сунгахгүй бол эрсдэл үүсч таарна. Тийм нөхцөл үүсвэл төв банкинд зах зээлээс доллар худалдаж авахаас өөр зам бий юу?

-Манайхаас алтны татварын хөнгөлөлтийг наад зах нь хоёр, гурван жил сунгаад өгөөч, тэгвэл тогтолцоо маань тун ойлгомжтой болно гэсэн байр суурьтай байгаа. Төсөвт алтнаас гэхэд л 50 тэрбум төгрөг жил бүр орж байна. Одоогийнх шиг жил бүр 20 тонн алт тушаагдаж, татварын орчин энэ хэвээр байвал шүү дээ. Хэрвээ татварын хөнгөлөлтийн хугацааг сунгахгүй бол ийм хэмжээний алт тушаагдах уу гэсэн асуудал гарч ирнэ. Өмнө нь жилд хориод тонн алт худалдан авч байгаад 68 хувийн татвар тавьснаас хойш хоёр тонн хүрч буурсан түүх бий. Хэрвээ татварын хөнгөлөлт үргэлжлэхгүй бол төсөвт алтны салбараас татвар нь орж ирж болох ч олборлосон бүх алт Монголбанкинд тушаагдахгүй байх эрсдэлтэй. Төв банкинд тушаах алтны хэмжээ буух хэрээр төсөвт орж ирэх татвар багасна гэсэн эрсдэл бас бий. Хэрвээ ийм эрсдэл гарвал төв банкнаас улсын хэмжээнд экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхэд анхаарна. Уул уурхайн бус салбарын экспортыг дэмжинэ.

-Яаж дэмжих вэ, тодорхой гарц шийдэл байна уу?

-Гадаад худалдааны бодлого тодорхой хэмжээнд алдагдсан. Манай улс ганцхан оронтой чөлөөт худалдааны хэлэлцээртэй. Тэр нь Япон. Япон руу их хэмжээний бүтээгдэхүүн экспортолно гэж хэлэлцээр байгуулсан ч үр дүн нь эсрэгээрээ байгаа. Харин ч гадаад худалдааны алдагдал хамгийн өндөр улс нь Япон байна. Тэр утгаараа бодлогоо зөв болгох шаардлага бий. Гадаад худалдаа санхүүгийн салбараар л урагшилдаг. Тодруулж хэлбэл худалдааны санхүүжилтгүйгээр хөгжих боломжгүй салбар. Банкууд харилцан баталгаа гаргаж байж худалдаа чөлөөтэй явдаг. Тийм учраас худалдааны санхүүжилтэд нэлээд сайн оролцож дэмжих хэрэгтэй гэж харж байна.

-Зээлийн олдоц бага гэсэн бэрхшээл аж ахуйн нэгжүүдэд байгаа юм биш үү?

-Банк санхүүгийн салбарт бүрэн оношлогоо хийлгэх үеэр тийм асуудал байсан л даа. Оношлогооны дараа банкуудад өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх үүрэг өгсөн. Банкны нийт системд ДНБ-ий 1.9 хувьтай тэнцэх буюу 500 гаруй тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгийн нэмэлт шаардлага байна гэсэн дүгнэлт гарсан юм. Гэхдээ зарим банк хангалттай нөөцтэй гэж гарсан. Өөрийн хөрөнгийн дутагдалтай банкуудад хөрөнгөө нэм гэсэн үүрэг өгсөн, биелэлт нь хангалттай гарлаа. Өөрөөр хэлбэл банкууд эрүүл болсон учраас үйл ажиллагаа нь хэвийн явна гэж харж байна.

-Та экспортыг дэмжих тал дээр тодорхой гарц хэлсэнгүй?

-Экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компанид валютын зээл олгосон бол эрсдэлийг нь өндрөөр үнэлж дарамт үзүүлэхгүй гэсэн бодлого барьж байгаа. Бодлогын хувьд дэмждэг байгууллага хэрэгтэй гэж харж байна. Өндөр хөгжилтэй улсууд ч экспортоо дэмжсэн байгууллагатай. Жишээ нь, Германд “Хермес” гэж байгууллага бий. Экспорт хийдэг компаниудынхаа санхүүгийн бүх үйлчилгээг даатгадаг. Ийм дэд бүтэц байх ёстой. Тэр байгууллага нь төрийнх үү, хувийнх байх уу гэдэг асуудал бий. Мэдээж эхний ээлжинд төрийн байсан нь зөв. Дэлхийн жишиг нь ч тийм. Өөрөөр хэлбэл уул уурхайн бус салбарын экспортыг дэмжсэн санхүүгийн дэд бүтцийг бий болгох хэрэгтэй.

-Хэрэгжлээ гэхэд хугацаа орохоор шийдэл санагдаж байна. Ойрхон хэрэгжих боломжтой ямар дэмжлэг байна?

-Хөгжлийн банкаар дамжуулж дэмжих гарц бий. Яриа хөөрөө эхэлсэн. Монголбанк оны өмнө нь шилдэг 200 экспортлогч аж ахуйн нэгжийн саналыг сонсохоор урилга хүргүүлсэн юм. 40, 50-иад аж ахуйн нэгжийн төлөөлөл ирсэн. Одоо дахиад урих гэж байна. Саналыг нь сонсоод шийдлээ гаргана. Хамгийн гол нь Монголбанкинд бага хүүтэй санхүүжилт гаргах боломж байхгүй. Төв банкийг тодорхой нэг салбар, тодорхой нэг аж ахуйн нэгжийг дэмжихийг хуулиараа хорьчихсон. Тийм учраас макро эдийн засгийн үүднээс харж, бүгдэд нь тэгш хандсан байдлаар харилцахаас аргагүй.

-Эдийн засгийн суурь нөхцөл сайн гэсэн хэрнээ ам.долларын ханш өссөөр байна. Шалтгаан нь юундаа байна вэ?

-Бид байр сууриа тодорхой хэлсээр ирсэн. Валютын нөөц сүүлийн зургаан жилийн дээд хэмжээндээ хүрсэн хэр нь ханш өгсөөд байна. Хүлээлт өөр байна л даа. Төгрөгт итгэх итгэл алдарч доллар руу хандаж байгаа нь улс төрийн тогтворгүй байдалтай холбоотой. Хоёрдугаарт, доллар чангарах дэлхийн хандлага бий. АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ таван ч удаа өсгөчихлөө. Энэ онд ахиад хоёр удаа өсгөнө гэчихлээ. 2020 онд нэг удаа өсгөнө гэж мэдэгдээд байна. Ингэж өсгөх хэрээр АНУ-д хөрөнгө оруулах сонирхол ихэснэ гэсэн үг. Дэлхийн улс орнуудад байгаа доллар эргээд АНУ руу чиглэх урсгал идэвхжинэ гэж ойлгож болно.

-Америкийн хувьд бодлогын хүүгээ өсгөх нь тодорхой байсан. Байдал хэтээсээ ойлгомжтой байхад ийм тайлбар хийгээд суухаар хүлээлтийг улам өдөөх сөрөг талтай юм биш үү. Төв банкнаас өөр арга хэрэгсэл эрж хайх ёстой байх аа?

-Бид зүгээр суухгүй байгаа. Хамгийн сүүлд арваннэгдүгээр сард Мөнгөний бодлогын хорооны хурлаа ээлжит бусаар зарлаж төгрөгөө хамгаалах зорилгоор бодлогын хүүг нэг хувиар өсгөсөн. АНУ-ын бодлогын үр дүн хоёр янзаар гарч ирнэ. Доллар нь эргэж орж ирж байна, эдийн засагт нь мөнгө нь цугларч эхэлсэн гэх мэт давуу тал бий. Гэхдээ бас сөрөг тал ч байгаа. Бодлогын хүү гэдэг чинь мөнгөний захад үйлчилдэг. Гэтэл нөгөө талд хөрөнгийн зах гэж байна. Өөрөөр хэлбэл бодлогын хүү өсөхөөр үнэт цаас руу очих мөнгө багасчихдаг. Тийм учраас АНУ-ын бүх биржүүдийн индекс уналттай яваа. Сүүлийн үед нэлээд унаж байгаа. Үүнээс болж дотооддоо маргаан яриа үүсгээд эхэлчихсэн.

