Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын мэндчилгээ

2015-02-17

         Айл гэрийн өмөг түшиг - азай буурлууд, хүндэт ахмадууд,  иргэд, хөдөлмөрчид
         Өвөг дээдэс, өндөр настнаа хүндлэн жаргаасан нутгийн ахан дүүс, зон олон минь.
       XVII дугаар жарны хөхөгчин хонин жилийн сар шинийн мэндийг Та бүхэндээ өргөн дэвшүүлж айл, гэр бүхэнд аз жаргал, хүн бүхэнд юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчлэн бүтэж, эв эетэй, энх жаргахын ашдын ерөөлийг өлзий болгон өргөн айлтгая.
        Хотол олноороо энх амгалан, Даага далантай, Бяруу булчинтай, онд өнтэй тарган тавтай орцгоож байна уу. Жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг Монгол түмэн эрт дээр үеэс ёс жаягийн дагуу тэмдэглэж ирсэн түүхэн уламжлалтай.
     Цагийн хатуу, цасны хайрууг ажралгүй давсан малчид, ард иргэд  маань эцэг өвгөдийн үеэс  хадгалан  хөгжүүлж ирсэн уламжлалт их баяр - Цагаан сараараа айл саахалт, ахан дүүс, халуун ам бүлээрээ  хуран цуглаад нас нэмж, буян хурсан ихэс, дээдэстээ хүндэтгэл үзүүлж, уран цэцэн үгсийг уралдуулан,  мэнд амраа мэдэлцэж, уужуу саруул ухаанаар өнгөрсөн үйлийг дүгнэн хэлэлцэж, угтан золгож буй  хөхөгчин  хонин жилийн өнгө байдлыг шинжин хөөрөлдөж,  хотол олон, энх амгалан, эрүүл энх байхын билэгтэй үгээр биесээ хөхиүлэн мялаадаг эртний сайхан зан үйлээ яруу сайхан харуулна гэдэгт найдаж байна.
      “Үртэй бүхэн төлжиж,  үндэстэй бүхэн нахиалах”-ын  бэлгэдэл, даллагатай хаврын эхэн сарыг монголчууд “Цагаан” хэмээн эртнээс онцлон тодотгож, бэлэгшээн дээдэлж ирсэн нь олон талын учир бэлгэдэлтэй. Цагаан өнгө бол Монгол хүмүүний хувьд ачлал хайраар ивээх энэрэлт  эхийн сүү, амин зуулга тэтгэх эрдэнэт малын сааль шимийн өнгө, атаа хоргүй нандин сэтгэлийн өнгө, бас амьдралаас хүсэх зам, ардаа үлдээх мөрийн өнгө билээ.
       Зүгийг эрхэмлэж  өнгийг бэлгэшээдэг манай ард түмэн ирж буй жилдээ нуруутай сайхан явахыг сүсэглэн хүсэж, цагаан сарын шинийн нэгэнд зүг, мөрөө зөв гаргаж, цээртэй хориотой бүхнээс татгалзан, ёс  жудаг, уламжлал, зан заншил, цагаалга, хүндэтгэлийг дээдэлсэн  зан үйл  үйлддэгийн учир энэ.
       Амьдралд алдсан, бусдад буруу санасан, саар зүйл хийсэн хэн нэгнээ наминчилж, уучлал хүсээд, цагаан сарын өнгөөр ариусган цайруулж, сэтгэл санаандаа буруу бодол, зөрүү сэдэлгүй, эв эеийг эрхэмлэж, хаврын тэргүүн сарын шинийн нэгэн,  цагаан сарын эхний өдөртэйгөө золгох гэж чармайдаг нь өөдрөг үзэлт Монгол хүмүүний ёсон.
         “Санаа сайн бол заяа сайн” гэдэг. Шинэ оноо санаа сайтай угтацгаая.
Тэнгэрт сүсэглэж, ач буянаа  шүтсэн, нутгийн зон олон минь байгаль дэлхий, тал нутгийнхаа өгөөж хишиг, өлзий буяныг хүртэж,  дэлгэр зун,  налгар намартаа малчид, тариаланчид, соёл, боловсрол, эрүүл мэндийн салбарынхан,  худалдаа, үйлчилгээ эрхлэгчид, баялаг бүтээгчид, иргэд, хөдөлмөрчид  маань идэвх чармайлттай ажилласныхаа үр шимээр өнгөтэй сайхан өвөлжиж,  хотондоо ээлтэй  хөхөгчин хонин жилтэйгээ золгон, урин цагтайгаа учирч байна.    
       Гарч байгаа хөхөгчин модон хонин жилдээ та бидэнд, үр хойчис, өрх бүл,  аймаг, орон нутгийнхаа сайн сайхны төлөө эв эеэ хичээж, хийж бүтээх, санаж сэдэх ажил их бий.
        Эрхэм хүндэт иргэд ээ, угтан золгож  буй  хөхөгчин  хонин жилдээ ард олон, айл хотлоороо аз жаргалтай, эрүүл энх, ажил  үйлс нь өөдрөг бүтэмжтэй байж, буян хишиг хурж, өлзий хутаг орших болтугай.

 Зон олон Та бүгд минь сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Хүндэтгэсэн:
ДОРНОД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН
ХУРЛЫН ДАРГА                               Р.ЗОРИГТБААТАР

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1357
531 / 39%
427 / 31%
195 / 14%
204 / 15%