Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Гэрэл зурагчдын клуб байгуулагдав

2015-01-27

Монголын хойд бүсийн гэрэл зурагчдын “Нарыг хайрла” клуб Дархан хотод байгуулагдаж нээлтээ хийлээ. Эхний ээлжинд Сэлэнгэ, Дарханы 20 гаруй гэрэл зурагчид сайн дураараа эвлэлдэн клубийнхээ дүрмийг хэлэлцэн баталжээ. Цаашдаа Булган, Эрдэнэтийн гэрэл зурагчдаар эгнээгээ тэлэх юм.

Хэвлэлийн Хүрээлэнгийн Хойд Бүсийн төв, Соёлын Гавьяат зүтгэлтэн сэтгүүлч Ө.Рагчаасүрэн гэрэл зурагчдын  клуб байгуулах санаачилгыг эхнээс нь биечлэн дэмжиж туслан цаашид хамтран ажиллахаар боллоо. Хүсэл сонирхлоороо нэгдсэн сэтгүүлч, багш, зураач, хэвлэлийн дизайнер,инженер зэрэг янз бүрийн ажил мэргэжлийн хүмүүс гишүүнээр элсжээ. Клубийн тэргүүнээр Дархан хотын телевиз, радиогийн “Хос Дог” студийн захирал, сэтгүүлч Г.Анхбаярыг сонгов. Клубийн анхны сургалтаар “Монголын гэрэл зурагчдын нийгэмлэг”-ийн гэрэл зурагчин Ц.Батбаатар, гэрэл зургийн багш В.Баттулга, гэрэл зурагчин А.Мөнхсайхан нар ирж хичээл заав. Сургалтын дадлага ажлаар Дархан-Сэлэнгийн замын дагуух “Цагаан нуур”-ын баруун дэнжид өвөлждөг тэмээчин Б.Цэрэнбадамынд очиж буурын ороо орох үеийн судалбар зураг авах аяллаа амжилттай хийсэн нь оролцогчдын сонирхлыг гойд татлаа. Хэдэн жилийн өмнө Говь-Алтай нутгаас нүүж ирсэн тэмээчин айлын элсэн далайн хөлөг нь Сэлэнгэ, Дархан нутагт идээшин үржижээ. Сүргийн эзэн буурны ороо нь ид орж хоол тэжээлээ сойн гэдсээ татаж, амаараа цагаан хөөс сахруулан шүдээ хавирч, шилээ шөргөөн хүрхрэн шавж зогсох нь үнэнхүү сүрлэг. Энэ  өвөл бусад нутгаас цас ахиу унасан Бурхантын хөндийн нүд гялбуулан цэвцийх цагаан талаар дэвсгэрлэн орсон буурын дахин давтагдашгүй дүр төрх, олон гоё агшинг гэрэл зурагчид өөр өөрсдийн мэдрэмжээрээ хальснаа буулгаж авчээ.  

Гэрэл зурагчдын “Нарыг хайрла” клубийг Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа дэмжин гишүүнээр элсэхээ илэрхийлжээ. Клубийн гишүүд нь жил бүр байгалийн үзэсгэлэнт газруудаар аялал хийж эх орныхоо хоймор нутаг, хүн зоных нь түүхийг  гэрлийн урлагаар бичин баринтаглаж хойч үедээ үлдээх зорилт тавилаа. “Мянган үгнээс үнэтэй нэг кадр” буулгаж авч гэрэл зураг бүрийг үнэ цэнэд хүргэх эрхэм зорилгыг тэд уриагаа болгож ажиллана. Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоог байгуулахад оролцох хүсэлтэй байгаа төдийгүй гишүүдийнхээ ур чадварыг дээшлүүлж, гадаад харилцааг ч өргөжүүлнэ. Гэрэл зурагчдын ёс зүйн зарчмыг боловсруулан мөрдөхийн зэрэгцээ тэдний эрхийг хамгаалах, нийгмийн асуудалд нь ч анхаарлаа хандуулна. Клубээс орон нутгийнхаа гэрэл зургийн үүсэл хөгжлийг судлан тодруулж бичиглэн эмхэтгэхээс гадна ахмад гэрэл зурагчдыг урьж уулзалт хийж тэдний үнэтэй зөвлөгөөг ч сонсох юм.

А.ГЭРЭЛМАА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%