-Бодлогын хүү өсгөх нэг талаар төгрөгөө хамгаалсан алхам байж болох ч нөгөө талд зээлийн хүү өсөх эрсдэл байгаа шүү дээ...?

-Зээлийн хүү өсөх эрсдэл байгааг үгүйсгэхгүй. Бодит эдийн засгийн секторт ачаалал нэмэгдэж эхэлнэ. Монголбанкны хувьд зээлийн хүүг бууруулах бодлого хэрэгжүүлсний үр дүнд хоёр хувиар буулгаж чадсан. Ингээд явж байтал нөхцөл байдал өөрчлөгдлөө. Хүүгийн бууралтыг зогсоохоос аргагүй шалтгаан гараад ирчихлээ л дээ.

-Сангийн яам төсвийн орлогыг хэт өөдрөг төсөөлсөн. Тэр утгаараа өнөө жил төсвийн алдагдал өндөр гарч мэдэх эрсдэл бий гэж эдийн засагчид хэлж байна. Төсөв боловсруулахад бодлогын нөлөөлөл үзүүлэх боломж Монголбанкинд байдаггүй юм уу?

-Байхгүй. Угаасаа тусдаа байгууллага.

-Гэхдээ бодлогоо холбож хослуулж, уялдуулж ажиллахаас аргагүй байгууллагууд биз дээ?

-Таны асуултад хариулахын тулд Валютын санг шүүмжлэхээс аргагүй нөхцөл үүсч байна л даа. Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд Монголбанкны үзүүлэлт, Засгийн газар, төсвийн үзүүлэлтүүд ямар байх вэ гэдэг дээр тохироо хийгээд явж байна. Ингээд явж байтал төсөв 5.6 хувийн алдагдалтай, есөн их наядын орлого, 11 их наядын зардалтай гэх мэт бүх тоогоо валютын сантай тохирч байгаа. Ингэж тохироод орж ирж байгаа нөхцөлд нөлөөлөх боломж байхгүй. Төсөв тэлсэн ийм үед мөнгөний хатуу бодлого барих ёстой гэсэн сонголт л бидэнд үлдэж байна. Тэгэхээр төсөв, мөнгөний бодлогыг нийцүүлж уялдуулж байна гэжойлгож болно.

-Валютын сангийн хөтөлбөрийн хувьд асуух нэг зүйл байна. Бид тэднээс хүүтэй мөнгө авч байгаа. Хөтөлбөр хэрэгжсэнээр ядаж л төсвийн сахилга бат сайжирна гэсэн хүлээлт байсан ч тэгсэнгүй. Тэгэхээр хөтөлбөрийн өгөөж гэж ер нь байна уу?

-Хөтөлбөр хэрэгжсэнээс хойш төсвийн алдагдал буурсаар яваа. Энэ оны төсвийн зарлага ч буурсан дүнтэй байгаа.

-Цаасан дээр бичсэн тоогоор бол тийм л дээ, зарлага багассан харагдаж байгаа. Гэхдээ орлогоо өөдрөгөөр төсөөлчихсөн учраас зардал нь өсч таарна шүү дээ?

-Олон улсын шинжээчид “2008 онд болсон дэлхийн санхүүгийн хямралаас хойш арван жил болчихжээ, хямрал давтагдаж магадгүй” гээд байна л даа. Циклд хэр бэлдэж байгаа тухай яриа дэлхийн улс орнуудын түвшинд яригдаад эхэлчихсэн. Бид ч гэсэн 2019 оныг хүнд гэж хараад бэлтгэлээ хийжбайгаа. Хэдийгээр хүндрэл, асуудал бий ч манай улсын эдийн засаг 6.3 хувь өсчихлөө. Эдийн засгийн өсөлт энэ онд долоон хувь руу ойртчих байх. Ийм төсөөллийг хангах ажил нь бидэнд ирж байна. Том төсөв байна гэж та сая хэллээ. Тэр утгаараа эдийн засгаа дэмжиж таарна. Гэхдээ цаашид хурдыг нь хэт нэмж савлуулахгүйгээр зогсоох, тогтворжуулах тал дээр нь ажиллах үүрэг төв банкинд байна.

