Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Ч.Чүлтэмбат: Аймаг маань гадаад бодлогын нэгдсэн журамтай болно

2015-01-27

Б.ЭНХЗАЯА

Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Чүлтэмбатыг энэ удаагийн “Ярилцах цаг”-таа урилаа. Түүнтэй тус аймгийн гадаад бодлого болон Монгол малын удмын сангийн үндэсний цогцолборын тухай ярилцсан юм.

-Дарханыг найрамдлын хот гэж овоглодог. Энэ утгаар сүүлийн үед танай аймгийн гадаад харилцаа тэлж олон улстай харилцах болсон гэсэн. Энэ тухай ярилцлагаа эхэлье?

-Дархан-Уул аймаг ялангуяа Дархан хотын гадаад харилцаа сүүлийн үед нэлээд өргөжих төлөвтэй болсон. Манай аймаг хөгжлийн гараан дээр байна. Тиймээс гадаадын хотуудаас хөрөнгө оруулах, бусад салбарт хамтран ажиллах хүсэл сонирхлоо ихээр илэрхийлэх боллоо. Мөн энэ сарын 14-16-ны өдрүүдэд БНСУ-ын Кёнги аймгийн хурлын төлөөлөгчид айлчилсан. Бид хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллах санал тавиад байгаа юм. Тухайлбал, гэмт хэргийн гаралт өндөр гэр хороололд гудамжны гэрэлтүүлэг, камер тавих, хог тээврийн машин, эмнэлгийн анхан шатны төв байгуулах, Шинэ гудамж төсөл хэрэгжүүлэхэд хамтран ажиллахыг хүссэн. Харин тус аймгийнхан манайхтай мал аж ахуйн чиглэлээр хамтрах сонирхолтой байгаа. Ялангуяа, хурдан морины чиглэлээр. Солонгост морин тойруулгаар дамжуулж аялал жуулчлалыг хөгжүүлэхээр төсвөөс нь санхүүжүүлсэн төсөл хэрэгжиж байгаа гэсэн. Энэ хүрээнд манайхаас монгол морь, уяачдыг харилцан солилцохоор хэлэлцэж байгаа. Түүнчлэн сүүлийн үед Унгар улстай холбоо харилцаа сайжирч байна. Бизнесийн төлөөлөгчид нь манайд ирж ямар чиглэлээр хамтран ажиллахаа ярилцсан. Хэдхэн хоногийн өмнө Дархан-Уул аймгаас 40 гаруй төлөөлөгч Улаанбаатарт болсон Унгар Монголын бизнес форумд оролцоод ирлээ. Энэ үеэр хог хаягдлын дахин боловсруулалт, барилгын сантехник, дулааны үйлдвэрлэл болон анагаах ухааны салбарт хоёр улс, хоёр хот тэр тусмаа Дархан-Уул аймаг хамтран ажиллах саналыг тавьсан. Сингапур улсад хотын дэд бүтэц, хот төлөвлөлтийн сургалтад аймгийн Засаг дарга болон аймгийн ерөнхий архитектур тэргүүтэй хүмүүс оролцсон. Хот төлөвлөлт бол бидний хамгийн гол  асуудал. Энэ мэтчилэн бид гадаад харилцаандаа олон ажлыг эхлүүлээд явж байна.

-Танайхны хамгийн анхны түнш нь Улаан-Үд хот байсан. Олон жилийн уламжлалт харилцаа одоо ч хэвээр биз?

-Найрамдлын хот гэдгээр Дархан хот байгуулагдаад дөрвөн жил болсны дараагаас анхны гадаад харилцаа тогтоож байсан нь Улаан-Үд хот. Тус хоттой 1965 онд дипломат харилцаа тогтоож байсан. Бид үүнийг эрчимжүүлэн үргэлжлүүлэх ёстой. Тиймээс өнгөрсөн оноос харилцаагаа сэргээсэн. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 25-28-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн албаны болон урлаг соёл, бизнесийн 300 гаруй төлөөлөгч Улаан-Үд хотод айлчилж Дархан хотын эдийн засаг, соёлын өдрүүдийг амжилттай зохион байгуулсан. Энэ үеэр олон асуудлыг шийдвэрлэж чадсан. Боловсролын салбарт сурагч солилцох, урлагийн байгууллага, бизнесийн салбарынхан хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тухайлбал, Дархан-Уул аймагт түүхий эд оруулж ирж бэлэн бүтээгдэхүүн болгохоор тохиролцсон. Энэ үеэр аймгийн Иргэдийн хурлын дарга Ч.Цэндсүрэн Буриад улсын Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдтай уулзалт хийсэн, мөн хоёр хотын дарга хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. Жил бүр уламжлал болгохоор зорьсон Улаан-Үд хотын эдийн засаг, соёлын арга хэмжээ Дархан-Уул аймагт ирэх тавдугаар сарын 20-23-ны өдрүүдэд болохоор бэлтгэл ажлаа базааж байна. Ажлын хэсгийн хүмүүс манай аймагт саяхан айлчлаад буцсан. Үүнээс гадна Казакстан, Энэтхэгийн Элчин сайдууд манайд ирсэн. Энэтхэгийн Элчин сайд бидэнд тодорхой санал тавьсан. Тус улсад манай 150 гаруй оюутан суралцдаг юм байна. Цаашид зөвхөн Улаанбаатараас бус хөдөө орон нутгаас оюутан авъя, танайх оюутан залуусаа явуулаач гэсэн. Харин Казакстан Дархан хотын бүтээн байгуулалт, цаашид хэрхэн хөгжих гэсэн бодлоготой танилцсан. Энэтхэгийн Элчин сайд ч мөн адил. Тэгэхээр Элчин сайдууд ирж судлаад байна гэдэг нь яаж хамтран ажиллах бодлогоо гаргах гээд байна. Барилга байгууламж ингэж хөгжинө, хотоо ингэж хөгжүүлнэ гэсэн бодлогоо бид нээлттэй үзүүлж байгаа. Мэдээж олон улсын зах зээлд гарч байж хот маань хөгжинө. Үүнээс харахад манайд гадаад харилцаа далайцтай хөгжиж байна. Хойшид хийгдэх ажлуудын төлөвлөгөөг ч гаргаад байна. Энэ бүхнээс үндэслэж Дархан-Уул аймаг маань гадаад бодлогын нэгдсэн журамтай болъё гэж ярьж байгаа. Журмаа боловсруулаад Иргэдийн хурлаар батлуулахаар төлөвлөж байна. Бид гадаад бодлого дээрээ маш нухацтай хандах шаардлагатай болсон. Нэг талаар Дархан-Уул аймгийн нэр төдийгүй Монгол Улсын нэр хүнд гардаг учраас харилцан ашигтай, хамтран ажиллах дипломат ёсыг хатуу баримтлахыг хичээж байна. Ингэхээр гадаад бодлогын журмаар бүх асуудлыг дипломат ёсонд нийцүүлж гаргана. Бүх яриа хэлэлцээрийг протоколдож, баримтжуулж авах ёстой. Бүх юм нэгдсэн бодлогоор тэр нь Дархан-Уул аймгийн цаашдын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх чиглэл рүү хөтөлсөн байх ёстой.

-Казакстан, Энэт­хэгийн Элчин сайд айл­чилсан гэлээ. Манай талаас барилга байгууламж, хот төлөвлөлт, эдийн засаг, боловсол, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах сонирхолтой байна. Харин гадныхан Дарханд анхаарал тавь­сан шалтгааныг та бүхэн юу гэж харж байна?

