Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Б.Одонтунгалаг: Санхүүгийн боловсролыг хүүхэд наснаас нь эзэмшүүлэхэд улс орнууд анхаардаг

2023-04-13

Б.Одонтунгалаг: Санхүүгийн боловсролыг хүүхэд наснаас нь эзэмшүүлэхэд улс орнууд анхаардаг 

 

Олон улсын “Мөнгөний долоо хоног аян”-ыг тохиолдуулан Монголбанкы Олон нийтийн санхүүгийн боловсролын төвийн захирал Б.Одонтунгалагтай ярилцав.

-“Дэлхийн мөнгөний долоо хоног” аяныг хэр үр дүнтэй тэмдэглэн өнгөрүүлсэн бэ?

-Хүүхэд залуучуудын санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой хэрэгжүүлдэг “Дэлхийн мөнгөний долоо хоног” олон улсын аяныг манай улс 10 дахь жилдээ амжилттай зохион байгуулж, энэ долоо хоногт өндөрлүүллээ. Монголын хүүхэд залууст энэ аян хэзээнээсээ танигдаж, хүлээлт үүсгэх болжээ гэдгийг аяныг хэрэгжүүлэх явцад тодорхой харагдсан нь зохион байгуулагчдын хувьд сэтгэгдэл өндөр байлаа. Тухайлбал, жил бүр тодорхой зорилгод чиглэсэн уриан дор “Дэлхийн мөнгөний долоо хоног” аян хэрэгждэг гэдгийг хүүхдүүд маш сайн мэддэг болж, өнгөрсөн жил ямар уриатай байсныг хэлж байх жишээтэй. Аянд оролцсоноороо хуримтлалын ач холбогдлыг ойлгож, хэрэглээнийхээ мөнгөнөөс хуримтлал үүсгэсэн хүүхдүүдтэй нэлээдгүй таарлаа. Энэ бүхэн нь аяны зорилго хангагдаж байгаа үр дүн гэж үзэж байна. Аяны хамрах хүрээг ч илүүтэй тэлэхэд анхаарч, анх удаа хөдөө орон нутагт аяны нээлтийг хийсэн нь Дундговь аймгийн Мандалговь хот, Дэлгэрцогт сумын нийт 1100 гаруй хүүхэд залуусыг хамруулсан. Зөвхөн нээлт гэлтгүй аяныг хэрэгжүүлсэн 13-26-ны өдрүүдэд Монголбанкны орон нутагт салбар, хэлтэстэй бүх аймаг хамрагдсан. Энэ хугацаанд хамтран хэрэгжүүлэгч төрийн болон бусад байгууллагатай хамтран 2023 онд дэвшүүлсэн “Санхүүгээ зөв төлөвлөж, ирээдүйгээ бүтээцгээе” уриан дор сургалт мэдээллийн олон төрлийн ажлыг зохион байгуулж ажиллалаа.  

-Яагаад хүүхэд залуус руу энэхүү аяны зорилгыг хандуулсан байдаг вэ?

-Анх энэ аяныг Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны байгууллага (OCED)-ын Санхүүгийн боловсролын сүлжээ байгууллагаас санаачлан хэрэгжүүлэхдээ хүүхдээр дамжуулж, гэр бүл орчныхонд нь нөлөөлөх замаар санхүүгийн мэдлэгийг түгээхэд анхаарсан. Одоо ч энэ зарчмаа баримталж байна. Яагаад гэвэл санхүүгийн мэдлэгтэй иргэний амьдралын чанар санхүүгийн мэдлэггүй иргэний амьдралын чанараас хавьгүй сайн байдаг нь бодит байдал дээр тодорхой харагддаг шүү дээ. Үүгээр зогсохгүй улс орны санхүүгийн тогтвортой байдал, эдийн засгийн өсөлт хөгжилд чухал нөлөө үзүүлдэг. Учир нь, иргэдийн санхүүгийн сахилга бат, хариуцлагатай байдал, санхүүгийн зөв шийдвэр гаргалт, санхүүгийн залилан луйвраас сэргийлэх зэрэг олон чадварыг санхүүгийн боловсролоор олж авсан байдаг тул давхар эерэг үр нөлөөг үзүүлдэг. Тиймээс аль болох бага насанд нь санхүүгийн мэдлэг боловсролыг олгох нь амьдралын туршид дадал хэвшил болж төлөвших үр дүнтэй гэж олон улсын байгууллагууд үзсэн байдаг.

-Манай улс тэгвэл үүнд хэрхэн ач холбогдол өгч анхаарч байна вэ?

-Олон улсын санхүүгийн байгууллагуудаас хэрэгжүүлдэг аянуудад, тухайлбал манай улсын нэгдээд байгаа энэхүү “Мөнгөний долоо хоног” мөн аравдугаар сард болдог “Дэлхийн хуримтлалын өдөр”-т оролцож байгаа нь санхүүгийн мэдлэг боловсролын хүртээмжийг хүүхэд залууст чиглүүлэх гэсэн зорилготой юм. Эндээс бид олон улсын туршлагыг судалснаар ирээдүй болсон хүүхэд залууст мэдлэг түгээх арга замаа улам тодорхой болгож байна. Зөвхөн аянаар дамжуулж бус ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт хувь хүний санхүүгийн мэдлэг олгох хичээлийг тусгуулсан байдаг. Тодруулбал, 2016-2022 онд Дэлхийн банкны зөвлөмжөөр Монголбанкнаас Сангийн яам, БСШУЯ, СЗХ болон төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсэн “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дэмжих  хөтөлбөр”-ийн хүрээнд “Бизнес судлал” хичээлийг сонгон суралцах хичээлээр ахлах анги болон их дээд сургуульд үзэх болсон. Энэ жилээс УИХ-ын тогтоолоор Төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлд тус хөтөлбөрийг үргэлжлүүлэн дунд хугацаанд хэрэгжүүлэх төсөл боловсруулахаар болсон. Тиймээс энэ удаад санхүүгийн мэдлэг олгох сургалтыг боловсролын аль ч шатанд заавал үзэх суурь хичээл байхад анхаарч салбарын яамтай хамтран ажиллахаар зорьж байна.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%