Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“Тинк банк 2019-мөнгө, санхүүгийн орчин” хэлэлцүүлгийг нээж Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханы хэлсэн үг

2019-02-26

“Тинк банк 2019-мөнгө, санхүүгийн орчин” хэлэлцүүлгийг нээж Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханы хэлсэн үг

Огноо: 2019/02/25

Улсын Их Хурал (УИХ)-ын Эдийн засгийн байнгын хороо болон Монголбанкнаас хамтран зохион байгуулж байгаа “ТинкБанк 2019-Мөнгө, санхүүгийн орчин” сэдэвт хэлэлцүүлэгт бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтган  мэндчилье.

Монголбанк эдийн засгийн сэргэлт, түүний хүртээмжтэй байдлыг хангахад бодит хувь нэмэр оруулж байна. Сүүлийн 3 жилд Монголбанк өргөн хэмжээний шинэчлэл, реформуудыг хэрэгжүүлж, макро эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангах үүргээ амжилттай  биелүүлж байна. Тухайлбал, банк санхүүгийн системд хууль эрхзүйн шинэчлэлийг амжилттай хийж, Төв банкны хараат бус байдлыг баталгаажууллаа. Банкны салбарын тулгуур хуулиуд болох Төв банкны тухай хууль, Банкны тухай хууль, Банкны салбарын тогтвортой байдлын тухай хууль зэрэг хуулиудыг шинэчлэн батлуулсанаар Төв банкны сайн засаглалын зарчмуудыг нэвтрүүлэн, бодлогын шийдвэрийг хамтын зарчмаар гаргадаг болж, макро зохистой бодлогыг хэрэгжүүлэх шинэ чиг үүрэгтэй болсон нь санхүүгийн салбарт болсон чухал үйл явдал байлаа. Энэ нь мөнгөний бодлогын үр нөлөөг дээшлүүлэх, банкны салбарыг илүү эрүүл, чийрэг байлгах, санхүүгийн зуучлалыг хэвийн үргэлжлүүлэх, эдийн засгийг тогтворжуулах, санхүүгийн секторт эрсдэл хуримтлагдахаас сэргийлэх боломжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Монголбанк мөнгө, ханшийн бодлогоос гадна макро зохистой бодлого хэрэгжүүлдэг болж, бодлогын арга хэрэгслүүдээ өргөжүүлж, тэдгээрийг үр ашигтай ашиглаж байна. Төв банкны үндсэн зорилт болох инфляцийг зорилтот түвшинд байлгах, эдийн засгийн сэргэлтийг дэмжих мөнгөний бодлогыг амжилттай хэрэгжүүлж чадлаа. 2018 он эдийн засагт тулгарч байсан олон сорилтыг амжилт­тай даван туулж, эдийн засаг сэргэсэн, банк санхүүгийн салбарт реформ хийсэн шинэчлэлийн жил болж өнгөрлөө. Мөнгө, зээлийн зохистой өсөлтийг хангасанаар инфляци зорилтот түвшнээс бага буюу 7.3 хувьтай, харин эдийн засаг 6.9 хувиар өсч, сэргэлт эрчимжиж байна. Эдийн засагт гарсан нааштай, эерэг нөхцөл байдалд тулгуурлан зээлийн хүүг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлсэний үр дүнд банкуудын зээлийн жигнэсэн дундаж хүү 2018 oны эцэст 16.9 хувь болж өмнөх онтой харьцуулахад 2.5 нэгж хувиар буурав. Зээлийн хүүний бууралтын нөлөөгөөр банкуудын бизнесийн зориулалттай, төгрөгөөр олгосон зээл өнгөрсөн онуудтай харьцуулахад өндөр хувиар өслөө. Энэ нь бизнес эрхлэгчдийн дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, ажлын байр, үйлдвэрлэл өсөхөд чухал түлхэц болов. 

Монголбанк гадаад валютын нөөцийн дотоод гол эх үүсвэр болох үнэт металлын худалдан авалтыг нэмэгдүүлэх, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн мөнгө, ханшийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлснээр гадаад валютын албан нөөц (ГВАН)-ийг сүүлийн 2 жилд 3.5 дахин өсгөн 3.6 тэрбум ам.доллар (импортын 8 орчим сарын хэрэгцээг хангах твшин)-т хүргэн нэмэгдүүллээ. Энэ нь үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгт итгэх итгэлийг сэргээх, улсын эрсдэлийг бууруулж, зээлжих зэрэглэл нэмэгдэхэд нөлөөлсөн үндсэн хүчин зүйлсийн нэг байв. Ийнхүү макро эдийн засгийн тогтвортой байдал, сэргэлт хангагдаж, зээлжих зэрэглэл нэмэгдсэн нь Засгийн газар, Хөгжлийн банк, Монголын Ипотекийн Корпораци болон бусад хувийн секторын гадаад зах зээлээс эх үүсвэр бүрдүүлэх хүү бага байх, валютын дотогшлох урсгал нэмэгдэхэд чухал нөлөө үзүүлэв. Гэхдээ ГВАН-ийн хүрсэн түвшинг том дүнтэй интервенци хийх замаар эргүүлээд үрэн таран хийх нь эдийн засгийн дунд хугацааны төлөвт эргээд маш ноцтой эрсдэлүүдийг бий болгоно. Ялангуяа, гадаад хүчин зүйлсийн нөлөөгөөр валютын ханш сулрах зах зээлийн нөхцөл бүрдсэн, сөрөг нь харьцангуй удаан үргэлжлэхээр бол интервенциэр ханшийг хүчээр барих оролдлого нь ГВАН-ийг шавхах л үр дагаварт хүргэнэ. Харин богино хугацааны хэт огцом хэлбэлзэлийг бууруулах, валютын ханш суурь нөхцөлтэй нийцтэй түвшинд байлгах чиглэлд Монголбанк валютын зах дээрх оролцоогоо үргэлжлүүлнэ. Иймд нэг талдаа эдийн засгийн дархлааг хангах, эмзэг байдлыг бууруулах, нөгөө талдаа ханшийн хэт өндөр хэлбэлзэлийг бий болгохгүй байх энэ зорилтыг амжилттай хэрэгжүүлэхэд Монголбанкны бодлого чиглэж байна. 