-Манайд нийтлэг нэг зүйл бий. Тэд үйлдвэрлэл рүү жигд хандаж байгаа. Хоёрдугаарт, дэд бүтэц. Энэ хоёр хүчин зүйл тэдний анхаарлыг татаад байгаа юм. Учир нь Дархан-Уул аймаг өөрөө аж үйлдвэрийн хот. Мөн хамгийн боломжит нөхцөлтэй, зам харгуй, цахилгаан, дулаан зэрэг нь хөгжчихсөн. Гуравдугаарт түүхий эд баялаг нутаг. Тухайлбал, төмрийн хүдэр, ордууд, хайрга дайрга зэрэг нь байна. Цемент үйлдвэрлэх шохой манай нутаг тэр чигээрээ. Барилгын материалын түүхий эд ч бий. Хүмүүс суурьших, өргөжин тэлэх магадлалтай.

-Таныг хэдэн жилийн өмнө монгол малын удмын санг бий болгох тухай ярьж байсныг санаж байна. Тэр үеийн яриа одоо ажил хэрэг болж Дархан-Уул аймагт Монгол малын удмын сангийн үндэсний цогцолбор байгуулах суурь тавигдсан гэсэн. Ямар үйл ажиллагаатай цогцолбор босох тухай товчхон тайлбарлаач?

-Монгол малын ге­нийн бодлого явагдана гэсэн үг. Шилмэл мал, зохиомол хээлтүүлэг дээр эрдэм шинжилгээний ажлууд хийх ёстой. Цогцолбор байгуулагдсанаар эрдэм шинжилгээний томоохон хурлууд зохионо. Ялангуяа мал үржлийн талаар. Ийм ажлыг эхлүүлсэн учир нь монгол малын гентэй холбоотой. Монгол мал генийн хувьд маш их доройтчихлоо. Бид монгол мал, газар тариалан хоёрт хоёр чухал зүйлийг нь хаячихсан.  Өөрөөр хэлбэл, мал аж ахуйд зоотехникч, газар тариаланд агрономичоо орхигдуулж ирсэн. Тариаланчид агрономич хэрэггүй, бидэнд туршлага байна гэдэг, малчид нь зоотехникч гээд нэг охин гүйгээд байдаг. Тэр хэрэггүй гэх зэргээр хоёр шинжлэх ухааны гол тулгуурыг орхигдуулсан. Тиймээс энэ хоёр салбарын шинжлэх ухааны бодлого нь алдагдчихсан юм. Мал гэхэд давжаараад, сүү сааль нь татардаг болчихож. Энэ нь үрж­лийн бодлого байхгүй болсны шинж. Тэгэхээр монгол малын удмын сан­гийн үндэсний цог­цолбор гэдэг нь шу­луухандаа зоотехникч гэсэн үг.

-Одоогоор ажлын явц ямар байна. Боловсон хүчнийг хэрхэн сонгох юм бол. Ер нь цаашид дарханчуудад ихээхэн өгөөж өгөх бүтээн байгуулалт гэж харж болох уу?

-Энэ бол маш том сэдэв. Өмнөх нийгмийн үед хамгийн их хүчээ хаяж байсан салбар нь малын эмч, зоотехникч, агрономич гурав байсан юм. Хамгийн сайхан амьдардаг, нэр хүндтэй хүмүүс нь тэд байлаа шүү дээ. Сангийн аж ахуйн дарга нь ерөн­хий зоотехникч, малын эмч, инженер, нягтлантайгаа ярилцаж бодлогоо гаргаж, асууд­лаа хэлэлцдэг байсан. Цогцолбор нь энэ үеийг нөхөх, мал аж ахуй газар тариалангийн шинэ хөгжлийг эхлүүлэх ажлын эхлэл гэж болно. Төсвийг нь улсаас шийдсэн. Мөн аж ахуйн аргаар хурал зөвлөгөөн хийх, хөлдөөсөн үр за­рах зэргээр эдийн зас­гаа нөхөж явна. Мал­чид малынхаа удмыг сайжруулахын тулд цогцолборт ирж эрдэмтдээс зөвлөгөө авдаг, сайн удамшлын үр авах боломжтой болно. Цогцолборыг дагаад маш олон сүүний фермерүүд үүсэх магадлалтай. Тэгэхээр Дархан, Сэлэнгэд ихээхэн үр өгөөжөө өгөх бүтээн байгуулалт болно гэж үзэж байгаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%