Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Монголбанкны 2023 оны онцлох үйл явдлын товчоон

2024-01-04

Монголбанкны 2023 оны онцлох үйл явдлын товчоон


1. Инфляц 1 оронтой тоонд хүрч буурлаа

Монголбанк инфляцыг бууруулахад чиглэсэн мөнгөний бодлогыг хэрэгжүүлж ажиллалаа. Монголбанк нь үндсэн зорилтынхоо хүрээнд мөнгөний бодлогын төлөвийг тодорхойлж, бодлогын шийдвэр гаргахдаа үнийн тогтвортой байдлыг хангахын зэрэгцээ эдийн засгийн өсөлтөд үзүүлэх сөрөг нөлөөг хязгаарлахыг зорьж байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлж буй мөнгөний бодлого үр дүнгээ өгч инфляц улсын хэмжээнд 2023 оны 11 дүгээр сарын байдлаар 8.6 хувьд хүрч буурахын зэрэгцээ эдийн засгийн өсөлт эхний гурван улирлын байдлаар 6.9 хувьтай гарлаа. Сүүлийн 2 жилийн хугацаанд өндөр түвшинд хадгалагдаж байсан инфляц ийнхүү буурч байгаа нь эдийн засгийн макро орчин тогтворжиж эхэлж буйн шинж бөгөөд иргэдийн бодит орлогыг хамгаалах, бизнесийн тогтвортой орчныг бүрдүүлэх ач холбогдолтой.

2. Гадаад валютын албан улсын нөөц 4.8 тэрбум ам.доллар орчимдт хүрч төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтвортой байв

Гадаад валютын улсын нөөц (ГВУН) 2023 оны эцсийн урьдчилсан байдлаар 4.8 тэрбум ам.долларт хүрч оны эхнээс 1.4 тэрбум ам.доллароор нэмэгдлээ. Нүүрсний экспорт нэмэгдэж валютын дотогшлох урсгал сайжирсны зэрэгцээ төгрөгийн харьцангуй өгөөжийг нэмэгдүүлсэн нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтвортой байхад голлон нөлөөлөв. Монголбанкны зүгээс 2023 онд Засгийн газрын гадаад зээл, бондын эргэн төлөлтөд цэвэр дүнгээр 300 орчим сая ам.доллар, Монгол Улсын Хөгжлийн банкны евро бондын эргэн төлөлтөд 500 сая ам.доллар, Самурай бондын эргэн төлөлтөд 30 тэрбум иен, мөн Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн ашиглалтаас 1.5 тэрбум юань төлснөөр нийлбэр дүнгээр 1.2 тэрбум ам.долларын үндсэн болон хүүгийн төлбөрийг ГВУН-ийн удирдлагын хүрээнд хийж гүйцэтгээд байна. 

3. Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн хугацааг 3 жилээр сунгаж, хэлцлийн ашиглалтаас хааж эргэн төлөлтийг хийж эхлэв

Монголбанк, Хятадын Ардын банк хооронд байгуулсан үндэсний мөнгөн тэмдэгт солилцох 15 тэрбум юанийн своп хэлцлийн ерөнхий гэрээний нөхцөлүүдэд өөрчлөлт оруулан, хугацааг 2026 он хүртэл сунгалаа. Мөн гэрээний хүрээнд 2011-2016 оны хооронд ашигласан хэлцлийн дүнгээс 1.5 тэрбум юань буюу 210 сая ам.долларын төлөлтийг хугацаанаас нь өмнө урьдчилан гүйцэтгэж, хэлцлийн 1 шугамын ашиглалтыг хаалаа. Дотоодын зах зээлээс худалдаж авсан алтыг цэвэршүүлж, мөнгөжүүлсэн орлогоос юанийн своп хэлцлийн ашиглалтаас хааж эхэлсэн нь Төв банкны хүүгийн зардал болон алдагдлыг бууруулахад  эерэг нөлөө үзүүлж, Олон Улсын Валютын сан болон бусад Олон улсын санхүүгийн байгууллагын зөвлөмжийг хангахад чухал үйл явдал боллоо.