-Төв банкнаас хамаарахгүй эрсдэл байна уу, энэ онд?

-Жишээ нь, нефтийн зах зээл биднээс хамаарахгүй. Ганц газраас авдаг гэсэн сул тал бий. Хоёрдугаарт, хөрөнгө оруулалтын орчин. Улс төр тогтворгүй байвал байдал хэцүүдэх эрсдэлтэй. Гурав дахь эрсдэл бол экспорт. Уул уурхай гол хувийг эзэлдэг. Уул уурхайн экспорт нь ганцхан зах зээлээс хамааралтай. Өнгөрсөн жилийн нүүрсний зах зээл шиг хил боомтон дээр гацаа гарвал хэцүү.

-Энэ онд түүхий эдийн үнэ ямаршуу байх нь вэ?

-Дажгүй. Нүүрс өнөөдрийн үнэ дээрээ тогтвортой байна гэсэн таамаг гарсан. Зэсийн үнэ өснө гэж байна. 2021, 2022 оноос эрэлт нь нийлүүлэлтээсээ давна гэсэн өөдрөг таамаг энэ зах зээлд бий. Тэгэхээр зэсийн зах зээл маш эерэг байгаа. Алт ханшаа алдахгүй, өснө. Дэлхийн худалдааны дайн гэх мэт бие биедээ үл итгэсэн байдал нь мөнгөн дээр үл итгэл бий болгочихсон. Доллар, юань, еврод итгэхгүй нөхцөлд ганцхан алтанд итгэдэг. Оросын төв банк гэхэд л нөөцийнхөө дийлэнх хэсгийг алтаар байршуулна гэсэн шийдвэр гаргачихлаа. Монголбанкны хувьд алтныхаа тодорхой хэсгийг шууд доллар болгохгүй барих хэрэгтэй гэж харж байгаа.

-Хэрэглээний зээлийг хумьж байгаа нь хэр зөв бодлого вэ?

-Хэрэглээний зээлийг хумьж байгаа нь зөв бодлого. Ипотекийн зээл өмнөхөөсөө багасаад ирэхээр хүмүүс цахилгаан хэрэгсэл, гэр ахуйн бараа, машин гэх мэт хэрэглээний зээл рүү ханддаг юм байна. Манай импортын 20 гаруй хувийг хэрэглээний бүтээгдэхүүн эзэлж байна. Хэрэглээний зээлийн өсөлт нэг талдаа импортыг өдөөгөөд байна л даа. Импортын зээлийн тухайд хуучин хоёр тэрбум ам.доллараас хэтэрдэггүй байсан. Гэтэл одоо дөрвөн тэрбум ам.доллар болоод өсчихсөн. Өөрөөр хэлбэл замбараагүй хэрэглээг хумих шаардлага гарч ирсэн юм. Хоёрдугаарт, зөв хэрэглээг дэмжих шаардлага бий. 2018 оны шинэ зээлийн тал нь хэрэглээний, тал нь үйлдвэрийн зээл гэж гарсан. Зургадугаар сард авсан арга хэмжээний үр дүнд ингэж өөрчлөгдсөн л дөө. Түүнээс өмнө буюу 2018 оны эхний хагас жилийн үзүүлэлт огт өөр байсан. 80 хувь нь хэрэглээний, 20 хувь нь үйлдвэрлэлийнх байсан юм.

-Нөгөө талаас нь харвал хэрэглээний зээл авах хүсэлтэй хүмүүс банк татгалзвал ломбард, банк бус санхүүгийн байгууллага руу явж таарна. Хэрэглээний зээл хүсдэг ихэнх хүмүүсийн хувьд тансаглах гэхээс илүү зайлшгүй шаардлагаар авдаг гэж анзаарагддаг. Тэгэхээр иргэддээ ачаа нэмсэн шийдвэр биш үү?

-Таны хэлж байгаа шиг банкнаас банк бус руу явбал банк бусын зах зээл хөгжинө. Тухайн зах зээл дээр өрсөлдөөн бий болно, өрсөлдөөн үүсэхээр хүү нь буурах, үйлчилгээ нь сайжрах гэх мэт давуу тал бий.

