Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ

2022-02-03

Угтан золгож буй XVII дугаар жарны “Буян үйлдэгч” хэмээх “Усан бар” жил айлчлан ирлээ. Арга, билгийн тоололд ахуй амьдралаа зохицуулан, аж төрж ирсэн түмэн олон та бүхэндээ угтан золгож буй шинэ сарын мэнд дэвшүүлье. Баян-Өлгий аймаг бол Казах, Урианхай, Тува, Дөрвөд зэрэг үндэстэн ястны өлгий нутаг. Тэр ч утгаараа эцэг дээдсийн өв уламжлалаа хүндэтгэн, эв нэгдлээ эрхэмлэн цагаан сарын шинийн нэгний баярыг утга төгөлдөр ёслон тэмдэглэдэг юм. Цаг хугацааны эргэлтэд ажил үйлсээ дүгнэн, ирээдүйд бүтээх үйл хэргээ төлөвлөн түмэн олондоо хүргэх нь төрийн бодлогын салшгүй нэгэн хэсэг билээ. Баян-Өлгий аймаг хөгжлийн дунд хугацааны бодлогоо тодорхойлсон нь өнгөрсөн жилийн амжилтуудын нэг байв. Ингэснээр бид хүнд суртал, авилгаас ангид байж, шударга ёсыг тогтоож, хөгжилд хүрэх шинжлэх ухаанч, цэгцтэй бодлоготой болж чадлаа. Цар тахлын халдварыг аймагтаа хамгийн удаан хугацаагаар тархаалгүй “Ногоон бүс”-ээр Баян-Өлгий аймаг нэрлэгдэж чадсан. Халдварыг барьж чадсанаараа хохирлыг хамгийн бага зардлаар даван туулах боломж бүрдсэн юм. Мөн Өлгий нутгийн ард түмний эрүүл мэнд, боловсролын салбарт нэн даруй өөрчлөлт хийхийн тулд хувь хүний хөгжилд тулгуурласан бодлогоо тодорхойлон хэрэгжүүлж эхлээд байна. Ядуурлын эх сурвалж болох ажилгүйдэл буюу халамж шүтсэн байдлыг халах цаг болсон. Ажилгүйдлийг бууруулах динамик загварын модулийг тодорхойлсон нь зохих үр дүнгээ өгөх болно. Аливаа зүйлд дүн шинжилгээтэй хандсанаар цаашдын бодлого, үйл ажиллагаа амжилтад хүрнэ гэсэн зарчмыг баримталж байна. Аймгийн ИТХ-ын ээлжит 6 дугаар хуралдаанаар Засаг даргын мөрийн хөтөлбөрийн тайлангаа хэлэлцүүлэн 100 хувийн саналаар бүрэн хангалттай хэмээн үнэлүүлсэн нь манай баг хамт олны уйгагүй хөдөлмөр, зүтгэлийг үнэлж, цаашид ажиллах урам зоригийг өглөө. Мөн намын бүлгүүд улстөржилтөөс ангид байж, эв нэгдлийг хангаж, орон нутгаа хөгжүүлэхэд оюун санааны төвшинд нэгдэж, ойлголцолд хүрснийг харуулсан юм. Цар тахлын амаргүй цаг үе тохиосон ч манай аймгийн мал сүргийн тоо толгой өсөж, эдийн засгийн өсөлтийн нааштай хандлагууд буй болж байна. Аймгийн эдийн засгийн гол үзүүлэлт болох ДНБ нь 369 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оныхоос 11,8 хувиар өсөж, мал сүрэг 2 сая 378 мянга, хүн ам 107 мянгад хүрч, бүтээн байгуулалт өрнөж, бүх салбарт ахиц дэвшил гарлаа. Бар жилийн босгон дээр манай аймгаас улс, аймгийн аварга малчин өрх, тариаланч, саальчин олноор төрөн гарсан бахархам үйл явдал боллоо. Угтан ирж буй буян үйлдэгч хэмээгч бар жилд улс орон даяарх шинэ сэргэлтийн бодлогоор сэргэн мандах сайхан цаг эхэлж байна. Баян-Өлгий аймгийн ард түмэн бид улс орныхоо хөгжилтэй хөл нийлүүлэн, хөгжилд хүрэхийн тулд эв нэгдэл, шударга ёсыг сахиж, хүн бүр хичээн зүтгэх хэрэгтэй. Манай ард түмний сэргэг ухаан, ажилч, хөдөлмөрч, зочломтгой, хүнлэг зан чанар бол амжилт, ялалтад хүрэх замыг дөтөлж ирсэн. Энэ эрч хүчээ сэлбэж, хөгжлийн төлөө хамтдаа ургашилцгаая. Түмэн олны маань ажил үйлс өөдлөн дэвжиж, элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амар амгалан байж, сар шинэдээ сайхан шинэлээрэй.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%