Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ БУС ХІІІ ХУРАЛДААНААР "ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ҮР ДҮНГ ДЭЭШЛҮҮЛЭХ ДЭД ХӨТӨЛБӨР III"-ИЙГ БАТАЛЛАА.

2023-04-10

Тус хөтөлбөр нь элсэлтийн ерөнхий шалгалтыг дээшлүүлэх зорилгоор баталсан аймгийн 3 дахь дэд хөтөлбөр бөгөөд аймгийн ИТХ-ын 2017 оны V хуралдаанаар "Элсэлтийн ерөнхий шалгалтын үр дүнг дээшлүүлэх дэд хөтөлбөр І", аймгийн ИТХ-ын 2021 оны ІІІ хуралдаанаар "Элсэлтийн ерөнхий шалгалтын үр дүнг дээшлүүлэх дэд хөтөлбөр ІІ"-ийг тус тус баталж хэрэгжүүлсэн.
 
Баян-Өлгий аймаг нь 2020, 2021, 2022 оны ЭЕШ-ын нэгдсэн дүнгээр улсын дунджаас доогуур үнэлэгдсэн. "ЭЕШ-ын үнэлгээ маш доогуур байгаа нь сургуулиудын бүтэц, хэв шинж оновчгүй, сургалтын байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагаанд тавих хараа, хяналт хэт суларч сургууль, эцэг эх, төрийн захиргааны байгууллагуудын идэвх, оролцоо, хандлагыг бодлогын түвшинд тусгаж хэрэгжүүлээгүйгээс үүдэлтэй" болохыг дэд хөтөлбөрийн үндэслэл хэсэгт дурдсан байна.
 
Иймд сургалтын байгууллагын хэв шинж, менежментийг боловсронгуй болгож, эцэг эх, сурагч, багш нарын хамтын ажиллагааг сайжруулах, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлж, хүүхэд бүрийг амжилттай сургах, сурах эрмэлзэл, сэтгэл зүйн зөв чиг хандлага төлөвшүүлэх замаар сургалтын чанарт ахиц гаргахыг хөтөлбөрийн зорилго болгожээ.
 
Мөн 2026 онд дэд хөтөлбөрийн хүрэх түвшнийг 534,9 оноонд хүргэхээр төлөвлөсөн байна. Энэ нь 2022 оны ЭЕШ-ын улсын дундаж оноо (528,7) буюу суурь түвшнээс 6,2 пунктээр өндөр үзүүлэлт бөгөөд зорилтот үр дүнд хүрснээр аймгуудаас 10 дугаар байрт эрэмбэлэгдэх боломж бүрдэх аж.
 
Энэ хүрээнд сургууль, эцэг эх, сурагчийн хооронд тодорхой заалт бүхий гурвалсан гэрээ байгуулан хэрэгжилтийг нь хангаж ажиллахаар хөтөлбөрт тусгажээ. Мөн сурагчид ЭЕШ өгөх хичээлүүдийг 10 дугаар ангиас эцэг эхийнхээ хамт ирж сонгож, гэрээ хийхээр зохицуулсан байна. Харин 10, 11, 12 дугаар ангид суралцсан хугацаандаа хичээл сонгоогүй сурагчдыг ЭЕШ-д бүртгэхгүй. ЭЕШ-д хамрах хичээлүүдийг заадаг багш нараас дэс дараатай шалгалт авч, ур чадварт нь үнэлгээ, дүгнэлт өгч, түвшнийг тодорхойлно.
 
Түүнчлэн ЭЕШ-аас 800 оноо авсан сурагчийг 500 мянга, 750-799 оноо авсан сурагчийг 450 мянгаас 500 мянга, улсын дунджаас дээгүүр амжилт үзүүлсэн улсын сургуулиудыг эзэлсэн байрыг нь харгалзан 5-10 сая, хувийн хэвшлийн сургуулиудыг 5-8 сая төгрөгөөр шагнан урамшуулах ажээ.
 
"Элсэлтийн ерөнхий шалгалтын үр дүнг дээшлүүлэх дэд хөтөлбөр III" нь 2023-2026 онуудад 4 жилийн хугацаанд хэрэгжих ба шаардагдах 123,3 сая төгрөгийг орон нутгийн төсвөөс шийдвэрлэнэ.
 
Мэдээллийг Монгол Үндэсний Монцамэ агентлагийн Баян-Өлгий аймаг дахь сэтгүүлч Ө.Нурболат

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%