Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2023 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАСҮРЭНГИЙН УИХ-ЫН ЧУУЛГАНД ХЭЛСЭН ҮГ

2022-10-06

ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2023 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАСҮРЭНГИЙН УИХ-ЫН ЧУУЛГАНД ХЭЛСЭН ҮГ

Огноо: 2022/10/06

 

Эрхэм хүндэт Монгол Улсын Их Хурлын дарга, УИХ-ын гишүүд ээ!

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг боловсруулан УИХ-д өргөн барилаа.

Дэлхий нийтийг хамарсан цар тахал, олон улсын зөрчилдөөнт нөхцөл байдлаас шалтгаалсан гадаад, дотоод үнийн өсөлт, эдийн засгийн хүндрэлийг төсөв, мөнгө, санхүүгийн бодлогыг уялдуулан хэрэгжүүлэх замаар даван туулах, Монгол Улсын эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлийг боловсрууллаа.

Эдийн засгийн өсөлт: Гадаад орчны таагүй нөхцөл байдал нь Монгол Улсад шууд болон шууд бусаар нөлөөлж өнгөрсөн 2 жил гаруй хугацаанд манай эдийн засгийн идэвхжил сул байлаа.

  • Төсөв, мөнгө, санхүүгийн бодлогын арга хэмжээ үр дүнгээ өгч, дотоод эрэлт эрчимжсэнээр эдийн засаг 2022 оны эхний хагас жилд өнгөрсөн оны мөн үеэс 1.9 хувиар тэлээд байна. Тээвэр, уул уурхай, барилгын салбараас бусад бүх салбар өсөж, өрхийн хэрэглээ, хөрөнгө оруулалт үргэлжлэн сэргэснийг энд онцлох нь зүйтэй.
  • Цаашид экспорт үргэлжлэн сэргэсэн тохиолдолд эдийн засаг энэ онд 3 хувь, ирэх онд 4-5 хувиар өсөх тооцоололтой байна.

Инфляц:

  • Монгол улсад төдийгүй дэлхий нийтэд инфляц дотоод эдийн засгийн идэвхжлээс гадна гадаад үнэ, шатахуун, эрчим хүчний үнэ, валютын ханш, тээвэр логистикийн хүндрэл зэргээс шалтгаалан өсөөд байна.
  • Манай улсын хувьд нийт инфляцын 60-70% нь тээвэр болон гадаад үнэ, түүний шууд болон дам нөлөөгөөр бий болж байна.
  • Цаашид инфляцыг бага түвшинд бууруулах нь эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад урьдач, суурь нөхцөл болох тул инфляцыг 2023 онд нэг оронтой тоонд, дунд хугацаанд 6±2 нэгж хувийн интервалд тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлогыг хэрэгжүүлнэ.
  • Энэ зорилтыг хангахад тээвэр логистикийн нэгдсэн зохион байгуулалт, дотоодын хүнсний бүтээгдэхүүний хангамжийн тасралтгүй байдал, экспортын орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр салбарын яам, агентлагын үйл ажиллагаа том хувь нэмэртэй юм.
  • Экспортын орлогыг нэмэгдүүлэхгүйгээр эдийн засгийн аливаа хүндрэлийг давах, валютын ханшийг тогтворжуулах бололцоогүй гэдгийг онцлон тэмдэглэмээр байна.
  • Энэ он гарсанаас хойш бодлогын хүүг 4-н удаагийн шийдвэрээр нийтдээ 6 нэгж хувиар нэмэгдүүлж, бодлогын тохиргоог хийгээд байна. Гэвч цаашид дан ганц мөнгөний бодлогыг хатууруулах замаар одоогийн асуудал, хүндрэлийг шийдвэрлэх гэж оролдох нь хувийн секторт илүү их гарз хохиролтой байх болно. Иймд бусад бодлогын тохиргоо, үйл ажиллагааны зохион байгуулалтыг цаг алдалгүй хийх нь маш өндөр ач холбогдолтойг дахин онцлохыг хүсч байна.

Төлбөрийн тэнцэл:

  • Худалдааны тэнцэл муудсан нь валютын цэвэр орох урсгал багасахад нөлөөлж байна. Худалдааны тэнцлийн алдагдал тэлэхэд:
    • сүүлийн улирлуудад дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ өндөр түвшинд байсан боловч манай экспортын үнэ бодитоор бага байсан
    • том төслийн бүтээн байгуулалтуудыг дотоод эх үүсвэр, экспортын орлогоос санхүүжүүлж байгаа нь валютын орох томоохон урсгал дотоодын зах зээлд орж ирэхгүй болгон, импортыг тэлсэн
    • бензин, шатахуун, хүнсний үнэ гэх мэт импортын үнийн өсөлт импортын төлбөрийг нэмэгдүүлсэн
    • төсвийн өндөр зардал, хямралын дараах эдийн засгийн сэргэлт

зэрэг нь нөлөөлж байна.