Монгол Улс Ази тивийн улсуудаас хамгийн түрүүн активын чанарын үнэлгээ /AQR/-г хийлгэсөн орон болов. Активын чанарын үнэлгээний болон холбогдох бусад арга хэмжээний үр дүнг үндэслэн Монголбанкнаас төлөвлөгөө гарган ажиллаж байна. Энэ төлөвлөгөөнд активын чанарын үнэлгээний үр дүнг банкуудын тайланд тусгах, чанаргүй активыг шийдвэрлэх тогтолцоог боловсронгуй болгох, банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай буюу дахин хөрөнгөжүүлэх тогтолцоог нэвтрүүлэх зэрэг ажлууд хийж байна. Эрүүл банкны салбартай байх нь эрүүл санхүүгийн салбар бий болгож, улмаар эдийн засгийн эрүүл суурь бүрдүүлдэг тул Монголбанкнаас 2019 онд банкны салбарт хийж буй ажлуудыг үргэлжлүүлнэ. Банкны салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх, эрх зүйн орчинг сайжруулах талаар эрчимтэй ажиллагх. 2019 он Монголын банкны салбарыг хүчирхэг болгох жил байх болно.

Монгол Улсын Засгийн газар, ОУВС-гийн хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлэхэд Монголбанк бүх талаар дэмжин ажиллаж байна. Хөтөлбөрийн хүрээнд тохирсон төв банкны дотоод цэвэр активын дээд хязгаар, гадаад цэвэр активын доод хязгаарын тоон зорилтууд болон урьдчилан авах хэмжээнүүдийг цаг хугацаанд нь хэрэгжүүлэн хөтөлбөрийн үнэлгээг амжилттай хийлгэж ирлээ. Хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж дуусгах нь манай эдийн засгийн хэтийн төлөвт стратегийн чухал ач холбогдолтой. Тэр дундаа, Монгол Улсын гадаад өрийн тогтвортой байдлыг дунд хугацаанд үргэлжлүүлэн хангахад ОУВС болон бусад доноруудын тусламж дэмжлэг цаашид ч онцгой шаардлагатай юм. Иймд хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж дуусгахын төлөө Монголбанк үргэлжлүүлэн зүтгэж ажиллах болно.

Монголбанкнаас авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ, эдийн засгийн хэтийн төлөв болон судалгааны ажлуудын үр дүнгээ олон нийтэд хүргэх зорилгоор жил бүр ‘ТинкБанк’ хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулахаар шийдвэрлээд байна. Энэ жилийн хувьд ‘Тинкбанк 2019-Мөнгө, санхүүгийн орчин’ сэдвийн хүрээнд эдийн засгийн хэтийн төлөв, мөнгөний бодлого, валютын захын нөхцөл байдал, гадаадын банкны санхүүгийн зах зээлд үзүүлэх нөлөө зэрэг бодлогын асуудлуудыг хамарсан илтгэлүүд болон эдийн засгийн бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой судалгааны ажлын үр дүнгүүдийг танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэхээр энэ арга хэмжээг зохион байгуулж байна. УИХ-ын удирдлагын зүгээс энэ жилийн хэлэлцүүлэгийг хамтран зохион байгуулж, хэлэлцүүлэгийн нэр хүндийг өргөж, ач холбогдол өгч байгаад Монголбанкны зүгээс талархаж байна. 

Энэхүү хэлэлцүүлэг нь эдийн засаг, санхүүгийн орчинд гарч буй өөрчлөлт, эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэхэд учирж буй сорилтууд, шийдвэрлэх арга замыг олох, нэгдсэн ойлголттой болоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна.

Иймд Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид та бүхнийг эдийн засгийн тогтвортой байдалд тулгамдаж байгаа асуудал, сорилтууд болон шийдвэрлэх арга замын талаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, хэлэлцүүлэгт идэвхитэй оролцохыг хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.

 

Төрийн ордон

2019.02.22

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%