Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ЦАЙДАМААС ДАРХАН ХОТЫН ТОЙРОГ ХҮРТЭЛХ 30,5 КМ ЗАМЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА

2019-10-04

Монгол улсын Засгийн газар, ЗТЯ-наас Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа УБ-Дархан чиглэлийн 204,11 км авто замын шинэчлэлийн ажил өнгөрсөн 6 дугаар сарын 17-ны өдөр нээлтээ хийсэн билээ.
Олон улсын хэмжээнд нээлттэйгээр тендер зарлагдаж гүйцэтгэгчээр 5 компани шалгарсан бөгөөд 5 дугаар багц буюу Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км авто замын барилгын ажлын нөхцөл байдалтай аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч, Засаг даргын орлогч Т.Ганболд, Төлөөлөгч Т.Тулгаа, Иргэний танхимын дарга Д.Гантулга нар болон Хонгор сумын удирдлагууд газар дээр нь /2019.10.03/ үзэж танилцлаа.
Цайдамаас Дархан хотын тойрог хүртэлх 30,5 км замын тендерт БНХАУ-ын “China Geo ingenering” компани шалгаран ажлаа эхэлсэн боловч өнөөдрийн байдлаар ажлын гүйцэтгэл хангалтгүй, ердөө 39,91 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.
Уг замыг 9 метрийн өргөнтэй, 5 см зузаантай хийхээр төлөвлөсөн ба зарим газруудад хуучин хучилтыг хуулаагүй, газрын онцлогоос шалтгаалж зарим хэсгүүдийг өндөрлөснөөс зам дагуу үйлчилгээ явуулдаг ААНБ-руу чиглэсэн туслах замыг шийдээгүй  зэрэг олон асуудлууд тулгамдаад байгаа юм.
“China Geo ingenering” компанийн  төслийн удирдагч н.Тунгалаг ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөө цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж байнга өөрчлөгдөж байгаа бөгөөд Зам, тээврийн яамнаас тодорхой шийдвэрүүд болон санхүүжилтыг  хүлээсээр ажил удааширч байгаа гэсэн тайлбарыг өгч байна.
Гэсэн ч  асфальтны үйлдвэр угсрагдаж эхэлсэн, 10 дугаар сарын 15-наас  эхэлж ашиглалтад орох учраас тойргоос эхлэн туршилтын хучилтыг энэ сардаа багтаан хийхээр төлөвлөж байгаа ба одоогоор ажлын талбайд нийт 108 ажилтан, 74 машин, техник ажиллаж байна хэмээн танилцуулав.
Харин ЗТЯ-аас УБ-Дарханы чиглэлийн зам засварын ажлыг энэ 11 дүгээр сард ашиглалтад оруулахаа мэдэгдсэн ч төлөвлөгөөт ажлууд биелэхгүй байгаа учраас тухайн сард дуусахгүй, хуучин замаар нь явуулна гэх тайлбарыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хүргэсэн билээ.
УБ-Дархан чиглэлийн 204,11 км автозам нь Олон улсын статустай зам учир замын шинэчлэлтийн ажлын гүйцэтгэгч шалгаруулах, цуцлах, хяналт тавих, стандарт мөрдүүлэх, хариуцлага тооцох,  хүлээн авах  эрх нь Зам, тээврийн яам, Азийн хөгжлийн банк, Төслийн нэгж, Зөвлөх компанид байгаа юм.
Аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат замын ажилтай танилцах үеэрээ замын ажлыг түргэвчлэх, түр замын арчлалтыг хийх  хэрэгтэйг анхааруулж, Засгийн газрын 222 дугаар тогтоолын хүрээнд улсын чанартай авто зам байгууламжид хэрэглэх хайрганы үнийг 5000 төгрөгөөс хэтрүүлэхгүй байх тухай шийдвэрийг орон нутгийн зүгээс гаргаж өгөх зэргээр хүйтний улирал эхлэхээс өмнө замын ажлыг урагшлуулахад шаардлагатай бүх талын дэмжлэгийг үзүүлэх, мөн тогтмол хяналт хийж, шаардлага тавих болно гэдгийг анхаарууллаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%