Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Эмэгтэйчүүддээ амжилт хүсэж, мэндчилгээ дэвшүүлэв

2015-03-09

Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан “Орон нутгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” чуулганы нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Р.Зоригтбаатар оролцлоо. Бусдыгаа манлайлан уриалан дуудаж, үлгэрлэн ажиллахаар ирсэн эмэгтэйчүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлж чуулганы ажилд нь амжилт хүслээ.

Аймгийн ИТХ-ын даргын чуулганы нээлтэд хэлсэн үгнээс:

        Эх орны өнгө жавхаа, өрх гэрийн гэрэл, гэгээ, түшиг тулгуур болсон Монголын үзэсгэлэнт сарангоо эхчүүд, эмэгтэйчүүд та бүхэндээ олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Төлөөлөгчид, ИТХ-ын нэрийн өмнөөс чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж эрүүл энх, аз жаргал, баяр баясгалангийн дээдийг ерөөе.

        Манай Монгол эмэгтэйчүүдийн Монгол улсын төрийн хөгжил, дэвшилд хийж гүйцэтгэж, бүтээн байгуулсан үйлс, асар их юм. Эх орноо бид эхийн нэрээр дууддаг нь ч гүн гүнзгий утга учиртай.Тиймээс төр улсаа төвхнүүлж, түмэн олноо амар тайван амьдруулахыг тэнгэр бурхандаа даатган, эх орон ирээдүйн хойчийн сайн сайхан амьдралын төлөө эрдэм оюун, хүч чадал, бие сэтгэлээ зориулан ажиллаж ирсэн эхчүүд, эмэгтэйчүүдийн суу билэг, алдар гавьяа, улс,аймаг, хотын түүхэнд тод томруун үлдсэн гэж бардам хэлнэ.

         Манай аймгийн нийт хүн амын тэр тусмаа эрүүл мэндийн, боловсролын, соёлын, оюутан сурагчдын, бизнесийн, худалдаа, ахуйн үйлчилгээний, хөдөө аж ахуйн,  банк санхүүгийн салбарт ажиллагсдын 60-аад хувьд эмэгтэйчүүд ажиллаж аймаг, хотынхоо ачааны хүндийг үүрэлцэж, хөдөлмөрлөж, бүтээн босгож байгааг хараад эмэгтэйчүүдээрээ бахархаж явдаг юм.

        Манай аймгаас ажил хөдөлмөрөөрөө шалгарсан, аймаг орныхоо бүтээн байгуулалтын төлөө бусдыгаа манлайлан хөдөлмөрлөж явсан алдартан олон байсны дотор ЦагаанОвоо сумын харьяат гавьяат нэгдэлчин Дамбын Ичинхорлоо, олон түмнээ Бумаа хэмээн алдаршсан Матад сумын харьяат гавьяат жүжигчин Түдэвийн Цэвээнжав, Дашбалбар сумын харьяат гавьяат нэгдэлчин Болдын Цэндэнханд, Сэндүүмийн Дэнсмаа, Чойбалсан хотоос төрсөн гавьяат жүжигчин Цэрэнгийн Дарьсүрэн, Гомбожавын Рина, гавьяат багш Чойровын Цэдэвсүрэн, Цагаан-Овоо сумын харьяат гавьяат жүжигчин Гомбын Цэрэнханд, Монгол улсын аварга саальчин Баянтүмэн сумын харьяат Лхамхүүгийн Дуламсүрэн, Монгол улсын сайн малчин Матад сумын харьяат Цэвээний Цэрэнпагам нарын зэрэг аймаг орныхоо нэрийг мандуулж явсан хөдөлмөрийн сайчуудаа бахархан тэмдэглэж байна.

        Аймгийнхаа хөгжил, дэвшил, бүтээн байгуулалтын бодлогыг тодорхойлох, зорилго чиглэлтэй ажиллах,  энэ ажилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдлыг хангах, улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралд эмэгтэйчүүдийн үүрэг ролийг нэмэгдүүлэх, манлайлан оролцох зорилгоор аймгийн ИТХ-ын төлөөлөгч П.Цэрмаа, Д.Урансувд, М.Уртнасан нар санаачлан “Дорнод аймгийн Эмэгтэйчүүдийн хөгжлийн хөтөлбөр”-ийг  2014 онд боловсруулан аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэн батлуулсан юм.

         Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор “Дорнод аймгийн хөгжилд, эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт чуулганыг зохион байгуулж энэ ажилд төв  хөдөөгийн 600-аад эмэгтэйчүүд оролцож өөрийн нутаг орныхоо хөгжлийн бодлогыг тодорхойлох, арга замыг ярилцах, бие биенээсээ санаа авч, өөрсдийн ажиллаж амьдарч байгаа орчиндоо манлайлан оролцох,  зохион байгуулах, гэр бүл, үр хүүхдээ орчин үеийн мэдлэг боловсролтой, зөв хүмүүжилтэй ирээдүйн иргэнийг бэлтгэн гаргахад та бүхэн хошуучлан ажиллах сэтгэлийг өвөрлөсөөр, нийт  эмэгтэйчүүдээ уриалан дуудаж, үлгэрлэн ажиллахаар ирсэн эмэгтэйчүүд та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлж чуулганы ажилд амжилт хүсье.

         Аймаг орны хөгжлийн төлөө эмэгтэйчүүд та бүхний санаачлан хэрэгжүүлж байгаа энэ ажилд аймгийн ИТХ-аас 10 сая төгрөгийг хуралдаанаараа батлуулан дэмжлэг үзүүлсэн.

         Аймгийн ИТХ-аас 2015 оныг “Баялаг бүтээгчдийг дэмжих  жил” болгох  зорилтыг дэвшүүлсэн, мөн “Архигүй амьдрал” аяныг аймаг орны хэмжээнд өрнүүлэн ажиллаж байгаа үед энэ чуулганыг зохион байгуулж байгаа нь эмэгтэйчүүд та бүхэн аймаг орноос дэвшүүлсэн зорилтыг бүхий л талаар дэмжин, ажиллаж, амьдарч байгаа цэг, салбар, орчиндоо бусдыгаа хошуучлан эмэгтэйчүүд юу хийж чаддагаа харуулна гэдэгт огт эргэлзэхгүй байна.

         Энэ сайхан бүтээлч ажлыг санаачлан зохион байгуулсан, хамтран ажиллахаар санаа нэгдэн, аймаг орныхоо хөгжил, дэвшилд  манлайлан оролцохоор чуулж байгаа эхчүүд, эмэгтэйчүүд та бүхний нутаг орныхоо төлөө хийж байгаа ажилд  ажлын амжилт хүсэж , айл өрх бүр өнөр өтгөн, элэг бүтэн байхыг  ерөөе.    

 

     Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1357
531 / 39%
427 / 31%
195 / 14%
204 / 15%