-Таны ярьж байгаа шиг эерэг хандлага анзаарагдахыг үгүйсгэхгүй. Гэхдээ хол сонсогдож байна. Долларын ханш өссөнийм үед иргэддээ дарамт нэмэх хэрэг байна уу гэсэн утгаар асуугаад байна л даа. Ойрхон юм ярья.

-Финтекийн зах зээл хөгжөөд эхэллээ шүү дээ. Лэнд.мн-ий зах зах зээл гэхэд ХААН банктай зэрэгцээд очиж байна. Өөрөөр хэлбэл тэнд өрсөлдөөн үүсчихсэн. Банк бус санхүүгийн байгууллага дээр очиж зээл авснаас утсаараа авах нь хялбар болчихлоо. Хүмүүс оноогоороо зээл авдаг болж байна гэдэг бол давуу тал. Оноо нь ихсэх тусам хүү нь багасдаг. Та ойрхоны, өнөөдрийн юм ярья гэж байна. Монголбанкны хувьд гэрэл унтраагаад асаадаг шиг ойрхон хугацаанд шууд өөрчлөлт хийх боломж алга л даа.

-Гадны банк орж ирнэ, ирэхгүй гэж олон жил ярилаа. Ирэх онд гадны банкны тал дээр ямар нэг өөрчлөлт гарах уу?

-Хууль батлагдахыг хүлээж байна. УИХ дээр намрын чуулганаар батална гэж ярьж байсан. Гэтэл өнөөг хүртэл баталсангүй. Хуульгүй учраас гадны банк орж ирэх асуудал хойшлогдоод байна.

-Хууль нь батлагдчихвал гадны банк орж ирэх үү?

-Орж ирэх болов уу гэж бодож байна. Өнөөдөр манай улсад гадны зургаан банкны төлөөлөгчийн газар ажилладаг. Тэд хууль хүлээж байгаа. Хоёрдугаарт хууль нь хэр зөв гарах вэ гэдэг асуудал бий. Хөрөнгө оруулалтын банкны хуулийн төслийн тухайд анхаарах хэдэн заалт бий. Жишээ нь, дүрмийн сангийн хэмжээ нь 500 тэрбум төгрөг байх гэсэн заалт бий. 500 тэрбум төгрөг гэдэг бол 200 гаруй сая ам.доллар. Хэчнээн том банк ч гэлээ улс бүрд салбар нээгээд 200 сая ам.доллар байршуулаад байна гэдэг амар биш. Шалгуурын хувьд өндөр. Хоёрдугаарт, нэг зээлдэгчид олгох зээлийн доод хэмжээг 100 тэрбум төгрөг гээд тусгачихсан. 100 тэрбум төгрөгөөр зээл авдаг аж ахуйн нэгж Монголд хэд байгаа билээ. Энэ мэт анхаарах зүйлс бий.

-Төгрөг, рублийн своп руу шилжчихвэл зөв гарц болно гэж ярьдаг. Энэ чиглэлээр тодорхой ажил хийгдэж байгаа юу?

-Монголбанкнаас Оросын төв банк руу төгрөг, рублийн своп хийе, импортолдог шатахуунаа рублээр авчихаж байя гэсэн хүсэлт тавьсан. Нөгөө талаас татгалзсан маягтай байгаа.

-Орон сууцны ипотекийн зээлийн хэмжээ цаашдаа хэр өсөх вэ?

-Монголбанк мөнгө гаргаад ипотекийн зээл өгнө гэдэг стандарт бус шийдэл. Арилжааны банкаар дамжих ёстой. Бага зэргийн хөнгөлөлт байх ёстой бол төсвөөс шийдэх учиртай. Валютын санЗасгийн газарт шилжүүл гэсэн шаардлага тавьж байгаа. Гэхдээ энэ онд шилжүүлэх боломжгүй болсон. Учир нь Засгийн газар төсөвтөө тусгасангүй. Монголбанкнаас ирээдүйд энэ зээлийг зөв гольдрилд нь орох суурийг тавьж өгье гэж зорьж байна. Ипотекийн эх үүсвэрийн ард МИК-ийн бонд бий. Энэ бондын 90 хувийг төв банк, 10 хувийг банкууд авч байгаа. Өөрөөр хэлбэл ипотекийн зээлийн 90 хувь төрөөс, 10 хувь банкуудаас гарч байгаа гэсэн үг. Энэ харьцааг 50:50 болгох нь зөв. Тодруулж хэлбэл энэ онд ипотекийн зээлийн 50 хувийг арилжааны банкнаас гаргах гээд ажиллаж байна. Монголбанк, Засгийн газар нийлээд 300 тэрбумыг гаргаж байгаа. Банкууд 300 тэрбумыг гаргавал ипотекийн зээлийн хэмжээ өнгөрсөн оныхоос хоёр дахин өснө гэсэн үг.

