“МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАН-2022”-Д МОНГОЛБАНК ОРОЛЦОЖ БАЙНА
Огноо: 2022/04/07
4 дүгээр сарын 7, 8-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй “Монголын эдийн засгийн чуулган-2022”-д Монголбанкнаас эдийн засгийн гадаад орчин, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, Төв банкнаас авч хэрэгжүүлж буй бодлогын талаар илтгэл тавин, панел хэлэлцүүлгүүдэд оролцож байна.
Чуулганы эхний өдрийн “Шинэ сэргэлтийн бодлого - Эдийн засагт үүсч буй сорилт, боломж” сэдэвт нэгдсэн хуралдааны үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн дэлхийн эдийн засагт сөрөг шок, тодорхой бус байдал нэмэгдсэн энэ цаг үед валютын орох гарах урсгалын зөрүүн дээр түр зуурын хүндрэл үүсч байгаа ч удахгүй энэ бүхэн хэвийн байдалдаа орно гэдгийг илэрхийлэв. Төв банк хуулийн дагуу Монгол Улсын гадаад валютын нөөцийг удирдаж, хамгаалах үүрэгтэй бөгөөд валютын нөөц 3.3 тэрбум ам.доллар буюу импортын 6-7 сарын хэрэгцээг хангахуйц түвшинд байгааг мөн онцлов.
Түүнчлэн “Гадаад орчны тодорхой бус байдал, үр дагавар - Үнэ, ханш, гадаад худалдаа, төлбөр тооцоо” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр эдийн засгийн гадаад орчинд үүссэн нөхцөл байдал, үр дагаврын талаар танилцуулгыг хийж, сорилтын үед Монголбанкнаас хэрэгжүүлж буй бодлогын талаар тайлбар хийв. Төв банк макро эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бодлогыг хэрэгжүүлж, үндэсний мөнгөн тэмдэгт -төгрөгийн харьцангуй өгөөжийг нэмэгдүүлэх арга хэмжээг аваад буй.
Ковид-19 цар тахлын улмаас 2 жил завсарлаад байсан Монголын эдийн засгийн чуулганд төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, судалгааны байгууллага, иргэний нийгмийн төлөөллүүд эдийн засгийн богино болон дунд, урт хугацааны сорилт, шийдлийн талаар нээлттэй ярилцаж, өргөн хүрээний хэлэлцүүлгүүдийг өрнүүлж байна.
Фото зураг: