“Төв банкны зорилт, засаглал, үйл ажиллагааны чиглэл, эрх зүйн шинэчлэл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал боллоо
Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойн хүрээнд Монголбанкнаас “Төв банкны зорилт, засаглал, үйл ажиллагааны чиглэл, эрх зүйн шинэчлэл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа.
Тус эрдэм шинжилгээний хуралд хууль зүй, эдийн засаг, санхүүгийн салбарын бүтээлүүд ирснээс судлаачид, оюутнуудын ангилалд бүтээлүүд шалгаруулан хэлэлцүүлсний дотор Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод заасанчлан бие даасан, хараат бус Төв банкийг бэхжүүлж, эрх зүйн орчныг сайжруулах, цахим шилжилтийг дэмжих чиглэлээр олон, олон шинэ санал, санаачилгууд гарч, хэлэлцүүлсэн нь онцлог, ач холбогдолтой боллоо. Бие даасан, хараат бус, илт тод, хариуцлагатай Төв банк эдийн засгийн тэнцвэртэй хөгжил, Монгол Урт хугацааны хөгжлийн бодлогод нэн чухал ач холбогдолтой болохыг салбарын эрдэмтэн, судлаачид, хурлын шүүгчид ч онцолж байлаа. Тодруулбал, хэлэлцүүлэгт хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллага, олон улсын санхүүгийн байгууллагууд, хууль зүйн болон эдийн засгийн чиглэлийн их сургуулиуд, судалгааны байгууллагуудаас гадна олон нийтийн төлөөлөл ч өргөнөөр оролцов.
Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь Монгол Улсын банк, санхүүгийн системийн хөгжил, Төв банкны үйл ажиллагааны ач холбогдлыг иргэд, олон нийтэд сурталчлан таниулахаас гадна эдийн засаг, санхүү, хууль зүйн чиглэлээр судалгаа хийдэг судлаач, эрдэмтэд болон оюутнуудыг дэмжих, бүтээлүүдийг нь нийтэд түгээн дэлгэрүүлэх, бодлого боловсруулахад оролцох оролцоог нь нэмэгдүүлэх зорилготой байв.