Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Наурыз баяр Дарханд өргөн дэлгэр болж байна

2015-03-22

Дархан-Уул аймгийн Казак иргэд үндэснийхээ их Наурыз баяраа ёс төртэй тэмдэглэж байна. Дархан сумын Казак иргэдийн зөвлөлөөс “Дархан ресторан”-д Наурыз баярын өдөрлөг хийв. Уг өдөрлөгт аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн нарын аймгийн удирдлагууд уригдаж оролцлоо.

Тус аймгийн Казак иргэд Дархан хот болон бүх сумдад 500 гаруй өрх, гурван мянга гаруй Казак иргэд байдгаас Дархан хотод зуу гаруй өрх, Шарын гол суманд гурван зуу гаруй, бусад нь Хонгор суманд оршин суудаг. Сүсэг бишрэлийн хувьд Мусульман шашинтан бөгөөд Шарын гол, Хонгор сумдад Мусалманы мөргөл үйлддэг сүмүүд бий. Хонгор суманд байгуулагдсан сүм нь байнгын ажиллагаатай. Тус хийдэд “Жуманамаз” буюу Баасан гарагийн мөргөлийг тогтмол үйлддэг байна. Тус аймгийн Казак түмэн үндэсний их баяраа угтаж аймаг, сумынхаа иргэдэд үндэсний дуу хөгжим, урлагийн тоглолтоо сонирхуулдаг уламжлалаар энэ жил ч гэсэн олон түмэнд сонирхууллаа. Энэ жилийн Наурызын баяраар шилдэг тэргүүний хүмүүсийг шагнаж урамшууллаа. Үүнд: Дархан-Уул аймгийн Засаг даргын шагнал “Найрамдлын Дархан” тэмдэгээр Н.Тойланхан, аймгийн “Тэргүүний ажилтан” цол тэмдэгээр С.Бадель, Засаг даргын жуух бичгээр Х.Сакей нарыг шагналаа. Мөн өдөр Хонгор суманд Наурызийн баярын өдөрлөг болж сумын төвд Казак гэр барьж Казакийн өв соёлыг сурталчилж хоёр насны морь уралдуулж, бөхийн барилдаан боллоо. Дархан-Уул аймгийн Казак иргэдийн зөвлөлийн дарга С.Комферанцтай ярилцлаа.

-Юуны өмнө танд болон нийт Казак иргэддээ Наурызийн баярын мэнд хүргэе. Та Казак үндэстнийхээ энэ сайхан баярынхаа утга учрын талаар хэлж өгөөч

.-Улс үндэстэн бүхэнд тэмдэглэдэг уламжлалт баяр байдгийн нэг нь манай Казак түмний Наурыз баяр юм. Энэ баярыг дорно зүгийн Мусульман шашинтай зарим оронд жилд нэг удаа ард түмний баяр болгон тэмдэглэдэг. Энэ нь үндэсний их бэлгэдлийн өдөр, хаврын баяр, нарны баяр зэргээр янз бүрээр нэрлэх нь бий. Наурыз гэдэг нь перс хэлний “ноу” буюу шинэ, “руз” буюу шинэ өдөр гэсэн утгатай. “Наурыз” буюу “Шинэ өдөр” нь шинэ жилийн эхний өдөр гэсэн үг. Энэ утгаараа Монголын цагаан сартай тун төстэй. Казакуудын хувьд “Наурыз” гэдэг үг шинэ жилийн эхэнд тэмдэглэдэг түмний баяр, байгаль дэлхий өвлийн нойрноос сэрж, өдөр шөнө тэнцдэг өдөр гэж үздэг.Эрт үеэс нүүдэлчин аймгууд жилийн эх сайн сайхны бэлэгдэл болсон өдөр Наурызаас эхэлдэг гэж үздэг байжээ. Энэ өдөр од гаригс өөрсдийн анхны байршилдаа эргэн ирж, өдөр шөнө тэнцэж, өвс ногоо соёлж, мал төллөж, идээ цагаа гарч, газар дэлхий сайн сайхнаар бялхдаг гэж үздэг. Манай Казак түмний домог яриагаар бол гуравдугаар сарын 21-ний өдөр “Хызыр” буюу битүүний өдөр “Аксакал” өвгөн уулс нь өргөн талаар хэсүүлчилж явдаг ажээ. Хызырын шөнө шинэ жил босго алхан орж ирээд хойморт залрах мөчид “Ганц мод гал болохгүй, ганц “щам” буюу оч гэрэл гаргахгүй” хэмээн нэрлэдэг.