4. Банкны салбарын шинэчлэлийг амжилттай үргэлжлүүлж, банкнууд IPO-гоо амжилттай гаргаснаар “Grand Bull Awards 2023” шагнал хүртлээ

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор банкийг нээлттэй болон хаалттай хувьцаат компани хэлбэртэйгээр өөрчлөн байгуулах, банкны хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүн, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг хуульд нийцүүлэн өөрчлөх ажил амжилттай хэрэгжлээ. Үүний үр дүнд банкны системийн нөлөө бүхий 5 банк болох Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Хас банк, Төрийн банк нь компанийн хэлбэрийг нээлттэй хувьцаат компани болгон өөрчлөн байгуулж, нийтэд анх удаа хувьцаагаа санал болгон худалдаж, анхдагч зах зээлийн арилжаагаар 473 тэрбум төгрөгийн хөрөнгө татан төвлөрүүлж, хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлсэн. Мөн Богд банк нээлттэй хувьцаат компани болсны зэрэгцээ банкны системд нөлөө бүхий банкнаас бусад банк нь компанийн хэлбэрийг өөрчлөн хаалттай хувьцаат компанийн хэлбэрт шилжсэн. Энэхүү томоохон ажлыг амжилттай гүйцэтгэж, хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өсөхөд нөлөөлснөөр “Grand Bull Awards 2023”-ийн онцлох үйл явдлаар “Банкны реформ” шалгарлаа.

5. Банкны салбарын байгаль орчин, нийгэм, засаглалын эрсдэлийг үнэлэх, удирдах аргачлалыг баталлаа

 “Тогтвортой санхүүгийн үндэсний замын зураг”-т банк, санхүүгийн байгууллагын байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ), уур амьсгалын эрсдэлийн удирдлагын тогтолцоог сайжруулах ажил үүрэг тусгагдсан. Энэ хүрээнд Монголбанкнаас “Банкны байгаль орчин, нийгэм, засаглалын эрсдэлийг үнэлэх, удирдах аргачлал”-ыг баталж, банкны салбарт мөрдүүлж эхэллээ. Ингэснээр олон улсын стандартад нийцсэн суурь зарчмыг бүх банкнууд мөрдөж, харилцагчдад ижил шаардлага тавих, суурь мэдээллийн сан бий болох, мөрдөгдөж байгаа журам зааварт БОНЗ-тай холбоотой гол ойлголтуудыг тусгахын зэрэгцээ хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэж, банкнуудын эх үүсвэр татах боломж сайжрах ач холбогдолтой.

6. Банкнууд анх удаа Базель стандартын дагуу өөрийн хөрөнгийн болон хөрвөх чадварын хүрэлцээг дотооддоо үнэлж эхлэв

Монголбанкнаас банкны салбарын хяналт шалгалт, зохицуулалтын арга хэрэгсэл, үнэлгээний аргачлалыг олон улсын жишиг, зарчимд нийцүүлэх, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын арга барилд шилжих арга хэмжээг сүүлийн жилүүдэд тасралтгүй хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд банкнууд анх удаа Базель стандартын Бүлэг 2-т тусгагдсан шаардлагуудын дагуу өөрийн хөрөнгийн хүрэлцээ (ICAAP), хөрвөх чадварын хүрэлцээ (ILAAP)-г дотооддоо үнэлэх аргачлалыг туршилтаар хэрэгжүүлж, уг аргачлалын дагуу бэлтгэсэн банкны тайланд Монголбанкнаас хяналт шалгалтын үнэлгээний аргачлал (SREP)-ын дагуу үнэлгээ хийх ажлыг гүйцэтгэлээ.

