Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан арьс ширний цогцолбор бүрэн баригдсанаар 7500 орчим иргэд ажлын байртай болно

2019-12-11

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Дархан-Уул аймагт арьс ширний цогцолборыг байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ дагуу Хонгор сумын 2 дугаар багт “Дархан арьс ширний цогцолбор”-ын 180 га газрыг олгож төслийн хүрээнд орон нутгийн өмчит компанийг байгуулан ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар тус цогцолборын цахилгааны дэд станцын барилгын ажил, дулааны шугам хоолой татах ажил, 2020 онд ашиглалтад орох ноос угаах, самнах үйлдвэрийн барилгын газар шорооны ажлууд хийгдэж дуусчээ.

2019 оны 10 дугаар сард Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат Испанийн Вант улсын Астуриас мужид ажлын айлчлал хийсэн. Энэ үеэр тус арьс ширний аж үйлдвэрийн нэгдсэн төвийн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх 3 том санамж бичигт гарын үсэг зурсан байна.
Эдгээрээс эхний ээлжид Испанийн Вант улсын Астуриас мужтай хамтарч хийх дөрвөн шатлал бүхий цэвэрлэх байгууламжийн хөрөнгө оруулалтын асуудлаар харилцан тохиролцож чадсан.

Испанийн Вант улсын Астуриас мужийн иргэн Мануэл Гонзалэз Гарсиа манай аймагт /2019.12.10/ хүрэлцэн ирж аймгийн Засаг дарга С.Насанбат болон холбогдох төлөөлөлтэй уулзалт хийлээ.
Уулзалтаар аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн 01-А/324 дүгээр захирамжийг уншиж танилцуулсан юм.
Энэхүү захирамж нь Испанийн Вант улсын Астуриас муж дахь Монгол улсын Дархан-Уул аймгийн Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон тухай албан бичиг юм.

Ингэснээр Дархан-Уул аймгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Испанийн Вант улсын Астуриас мужийн иргэн Мануэл Гонзалэз Гарсиа нь манай аймагт хэрэгжиж байгаа Дархан арьс ширний цогцолборт шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг өөрийн улсын бизнес эрхлэгчдэд танилцуулж улмаар хөрөнгө оруулалт татах нөхцөл бүрдэх юм.

Мөн энэ үеэр Худалдаа аж үйлдвэрийн танхимаас бэлэн байгаа 8 төсөл, Орхон сумаас зөгийн аж ахуйн төслийн материалыг итгэмжлэгдсэн төлөөлөгчдөд хүлээлгэн өглөө. Цаашид энэхүү итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан аймаг орон нутгаа хөгжүүлэх олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж харилцан туршлага судлах, улмаар орон нутагтаа хөрөнгө оруулалт татаж хотынхоо хөгжлийг дээшлүүлэх чиглэлээр түлхүү ярилцсан юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%