Уралдааныг хойд бүсийн аймгуудыг хамруулан өргөн хүрээтэй явуулахад Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн сургуулийн ахлах ангийн хүүхдүүд илүү идэвхтэй оролцлоо. Хүүхдүүд голчлон Битлз хамтлагийн Let It Be”,“Mother Nature's Son”,“Hey Jude”,”We Can Work It Out” дуунуудыг дуулцгааж уралдааны хоёр дахь шатанд тунаж үлдэцгээсэн нь “Yesterday” дууг хүн бүр дуулж өрсөлдөцгөөв. Уралдааны дүн гарч Битлзийн дууг хамгийн чадварлаг дуулсан ялагчаар Сэлэнгэ аймгийн хүүхдүүдийн “Voice” хамтлаг, сурагч Бүрэн-Ирээдүй, Нарангоо, Баярцэнгэл, Дарханы “Од” цогцолборын сурагч Хонгорзул, Оюунзаяа нар шалгаран өргөмжлөл, зохиогчийн дурсгалын үг гарын үсэгтэй ”Өчигдрийг хайрла” ном, мөнгөн шагнал хүртлээ. Шагналыг доктор Н.Баярсүх, сэтгүүлч МУСГЗ Ө.Рагчаасүрэн нар гардуулж баяр хүргэв.Уралдаанд оролцсон хүүхдүүд ярихдаа, Битлзийн дууны утга санаа нь өнөөгийн хүмүүст тэр тусмаа өөрсдөд нь бие биенээ энэрэн хайрлах, үерхэн нөхөрлөх, байгаль дэлхийгээ хамгаалахад аялгуу эгшигээрээ хичнээн их нөлөөтэй болохыг улам ойлгож авснаа илэрхийлцгээж байв. Сурагч Энхболор “-Би урьд нь Битлз хамтлагийн тухай өнгөцхөн мэддэг, цөөхөн хэдэн дууг нь сонссон байсан. Харин энэ уралдаанд оролцсоноор Битлзийн өөр бусад олон дуунуудыг сонсож мэддэг боллоо. Шинээр ч дуу сурсан. Битлзийн дуунуудыг бид зайлшгүй сонсох ёстой юм байна гэж ухаарсан. Бидний сонссон дуунууд маш их сэтгэл хөдөлгөсөн” гэв. Сурагч Анужин “-Уралдаанд оролцоод гоё бэлэг авсандаа их баярлалаа. “Өчигдрийг хайрла” номыг бидэнд бэлэг болгон барьсан зохиолчид талархсанаа илэрхийлье. Энэ ном Битлзийн дуунуудын тухай илүү сонирхолтой өгүүлсэн учраас бид унших хүсэл их төрж байна” гэж байв. Уншигч хүүхдүүдийн уулзалт дээр сэтгүүлч Ө.Рагчаасүрэн хэлэхдээ “-Битлз хамтлагийн дуунуудыг аль тэртээх жаран оноос хойших бүх үеийнхэн шимтэн сонсдог.Тэд зөвхөн хайрын тухай дуулсан. Хүмүүст хайраас өөр юу хэрэгтэйсэн билээ? Хайрын хүчинд л энэ ертөнц оршин тогтносоор байгаа бус уу? Битлзийн хайрын дуунууд нь хүний сайхан сэтгэл, эв нэгдэл, энх амьдралын эгшиг юм. Ийм учраас дуунууд нь хүмүүст ямагт ойр дотно сонсогдож зүрх сэтгэлд нь гүн нэвтэрсэн болохоор аль ч цаг үед мөнх дуурсдаг. Цаашдаа ч ийм байх болно” гэлээ.
Тэмцээн явуулах санаачилгыг Сургуулийн сургалт эрхэлсэн захирал П.Ганхуяг гаргаж Эрдэм Шинжилгээний Хүрээлэнгийн захирал, доктор Н.Баярсүх, зохиолч М.Уянсүх нар идэвхи гарган дэмжиж оролцлоо. Сургуулийн гадаад хэлний тэнхимийн багш Д.Эрдэнэбилэг, Б.Номин нар уралдааныг гардаж амжилттай зохион байгуулав. Уралдаанд оролцсон бүх хүүхдүүд “Битлзийн анд нөхдийн клуб”-т нэгдэн орж Ливэрпүүлийн домогт дөрвөлийн залуу найзуудын эгнээг нэмцгээлээ.