7. ОУВС-гийн дүрмийн IV заалтын тайланд банкны салбарын нөхцөл байдал, хэтийн төлөвийг харьцангуй тогтвортой гэж үнэллээ

Олон улсын валютын сангийн Дүрмийн 4 дүгээр заалтын хэрэгжилтийн дагуу Монгол Улсыг хариуцсан ажлын хэсэг 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 7 дугаар сарын 04-ний өдрийн хооронд ажиллаж, макро эдийн засгийн төсөөллийг шинэчлэн, холбогдох бодлогын зөвлөмж бүхий тайланг боловсрууллаа. ОУВС-гаас 2023 оны 10 дугаар сарын 04-нд холбогдох тайланг нийтэлсэн бөгөөд Монгол Улсын эдийн засаг болон банкны салбарын нөхцөл байдал, хэтийн төлөвийг харьцангуй тогтвортой гэж үнэллээ.

8. Корреспондент банкны харилцааг өргөжүүлэх чиглэлээр ахиц дэвшил гаргалаа

Монгол Улсын гадаад төлбөр тооцооны тасралтгүй байдлыг хангах, санхүүгийн салбарын харилцаанд дэмжлэг үзүүлэх, корреспондент харилцааг бэхжүүлэх хүрээнд Монголбанкнаас үе шаттай арга хэмжээг авч хэрэгжүүлэн, ажиллаж байна. Энэ хүрээнд АНУ-ын талд албан захидал хүргүүлж, харилцан мэдээлэл солилцсоны үр дүнд арилжааны банкнууд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж бүрдэж, АНУ-ын BNY Mellon банканд ам.долларын данс нээж эхэллээ. Түүнчлэн арилжааны банкнуудын олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа сайжруулах ажлыг дэмжсэнээр ХБНГУ-ын ODDO BHF SE банканд ам.долларын ностро данс нээгдлээ. Эдгээр нь гадаад төлбөр тооцоог түргэн шуурхай хийх, шилжүүлгийн зардал буурах зэрэг ач холбогдолтой.

9. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн болон Төв банкны арилжааны нэгдсэн систем нэвтрүүллээ

Төлбөрийн системийн шинэчлэл төслийн хүрээнд Монголбанкны зүгээс Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн болон Төв банкны арилжааны нэгдсэн системийн эхний үе шат буюу Depo/X системийг амжилттай нэвтрүүллээ. Энэхүү системээр Төв банкны үнэт цаас арилжаалах, барьцаалах, Засгийн газрын үнэт цаас, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, Монголбанкнаас зөвшөөрсөн бусад үнэт цаасыг мөнгөний зах дээр худалдах, худалдан авах болон гадаад валютын дуудлага худалдааг хийж гүйцэтгэх боломжтой юм. Depo/X систем нь төлбөрийн системтэй нягт уялдан ажиллаж, төлбөр тооцоог DvP/PvP зарчмаар Т+n хугацаагаар хийх боломжийг олгож байна. Энэ нь Монгол Улсын санхүүгийн зах зээлийн дэд бүтцийг олон улсын санхүүгийн зах зээлийн зарчим, стандартад нийцүүлэн автоматжуулах, бүс нутаг, олон улсын санхүүгийн зах зээлтэй шууд холбон, санхүүгийн зах зээлийн хөгжлийг шинэ үе шатанд гаргаж байгаа болно.

10. Их өгөгдлийн системийг амжилттай суурилуулснаар Олон Улсын Central Banking институтээс шагнал хүртлээ

Төлбөрийн системийн шинэчлэл төслийн хүрээнд банкны салбарын статистик мэдээллийг нэг шугам, нэг загвараар хүлээн авах их өгөгдлийн системийг Монголбанк амжилттай нэвтрүүлж банкнуудаас хүлээн авдаг 70 гаруй тайлангийн нэгдсэн өгөгдлийг DAM (Data Acquisition Model)-загвараар хүлээн авч эхлээд байна. Тус систем нь олон төрлийн их хэмжээний тоон мэдээллийг түргэн шуурхай, харилцан нийцтэй цуглуулах, дэлгэрэнгүй шинжилгээ хийх боломжтойгоор хүлээн авах, нэг агуулгатай мэдээллийг давхцуулахгүй байх, цаашид тайлангийн маягтуудад өөрчлөлт ороход 2 талд хүндрэл багатайгаар шийдвэрлэх, бодлого боловсруулалтад машин сургалт, хиймэл оюун ухаан зэрэг орчин үеийн шинжилгээний арга хэрэгслийг нэвтрүүлэх боломжийг бүрдүүлнэ. Монголбанк нь их өгөгдлийн системийг амжилттай суурилуулсан нь Олон Улсын Төв банкнуудын дунд түүчээлэгч ажил болсон тул “Central Banking” институтээс шалгаруулдаг “Fintech RegTech Global Awards”-ын “The Pioneer award” буюу ТҮҮЧЭЭЛЭГЧ шагналыг 2023 оны 6 дугаар сард авлаа. Тус шагналыг Их Британийн Санхүүгийн Зохицуулах Хороо 2022 онд, Тайландын төв банк 2021 онд, Францын төв банк 2019 онд, Канадын төв банк 2018 онд авч байсан түүхтэй.