- Монголчууд шинийн нэгний өглөө зүг чиг гаргадаг. Харин Казак иргэд шинийн нэгэнд яаж угтдаг вэ?

-Манай Казакууд “Наурызнан тангерьтен” буюу шинийн нэгний өглөөг мандах нарыг харахаас л эхэлдэг. Дараа нь ахан дүүс, төрөл төрөгсөдтэйгээ золгоно. Эрчүүд нь хоёр гараа барилцан бие биендээ цээжээрээ шүргэж золгодог бол эмэгтэйчүүд маань хоорондоо тэврэлдэж золгоно. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс хоорондоо зөвхөн гар барьж золгоно. Хоёр гараараа мэндчилж, цээжээрээ хүрч золгодог нь “Амь насны минь түшиг-цээж минь, амьдралыг тэтгэгч-хоёр гар минь эрүүл энх байг” гэсний бэлгэдэл юм. Айл болгон цагаалга, будаа, мах шүүс зэрэг долоон төрлийн идээгээр  ширээгээ засч долоон төрлийн амттанаар амталсан “Наурыз көжөө” буюу наурызын шөлөөр зочдоо дайлах ёстой. Уламжлал ёсоор хүн бүр айл болгонд зочилж, Наурызын шөлийг цадталаа уух учиртай. Энэ нь жилийн турш цатгалан байг гэсний бэлгэдэл юм. Мэдээж мах болон бусад хоол байсан ч шөл заавал ууна. Наурызын баярын өдөр “Аксакал” настнууд залуучууддаа мартагдахааргүй сайхан зүйр цэцэн үгс хэлж, сургаал айлдаж үлдээхийг зорилго болгодог. Наурызын энэхүү бэлэг дэмбэрэлтэй өдөр хүмүүс аливаа муу санаа бодлоо таягдан хаяж, бүрэн ангижрах ёстой. “Наурызын өдөр дайснаа хүртэл уучил” хэмээсэн өвөг дээдсийн сургаалийг хүндлэн дээдлэж муудалцсан ахан дүүс, найз нөхдийгөө зоогт урьж, хооронд нь эвлэрүүлж эв нэгдлийг нь улам бүр бэхжүүлдэг. Ер нь Наурызын баяраар ахмад настнуудаа хүндлэн дээдлэж, захиа даалгаварыг нь ёсчлон биелүүлдэг. Наурызын баяраар архи дарс хэрэглэх ёсгүй. Тэр тусмаа ахмад настнуудын дэргэд архи үнэртүүлэхийг хатуу хориглодог. Манай Наурызийн баярт мөнгө төгрөгөөр золгох бэлэг өгч авалцах ёс байдаггүй.

-Энэ баяраараа айлд очоод дуулж хуурдаж тоглож наадах ёсон байдаг уу? Монголчууд маань цагаан сараар битүүлэх гэж нэг ёс бий. Харин Казак түмэнд?

-Монголчуудын битүүлэхтэй адилхан ёс манайд бас бий. Наурызын урдах өдрийн нар жаргах үед нийтийн дунд хоёр найрагч гарч ирээд муу сайн, халуун хүйтэн, өвөл зуныг дүрслэн өгүүлж өөрсдөө газар дээр нь зохиож харилцаа дуугаар өрсөлдөж эргэн тойрноо шүлэглэн дуулах тэмцээн буюу “Айтыс”-ыг эхлүүлдэг. Харанхуй болмогц энд тэнд түүдэг асааж, тэдгээрийг тойрон бүжиглэн дуулж хуурдацгаана. Үүнийг “Аластау” буюу галд шүтэх, галаар ариусгах ёслол гэдэг. Залуучууд гадаа ардын уламжлалт тоглоомуудыг тоглож наадна. Үүр цайх үед бүгд ойролцоох аль нэг дэнж, ууланд гарч ургах нараа угтана. Урган гарах улаан нарыг баяр баясгалантай угтан авч, “Буян хишгээ хайрла” хэмээн сүү, цагаан идээнийхээ дээжийг өргөсний эцэст гэр гэртээ харьцгаана.

