Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэл батлагдлаа

2025-10-20

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэл батлагдлаа 

 
 

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.10.17/ нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж, баталлаа.

Монголбанк 2026 онд хэрэгжүүлэх мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн хүрээнд дараах зорилтуудыг хэрэгжүүлэхээр тусгав.

Мөнгөний болон макро зохистой бодлогын хүрээнд:

  • Эдийн засгийн өсөлтийн тогтвортой байдлыг дэмжих, иргэдийн орлогыг хамгаалах хүрээнд инфляцыг дунд хугацаанд 5 хувийн /+-2 нэгж хувийн интервалтай/ орчимд тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлогыг зах зээлийн зарчимд тулгуурлан хэрэгжүүлнэ. Ингэхдээ инфляцын одоогийн голч зорилт болох 6 хувийг 20247 оноос 5 хувь болгон бууруулна.
  • Макро-санхүүгийн харилцан нөлөөг харгалзан санхүүгийн системийн болзошгүй эрсдэлийг үнэлж, удирдахад чиглэсэн макро зохистой бодлогыг мөнгөний бодлоготой хослуулан хэрэгжүүлнэ. 
  • Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцсэн уян хатан тогтох зарчмыг баримтална. 
  • Төв банкны бодлого, шийдвэрийг хүртээмжтэй хүргэх, хүлээлтийг удирдахад чиглэсэн олон нийттэй харилцах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

Банкны салбарын тогтвортой байдлын хүрээнд:

  • Банкны өөрийн хөрөнгийн бүтэц, бүрэлдэхүүнийг үр ашигтай байдлаар төрөлжүүлэн банкны системийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх замаар банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг хяналт шалгалтын олон улсын стандартад нийцүүлэх арга хэмжээг үргэлжлүүлнэ.
  • Монгол Улсын эрсдэлийн үнэлгээ болон Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын зөвлөмж стандартуудын өөрийн үнэлгээний үр дүнд суурилан Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх (МУТСТ) үндэсний бодлогыг шинэчилнэ.
  • Банк, санхүүгийн тогтвортой байдалд дэмжлэг үзүүлэх хүрээнд иргэдийн санхүү, эдийн засгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Санхүүгийн захын дэд бүтэц, түүний институцыг бэхжүүлэх хүрээнд:

  • Цахим шилжилтийн хүрээнд үндэсний төлбөрийн системийн эрх зүйн орчныг сайжруулах замаар төлбөрийн системийн зохицуулалтыг боловсронгуй болгох, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмжиж, “Стэйблкойн”-ийг төлбөрийн хэрэгсэл болгох боломжийг судалж, олон улсын зарчмын дагуу төлбөрийн систем дэх хяналтын чиг үүргийг хэрэгжүүлнэ.
  • Банкны салбарын эрх зүйн шинэтгэлийг үргэлжлүүлэн хөгжлийн түгээмэл хандлага, олон улсын сайн туршлагад тулгуурлан холбогдох хуульд хэрэгжилтийн үр нөлөөг үнэлж, үнэлгээний үр дүнд тулгуурлан шаардлагатай хууль тогтоомжийн төсөл боловсруулах, чанаргүй зээлийг бууруулах хүрээнд активын удирдлагын мэргэшсэн институцийн эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
  • Бизнесийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд банкны зээл олголтын нөхцөл, шаардлагыг судалж, зээлдэгчийн хэрэгцээ, салбарын онцлогт нийцсэн зээлийн бүтээгдэхүүний нэр төрөл, хүрээг өргөжүүлэхэд чиглэсэн дунд хугацааны бодлогын арга хэмжээг боловсруулна.

Монголбанкнаас дунд хугацаанд хэрэгжүүлэх мөнгөний бодлогын үндсэн чиглэл нь цахим шилжилт, олон улсын худалдаа, харилцаанд гарч буй өөрчлөлт, түүний нөлөөгөөр олон улсын мөнгө, санхүүгийн тогтолцооны хувьсан өөрчлөгдөж буй орчинд макро эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэж байна.

 
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9035
7398 / 82%
1018 / 11%
294 / 3%
325 / 4%