11. Монгол Улс Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын 40 зөвлөмжийг бүрэн хангасан орон боллоо

Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн 26 дахь удаагийн жилийн уулзалтаар Монгол Улсын 6 дахь удаагийн Явцын тайланг хэлэлцэж батлав. Монгол Улсын Явцын Тайланд ФАТФ-ын “Зөвлөмж 8”-д заасны дагуу ашгийн бус байгууллагыг терроризмыг санхүүжүүлэхэд ашиглах эрсдэлийг үнэлэх, түүнээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, холбогдох хяналт шалгалтыг хэрэгжүүлэх чиглэлээр гаргасан ахиц дэвшлийн талаар тайлагнасан. Үүний үр дүнд, Монгол Улс нь ФАТФ-ын техник хэрэгжилтийн 40 Зөвлөмжийг бүрэн биелүүлсэн үнэлгээтэй Ази, Номхон далайн орнуудаас анхны орон (Зөвлөмж 15-ыг шинэчилсэн үнэлгээгээр), дэлхийд 5 дахь орон боллоо. Энэ нь ФАТФ-аас гаргасан 40 Зөвлөмжийн хэрэгжилтийг хангахад шаардлагатай эрх зүйн орчныг бий болгож, зохицуулалтыг боловсронгуй болгосныг олон улсын түвшинд баталгаажуулж буй явдал юм.

12. Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хууль батлагдав

Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хуулийг Улсын Их Хурлаас 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр батлав. Тус хуулиар хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк байгуулах, зөвшөөрөл олгох, хүчингүй болгох, хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны эрхлэх үйл ажиллагааны хүрээ, удирдлага, зохион байгуулалттай холбоотой харилцааг зохицуулсан. Тус хуульд заасны дагуу Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан тушаалаар батлагдсан дараах журмууд мөрдлөг болж эхэллээ. Үүнд:

  • Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх журам, 
  • Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлт болон хязгаарлалтыг тогтоох, түүнд хяналт тавих журам, 
  • Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны худалдах, худалдан авах үнэт цаас, санхүүгийн хэрэгслийн төрөл, хэмжээг тогтоох, хэлцэл хийхэд баримтлах журам,
  • Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны зээл, зээлийн үйл ажиллагаанд баримтлах шаардлага.

13. Гадаад бондын дахин санхүүжилт, эргэн төлөлт, өрийн удирдлагын чиглэлээр Засгийн газартай хамтран ажиллалаа

Монголбанк нь гадаад өрийн дарамтыг бууруулах, эргэн төлөлтийн дундаж хугацааг уртасгах, гадаад үнэт цаасны төлбөрийг боломжит хэмжээгээр төлж нийт үлдэгдлийг бууруулах чиглэлд Засгийн газартай хамтран ажилладаг. Үүний хүрээнд олон улсын санхүүгийн зах зээл дээр 350 сая ам.долларын Сенчири III бондыг 7.875 хувийн хүү, 5.5 жилийн хугацаатай амжилттай гаргаж, 2024 оны гуравдугаар сард эргэн төлөгдөх хуваарьтай “Хуралдай” бондын үлдэгдэл 392.5 сая ам.долларын тодорхой хэсгийн дахин санхүүжилтийг хийв. Сенчири III бондын хүүг АНУ-ыг Холбооны нөөцийн сангийн бодлогын хүүтэй (5.5 хувь) харьцуулахад 2.6 хувийн зөрүүтэй байгаа ба өмнөх Засгийн газрын гадаад бондуудын хүүгийн дундаж зөрүүнээс 2.1 дахин багаар гарлаа. Түүнчлэн, Сенчири III бондын анхдагч зах зээлийн арилжаа хаагдах үед ирсэн нийт захиалга 4.8 тэрбум ам.долларт хүрч татан төвлөрүүлэх дүнгээс 13.7 дахин их санал ирсэн болно.

