Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

2023 оны Базелийн мөнгө угаахтай тэмцэх индекс зарлагдлаа

2023-11-30

Базелийн засаглалын хүрээлэнгээс жил бүр гаргадаг мөнгө угаахтай тэмцэх индекс зарлагдаж,  Монгол Улсын эрсдэл буурч, үнэлгээнд ахиц гарчээ.

Базелийн засаглалын хүрээлэн (Базел институт)-ээс жил бүр улс орны мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг үнэлж, “Мөнгө угаахтай тэмцэх Базелийн индекс” -ийг гаргадаг.

Тус байгууллага нь  авлигаас урьдчилан сэргийлэх, төрийн болон компанийн засаглал, тэдгээрийн комплаенсын үйл ажиллагаа, эрүүгийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, тэр дундаа мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, хууль бус хөрөнгийг хураах, буцаах чиглэлээр дагнан үйл ажиллагаагаа явуулдаг ашгийн бус, бие даасан судалгааны хүрээлэн юм.

Олон улсад мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг үнэлж, хэмжих хэд хэдэн төрлийн үнэлгээ, индекс гардаг бөгөөд “Мөнгө угаахтай тэмцэх Базелийн индекс” нь Олон улсын хэмжээнд улс орнуудын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг харьцуулах хэлбэрээр хөндлөнгийн хараат бусаар үнэлгээгээ гаргадаг онцлогтой.   

Базел институт нь Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын нэгдсэн индекс гаргах гарын авлагад тулгуурлан салбарын мэргэжилтнүүдийн гаргасан судалгаа, шинжилгээнд суурилсан арга, аргачлалыг ашиглан дээрх индексийг гаргадаг байна.

Ялангуяа мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн хүчин зүйлийг тооцсон, энэ чиглэлээр дагнасан нэгдсэн индекс байдаггүй. Иймд улс орнууд, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд өөрсдийн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийг гаргах, эрсдэлийг тооцохдоо энэхүү индексийг ашиглах нь элбэг байдаг.   

            Базел институт энэхүү индексийг улс орон бүрээр 2012 оноос хойш жил бүр гаргаж байна. /Монгол Улсын үнэлгээг Хүснэгт 1-т харуулав/

Хүснэгт 1. Базел МУТС индекс /он дарааллаар/

 Базел институт нь Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/, Трансперенси интернэшнл, Дэлхийн банк, Дэлхийн эдийн засгийн форум зэрэг байгууллагын олон нийтэд нээлттэй 18 төрлийн өгөгдөлд үндэслэн энэхүү индексийг гаргадаг. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн үзүүлэлтийг гаргахдаа эрсдэлийн үнэлгээг дараах 5 бүлэгт авч үздэг:

  1. МУТСТ тогтолцооны чанар
  2. Авлига, хээл хахууль
  3. Санхүүгийн ил тод байдал ба стандарт
  4. Нийтийн ил тод байдал ба хариуцлага
  5. Хууль зүйн болон улс төрийн эрсдэл зэрэг юм.

Эрсдэлийг тодорхой аргачлалаар тооцдог бөгөөд дэлхийн дундаж 5.31 гэж үнэлэгджээ.

/Үнэлгээний аргачлалд нөлөөлж буй хүчин зүйлийг Зураг 1-т дараах байдлаар үзүүлэв/

"Базелийн индекс-2023" энэ оны 11 дүгээр сарын 13-нд зарлагдсан байна. Энэ жагсаалтын 1 дүгээрт буюу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх хамгийн өндөр эрсдэлтэй улсаар Гайти Улс гарсан бол хамгийн эрсдэл багатай улсаар буюу 152 дугаарт Исланд улс шалгарчээ.    

Монгол Улсын хувьд 2019 онд ФАТФ-ын саарал жагсаалтад орох үед Базел индексийн 20 дугаарт жагсаж байсан бол 2023 оны байдлаар эрсдэлийн үзүүлэлт буурч, нийт 152 улсаас 83 дугаарт жагсжээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэл буурсан байна.

Базелийн индексийг тооцоход гол нөлөө бүхий хүчин зүйл нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны чанар бөгөөд голлох үзүүлэлт нь ФАТФ-ын Харилцан үнэлгээний тайланд тусгагдсан үр дүнгүүд юм.

Монгол Улсын хувьд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр сүүлийн жилүүдэд чамлахааргүй амжилт гаргаж байна. Тухайлбал, ФАТФ-ын 40 зөвлөмжийн техник хэрэгжилт бүхэлдээ сайн болон түүнээс дээш үнэлэгдээд байгаа бөгөөд энэ үзүүлэлтээрээ Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлэгт Монгол Улс тэргүүлж байна.

Монгол Улсын энэхүү амжилт нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог үнэлэх бусад үнэлгээ, индекс болон гадаадын банк санхүүгийн байгууллагатай хамтран ажиллах гадаад харилцаанд эерэгээр нөлөөлөх болоод байна.

Монгол Улсын Их Хурал, Засгийн Газраас мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх бүхий л шатны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, тэдгээрийг хариуцан хэрэгжүүлж байгаа төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд дор бүрнээ арга хэмжээ авч, ахиц гаргаж байгаа нь Олон улсаас хийж байгаа үнэлгээнд сайнаар нөлөөлжээ. Энэхүү хүчин чармайлт нь Монголбанк болон хамтран ажиллаж байгаа байгууллагууд, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үр дүн юм.

 

Цаашид бодит хэрэгжилтэд анхаарах, хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний чанарт анхаарч, энэ чиглэлээр ажиллаж байгаа байгууллагуудын хүний нөөцийн болон санхүүгийн чадавхад анхаарах шаардлагатай байгааг мөн онцолж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%