-Шинийн нэгний өглөө ууланд гарч ирчихээд гэртээ юу хийх вэ? Золголт эхлэх үү?

-Наурызын өглөө ургах нарнаар гэртээ ирчихээд эрчүүд нь багаж хэрэслээ авч, эмэгтэйчүүд сүү цагаа, чанасан мах, идээ будааныхаа дээжийг барьж гадаа гарна. “Булаг тааралдвал цэвэрлэж яв” гэсэн өвөг дээдсийн сургаалын дагуу булаг, усны эхэнд очиж, эрчүүд нь эргэн тойрныг нь цэвэрлэж, настан буурлууд  “Нэг бут тайрвал, аравыг суулга” хэмээн залуучуудаар булгийн эхэнд мод бут суулгана. Эмэгтэйчүүд нь мандах наранд “Амьдрал тэтгэх наран ээж минь” хэмээн ёслон мэндчилж, “Газар-эх минь хишиг буянаа хайрла” хэмээн булгийн ус, тарьсан модондоо тос, цагаан идээгээ өргөнө. Энэ бол байгаль орчноо хамгаалах, хайрлах, сэтгэлгээ төлөвшүүлэх нэг хэлбэр юм.

-Наурызийн баяраа хэдэн оноос тэмдэглэдэг болсон бэ? Тасралтгүй тэмдэглэж ирсэн үү?

-Монголын хүн амын арав орчим хувийг эзэлдэг Монголын Казахууд энэ баярыг 1921 он хүртэл чөлөөтэй, 1930-аад оны дунд хүртэл алдаг оног тэмдэглэж байгаад социализмын үед огт тэмдэглэхээ больсон. Харин одоо манай орны Казах иргэд энэ баярыг гуравдугаар сарын 22-нд Баян-Өлгий аймагт бүх нийтийн үндэсний томоохон баяр болгон тэмдэглэх болсон. Энэ өдөр Монголын Казах иргэд амарч, Наурызын баярыг чөлөөтэй тэмдэглэхийг Хөдөлмөрийн хуулиар баталгаажуулж өгсөн нь Монгол улсын төр, засгаас үндэсний цөөнхийн ёс, заншил, эрх чөлөөг хүндлэн дээдлэж ирсний илрэл юм. Харин одоо НҮБ, Юнеско-д Наурызын баяр албан ёсоор бүртгэгдсэнээр дэлхий нийтийн соёлын үнэт өв болсноор дэлхий нийтийн баяр болсон нь манай Казак үндэстний бахархал. Мөн манай улсын төр, засгийн тэргүүнүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр Казах иргэдэд баярын мэндчилгээ дэвшүүлж, Казах иргэдийн төлөөлөгчдийг төрийн ордонд хүлээн авч санал бодлыг нь сонсож, зарим ахмадуудын гэрт нь очиж хүндэтгэл үзүүлж, хөдөлмөр бүтээлийг нь үнэлж төрийн дээд шагнал алдар цол, одон медалиар шагнадаг уламжлал тогтсонд манай Казак иргэд туйлын баяртай байдаг. Наурыз баяр маань их сайхан болж байгаад сэтгэл өндөр байна” гэв. “Дархан ресторан”д болсон уг өдөрлөгт Улаанбаатар хотоос ирсэн оюутны хамтлаг ая дуугаа өргөсөн бол Дарханы Казак иргэд өөрсдийн бэлтгэсэн урлагийн тоглолтоо сонирхууллаа. Бүтэн цаг гаруй үргэлжилсэн уг өдөрлөг домборын хос эгшигт хөглөгдөн хөдөлмөрч хичээнгүй Казак түмний маань үндэсний их баярын хөг аялгуу болон дуурссаар байлаа.

Б.Норовсамбуу

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%