14. Ипотекийн зээлийн хөтөлбөрийг орон нутагт чиглүүлэн ажиллалаа

Монголбанкнаас орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэх хүртэл хугацаанд ипотекийн зээл олголтод тасалдал үүсгэхгүй байхад анхаарч ажиллалаа. Мөн Шинэ сэргэлтийн бодлогыг дэмжиж, хүн амын төвлөрлийг сааруулах, орон нутагт шилжин суурьшиж буй иргэдийг дэмжих ажлын хүрээнд орон нутагт олгогдох ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, 2023 оны 9 дүгээр сараас эхлэн хөдөө орон нутагт олгох ипотекийн санхүүжилтийг Улаанбаатар хотод олгогдох санхүүжилтээс багагүй байхаар шийдвэрлэн, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

15. Иргэдийн санхүү, эдийн засгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх ажлыг өргөжүүллээ

Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийг Монголбанк бусад байгууллагуудтай хамтран 2015 оноос хойш хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийг “Санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх стратеги 2024-2030”, "Иргэдийн эдийн засгийн мэдлэгийг дээшлүүлэх стратеги" болгон өргөжүүлж баталлаа. Хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангид сонгон судлах санхүүгийн мэдлэг олгох "Бизнес судлал" хичээлийг танхимаас гадна цахимаар (www.medlee.mn) орж эхэлсэн. Сонгож судалж байгаа хүүхдүүдийн тоо нэмэгдсээр байгаа ба цахимаар 2000 сурагч сонгож суралцаж байна. Мөн олон нийтэд чиглэсэн аян, сургалтуудыг өргөн хэмжээнд зохион байгууллаа. 2023 онд Монголбанкны төв нэгж, орон нутаг дахь хэлтэс, салбарууд нь бусад байгууллагуудтай хамтран 21 аймаг, 9 дүүргийн 1600 гаруй бичил жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд сургалт орсноос гадна давхардсан тоогоор 95,000 орчим иргэдэд сургалт оржээ.  Түүнчлэн, сүүлийн жилүүдэд цахим орчинд залилах гэмт хэрэг болон хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулах явдал нэмэгдэж байгаатай холбогдуулан тэдгээр этгээдүүдтэй тэмцэх, таслан зогсоох чиглэлийн сургалт, сурталчилгааг зохион байгуулахад Монголбанк нь төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллалаа.

16. Зорилтот хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр амжилттай хэрэгжихэд дэмжлэг үзүүлэн ажиллалаа

Засгийн газрын хүүгийн дэмжлэгтэй хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хуульд заасан Засгийн газрын санхүүгийн зуучлагчийн үүргийг гүйцэтгэв. "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөө", "Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, ноолуур бэлтгэл болон агаарын тээвэрлэгчдийг дэмжих зээлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, банкнууд нийт 1,922 бизнес эрхлэгчдэд 978.9 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгоод байна.

