Дорнод аймгийн ИТХ-ын АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Дорнод аймгийн ИТХ-ын АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

МӨНГӨНИЙ БОДЛОГЫН МЭДЭГДЭЛ

2022-04-28

 

МӨНГӨНИЙ БОДЛОГЫН МЭДЭГДЭЛ

Бодлогын хүүг өсгөх тухай

 

Дугаар: 2022/02

Огноо:  2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2022 оны 3 дугаар сарын 23, 24-ний өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал гадаад, дотоод орчны төлөвийг хэлэлцэн бодлогын хүүг 2.5 нэгж хувиар нэмэгдүүлж, 9.0 хувьд хүргэх шийдвэр гаргалаа.

Олон улсын харилцаанд хурцадмал байдал шинээр үүсэж, гадаад, дотоод эдийн засгийн тодорхой бус байдлын нэмэлт эх сурвалж болж байна. Ийнхүү тодорхой бус байдал огцом нэмэгдэж,  дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ, тэр дундаа газрын тос, хүнсний үнэ огцом өсөж, нийлүүлэлтийн сүлжээний доголдол үргэлжлэхээр байгаагаас энэ онд инфляц өмнө нь төсөөлж байснаас нэмэгдэх, эдийн засгийн өсөлт саарах эрсдэл олон улс оронд бий болоод байна.

Жилийн инфляц 2022 оны 2 дугаар сард улсын хэмжээнд 14.2 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 15.5 хувьтай гарав. Инфляцад олон улсын зах зээл дээрх хүнсний болон шатахууны үнэ өссөн, тээвэр логистикийн саатал, түүнээс улбаатай тээврийн нэмэлт зардал, нийлүүлэлтийн доголдол зэрэг хүчин зүйлс нь голлон нөлөөлж байна. Инфляц 2 дугаар сараас алгуур саарч эхэлсэн нь өмнөх төсөөлөлтэй нийцтэй байсан хэдий ч олон улсад шинээр үүсээд буй хурцадмал байдалтай холбоотойгоор инфляцын төсөөлөл нэмэгдэж байна.

Цар тахлаас үүдэлтэй хязгаарлалт суларч худалдаа, үйлчилгээний салбар эдийн засгийн идэвхжлийг дэмжсэн хэдий ч хилийн хязгаарлалттай холбоотойгоор уул уурхай, тээвэр, барилгын үйлдвэрлэл буурснаас эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд хүлээлтээс бага гарлаа. Олон улсын харилцааны нөхцөл байдалтай холбоотойгоор дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ огцом өсөж, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлэх, БНХАУ-ын ковидын эсрэг бодлоготой холбоотойгоор үйлдвэрлэлийн орцын нийлүүлэлт хязгаарлагдаж байгаа нь эдийн засгийн өсөлтийг сааруулах нөлөөг 2022 онд үзүүлэхээр байна.

Үйлдвэрлэлийн зардлын өсөлтөөр дамжин зардлын инфляц бий болох, инфляцын хүлээлт өсөх, төлбөрийн тэнцэлийн алдагдал нэмэгдэхийн зэрэгцээ гадаад суурь хүү илүү хурдтай өсөх нөхцөл үүсэж байгаа нь мөнгөний бодлогын төлөвийг илүү хурдтай чангаруулах, төгрөгийн харьцангуй өгөөжийг нэмэгдүүлэх шаардлагыг бий болгож байна. Цаашид гадаад, дотоод эдийн засгийн идэвхжил, инфляцын өрнөл, нийлүүлэлтийн хязгаарлалт, олон улсын харилцааны нөхцөл байдалтай уялдуулан мөнгөний бодлогын дараагийн алхмуудыг тухай бүр авч хэрэгжүүлэх болно.

Мөнгөний бодлогын хорооны хуралдааны хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна.

 

МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХОРОО

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 759
349 / 46%
138 / 18%
147 / 19%
55 / 7%
70 / 9%