  • Төлбөрийн тэнцлийн тусгал болох валютын орох, гарах урсгалын зөрүү нь эцэстээ хатуу мөнгөний бодлоготой зэрэгцэн банкны систем дэх эх үүсвэрийг бууруулж, улмаар зээлийн өсөлтийг сааруулж эхлээд байна.
  • Цаашид дэд бүтцийн бүтээн байгуулалтууд нь худалдааг хөнгөвчлөхөд маш том эерэг нөлөө үзүүлэх хэдий ч олон улсын геополитикийн нөхцөл байдал, цар тахлаас үүдэлтэй тээвэр, ложистикийн саатал, БНХАУ-аас хэрэгжүүлж буй “Тэг-Ковид” бодлого зэрэг гадаад хүчин зүйлсээс маш олон зүйлс хамаарч байгааг онцлон тэмдэглье.
  • Иймд юун түрүүнд улсын санхүүгийн нөөц чадавхийг хамгаалахад онцгойлон анхаарсан хатуу төсөв, мөнгөний бодлогыг хэрэгжүүлж, хөгжлийн бодлогыг гадаад эх үүсвэрт тулгуурлан дотоод санхүүгийн чадавхитай нийцүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Улсын Их Хурлын дарга, Эрхэм гишүүд ээ,

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлд төрийн эрх бүхий бусад байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр дараах асуудлуудыг бодлогын зорилт болгон тусгалаа.

  • Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах 2023 онд баримтлах үндсэн чиглэлд гадаад төлбөрийн чадварыг сайжруулж, үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх, эдийн засгийн дотоод, гадаад тэнцвэрийг хангахад макро эдийн засгийн бодлогуудыг чиглүүлэхэд онцгойлон анхаарав.
  • Дунд, урт хугацаанд эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад аж үйлдвэрийн салбарын боловсруулалтыг гүнзгийрүүлж, импортыг орлох салбарыг хамгаалж, экспортыг дэмжин эдийн засгийн төрөлжилтийг гүнзгийрүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтыг төсөв, мөнгөний бодлого, санхүүгийн зохицуулалтын хүрээнд хэрэгжүүлэх шаардлагатай.
  • Түүнчлэн, логистикийн хүндрэлийг шийдвэрлэн хилийн гацааг арилгаснаар л экспортын орлогыг нэмэгдүүлж, худалдааны эргэлтийг сайжруулж, тээврийн зардлыг бууруулан үнэ, ханшийн дарамтыг шийдвэрлэх боломжтой юм.
  • Мөн гадаад орчны сөрөг нөлөөг зөөлрүүлж, эдийн засгийг дэмжих зайлшгүй хийх арга хэмжээ нь гадаад төлбөрийн чадварыг сайжруулж, гадаад санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх явдал болж байна.
  • Дунд хугацаанд тогтвортой хөгжлийн нэн чухал хүчин зүйл болоод буй уул уурхайн бус экспортыг дэмжих чиглэлээр гадаад худалдааны санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэхийн зэрэгцээ тогтвортой ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх чиглэлд үргэлжлүүлэн дэмжихээр зорьж байна.

Эдгээр асуудлуудад дэлхий нийтээр анхаарал хандуулж байгааг онцлох нь зүйтэй. Түүнчлэн, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хөтөлбөрийг үндэсний хэмжээнд үр дүнтэй хэрэгжүүлэх, санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахад иргэд, олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, түүнд шаардлагатай арга хэмжээнүүдийг эрчимжүүлэх ажлуудыг зорилт болгож байна.

Цаашид үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх, эдийн засгийн дотоод, гадаад тэнцвэрийг хангахад макро эдийн засгийн бодлогуудыг чиглүүлэх нь чухал болж байна. Монголбанкны 2023 оны бодлого, үйл ажиллагаа инфляцыг зорилтот түвшинд эргүүлэн тогтворжуулах замаар эдийн засагт эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрийг хангах, тогтвортой өсөлтийн суурь нөхцлийг бий болгоход дэмжлэг үзүүлэхэд чиглэнэ.

УИХ-ын дарга, УИХ-ын гишүүд ээ,

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлийг баталж өгөхийг хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1265
495 / 39%
402 / 32%
177 / 14%
191 / 15%