17. Төв банкны үндсэн бүртгэлийн системийг шинэчиллээ

Төв банкны суурь бүртгэлийн системийг шинэчлэх ажлыг эрчимжүүлж, суурилуулах ажлыг амжилттай гүйцэтгэлээ. Ингэснээр зарим улсын төв банкууд (жишээлбэл, Швед, Армен, Индонез, Этиоп, Энэтхэг)-д хэрэгжиж буй “Intellect Quantum Central Banking” шийдлийг нэвтрүүллээ. Энэ нь суурь бүртгэлийн цогц систем бөгөөд дансны удирдлагаас гадна харилцагчтай байгуулсан гэрээ, хэлэлцээртэй холбоотой бүхий л мэдээлэл, банкны хүний нөөц, болон бусад дотоод нөөцийн мэдээллийг хадгалж, холбогдох гүйлгээг хийдэг. Мөн ерөнхий дэвтэр, банкны үйлчилгээ, зээл болон барьцаа хөрөнгийн удирдлага, интернэт банкны үйлчилгээ, нөөцийн удирдлага, төсвийн удирдлага зэрэг хоорондоо нягт уялдаа бүхий байгууллагын удирдлагын модулийг агуулдаг учраас төв банкны цогц бөгөөд хүчирхэг систем, шийдэл юм.

18. Гадаад харилцаа хамтын ажиллагааг өргөжүүллээ

Олон улсын төв банкны жишигт хүрэх, дэлхий нийтээр хэрэгжүүлж буй бодлогын шинэ сорилт, түүнийг судлах, төлбөрийн системийн шинэ техник технологийг нэвтрүүлэхэд анхаарч гадаад хамтын ажиллагааныхаа цар хүрээг тэлж, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх ажлыг үргэлжлүүлэв. Энэ хүрээнд Монгол-Хятадын банк, санхүүгийн салбарын хамтын ажиллагааны дугуй ширээний уулзалт, “Монгол-Солонгосын хамтын ажиллагаа: Өнөө ба ирээдүй” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгууллаа. Түүнчлэн, Дэлхийн банк, ОУВС-гийн жилийн хурал, Хонконгийн мөнгөний удирдах газар (HKMA) болон Олон улсын төлбөр тооцооны банкнаас (BIS) хамтран зохион байгуулсан Дээд түвшний бага хурал, Бүгд Найрамдах Армени улсад мөнгөн тэмдэгтийн Дээд хэмжээний чуулган зэрэг хурал, уулзалтуудад панелистаар оролцож, Киргиз улсын банк хоорондын процессингийн төв, БНСУ-ЫН КТ группийн “БиСи Карт” зэрэг байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Түүнчлэн Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн алба нь 2023 оны 7 дугаар сард БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макаогийн Санхүүгийн мэдээллийн алба Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

19. 17.8 тонн үнэт металл худалдан авлаа

Монголбанкнаас валютын нөөцийн тогтвортой, хүрэлцээтэй байдлыг хангах хүрээнд үнэт металлын худалдан авалтыг хийж, ажилласны үр дүнд 2023 оны эцсийн байдлаар 17.8 тонн үнэт металл худалдан аваад байна. Гадаад улсад цэвэршүүлж мөнгөжүүлсэн алтнаас тодорхой хэсгийг хадгалах үйл ажиллагааг удирдан зохион байгууллаа.

20. Монголбанкны олон нийттэй харилцах харилцаа, ил тод байдлыг сайжруулж, мөнгөн тэмдэгтийн хамгаалалтын элементийг таних гар утасны аппликэйшн нэвтрүүлэв

Төв банкны ил тод, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлж, мөнгөний бодлогын тогтолцоонд нийцтэй байдлаар олон нийттэй харилцах харилцааг хөгжүүлэн ажиллалаа. Үүний нэг чухал хэсэг болох Монголбанкны  mongolbank.mn цахим хуудсыг бүрэн шинэчлэхийн зэрэгцээ статистик мэдээллийн  stat.mongolbank.mn цахим хуудас, эрдэнэсийн сангийн coin.mongolbank.mn цахим хуудасны хэрэглэгчийн интерфейсийг хэрэглэгч ашиглахад илүү хялбар, ойлгомжтой болгох өөрчлөлт хийсэн. Түүнчлэн үндэсний мөнгөн дэвсгэртийн хамгаалалтын элементүүдтэй танилцах, олж авсан мэдлэгээ бататгаж, шалгах боломжтой BOM Banknote гар утасны аппликэйшний хөгжүүлэлт хийж, iOS болон андройд утастай иргэд татаж авах боломжтой байдлаар байршууллаа. 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%