Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зохион байгуулсан “Хүний төлөө-зөв тус” сарын аяны хүрээнд гуравдугаар сарын 23-24-ний өдрүүдэд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ашиглалт, засвар арчлалт, шинэчлэлтэд шалгалт хийж дүгнэлтээ гаргалаа.
“Дархан АЗЗА” төрийн өмчит компани нь Зам, тээврийн яамны захиалгаар Хөгжлийн банкнаас санхүүжилт авч ээлжит засварын ажил хийхээр 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гэрээ байгуулсан байна. Энэ хүрээнд хоёр км замын даланг сольж шинээр хучиж, 10 км замын суурийг хучилтын хамт шинэчилжээ. Гэсэн ч хучлагад барзгаржилт, хагарлууд үүссэн, зарим хэсгийн хучилт цоорсон, хөвөөний материал урсаж, хучлагын ирмэг ил гарсан, шуудуу үерийн усанд угаагдсан нь шалгалтаар тогтоогдлоо. Иймээс Төрийн хяналт шалгалтын тухай, Авто замын тухай хуулийн дагуу Мэргэжлийн хяналтын улсын байцаагч албан шаардлага хүргүүллээ. Тухайлбал:
-Илэрсэн зөрчлийг засварлах аргачлал боловсруулан зөвлөх, захиалагч байгууллагаар баталгаажуулж стандартад нийцүүлэн засварлах
-Урссан хөвөөний дүүргэлтийг дахин хийх, хөвөөг нийт замын дагуу нягтруулах, шуудууны болон хоолойн бэхэлгээг техникийн шаардлагын дагуу хийх
-Замын суурь, хучилтын материалын туршилт шинжилгээг итгэмжлэгдсэн лабораторид хийлгэн баталгаажуулж, орц, нормыг тогтоолгон норм дүрэм, стандарт, техникийн шаардлагын дагуу засварын ажлаа хийх, хагарал гарч байгаа шалтгааныг тогтоолгох
-Эвдрэл гарсан хэсэг, цаашид засвар, шинэчлэлтийн ажил бүрэн дуусгах хүртэл тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангах үүднээс анхааруулах, хориглох болон мэдээллийн тэмдэг байрлуулахыг албан шаардлагад тусгасан байна.
Энэ үүргийг хэрхэн хэрэгжүүлсэн тухайгаа зөвлөх, захиалагчаар баталгаажуулж ирэх сарын нэгний дотор хариу ирүүлэхийг сануулан, шаардлагыг биелүүлэхгүй бол холбогдох хуульд заасны дагуу хариуцлага тооцохыг анхааруулжээ.
Улаанбаатар-Дархан, Дархан-Сүхбаатар-Алтанбулаг-Улсын хил чиглэлийн авто зам 1971 онд ашиглалтад орсон. Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэсэгчилсэн их, дунд засварын ажлыг 1997-1999 онд хийснээс хойш урсгал засвараас өөр ажил хийгдээгүй байна. Өөрөөр хэлбэл их засвар хийлгүй 44 жил болж байгаа юм.