-Арваад хувиар авсан хадгаламжаа буцаагаад зээл болгож гаргадаг банкуудад найман хувиар орон сууцны зээл олгох эх үүсвэр олдох уу? -Эх үүсвэрийн хүүг бууруулах боломж юу вэ, бодлогын хувьд яаж дэмжиж болох вэ гэдгийг судалж байна. Эхний боломж нь арилжааны банкууд МИК-ийн бондын 50 хувийг авах. Тэр бондоо барьцаалаад төв банкнаас зээл авч болох, олон улсын зах дээр гаргах тал дээр Монголбанкнаас дэмжье гэж байна. Олон улсын зах зээлээс хямд эх үүсвэр татаж чадвал ипотекийн зээлд эерэгээр нөлөөлнө. Ийм зорилгоор Засгийн газар, Монголбанк хамтарч уулзсан. Засгийн газар дөрвөн хувиар өгдөг эх үүсвэрээ нэг хувь болгоё гэж байна. Монголбанк ч дөрвөн хувийн эх үүсвэрээ ингэж бууруулах тухай ярьж байгаа.

-Ам.долларын ханш өсөх нь бодит эрсдэл болчихоод байна. Долларын ханш өсөх хэрээр өргөн хэрэглээний барааны үнэ өссөөр байгаа. Ингээд харахаар төв банк тодорхой хэмжээнд үнэ тогтворжуулах чигийн арга хэмжээ авах ёстой ч юм шиг.

-Хуулиараа хориотой.

-Хуулиар хориотой гээд үнийн өсөлтийг зүгээр хараад сууна гэсэн үг үү?

-Тэгж ойлгож болохгүй. Инфляци найман хувь болчихлоо. Улаан шугам дээр ирчихсэн гэсэн үг. Найман хувь болсон инфляцийн 50 хувь нь мах, шатахуун, нүүрс гэх мэт улирлын чанартай дөрөвхөн бүтээгдэхүүн.

-Гэхдээ импортын бараг 100 хувийн хамааралтай улсын хувьд үнийн дарамт яалт ч үгүй нөлөөлнө шүү дээ?

-Бид үнэ тогтворжуулах гэх мэт зөв биш арга хэрэглэж байгаад ОУВС-гийн хөтөлбөрт орчихсон улс гэдгээ мартаж болохгүй.

-Улстөржсөн мэдэгдэл хийж, өөрсдөө хямрал зохиогоод валютын сангийн хөтөлбөрт орчихсон гэх шүүмжлэлд та ямар тайлбар хэлэх вэ?

-Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг би эхнээсээ дэмждэггүй байсан. Гурил үйлдвэрлэгч бүх хүн ижил нөхцөлөөс өрсөлдөх нь шударга. Ялгаатай нөхцөлтэй санхүүжилт аваад байж болохгүй л дээ.

-Төв банк дундаж давхарга руу чиглэсэн ямар бодлого хэрэгжүүлж байна вэ?

-Дундаж давхаргыг дэмжих ёстой гэдэг утгаар нь бид өнөөдрийг хүртэл ипотекийн зээлийг үргэлжлүүлж байгаа. Зээлийн дундаж хүү хоёр хувиар буурсан нь дундаж давхаргад эерэгээр нөлөөлнө. Монголбанкны хийж чадах юм ганцхан энэ шүү дээ. Зээлийн хүүг дахиад 2-3 пунктээр буулгана гэж төлөвлөөд ажиллаж байна.

Ц.БААСАНСҮРЭН

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1347
525 / 39%
427 / 32%
194 / 14%
201 / 15%