Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан хот болгох асуудлыг хүчтэй тавина

2015-06-22

Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч, Дархан сумын Засаг дарга Б.Азжаргалтай ярилцлаа.

 -Оны эхний хагас жил шувтарч байна энэ хугацаанд танай сум чухам ямар ажил амжуулав?

-Энэ 2015 онд Даорхан сумын ИТХ, ЗДТГ-аас төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах үйлчилгээний нэгдсэн бодлогыг сайжруулах зорилт тавиад ажиллаж байна. Энэ хүрээнд өнгөрч байгаа хагас жилд чамгүй ажил амжууллаа. Ялангуяа багийн Иргэдийн нийтийн хурал, Багийн Засаг даргаар дамжуулж төрийн үйлчилгээг иргэддээ ойртуулахад голлож анхаарсан. Тэднээс байнга тавьдаг нэг санал бол Дархан сум маань энэ жил 80 мянган хүн амтай болсон улсын хэмжээний хоёр том сумын нэг, нөгөө нь Эрдэнэтийн Баян-Өндөр сум. Иймээс ердийн нэг 1500 хүн амтай сумтай адилхан бүтэц орон тоогоор ажилладаг маань ажлын ачааллын хувьд өндөр байдаг.
-Танай сум чинь 80 мянган хүн амтай юм бол зарим аймгуудаас ч олон хүн амтай юм байна. Чухам ямар хүндрэл байдаг вэ?
-Сум маань 18 багтай, багуудаас хамгийн бага хүн амтай 5-6 мянган хүн амтай. Тиймээс багуудад төрийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр “Хэсгийн ахлагч”-дыг ажиллуулж өгөөч гэдэг саналыг олон жил тавьж ирсэн. Үүнийг бид энэ оны эхний хагаст шийдвэрлэж зургаан сарын нэгнээс 100 хэсгийн ахлагчийг ажиллуулж эхлэсэн. Эдгээр 100 хэсгийн ахлагчид маань төрийн үйлчилгээ болон төрийн ямар нэгэн зар мэдээг иргэдэд түргэн шуурхай хүргэх, санал авах зэрэг ажлыг тогтмол зохион байгуулах боломжтой болж байгаа.
-Урьд нь Дархан хот гэж байснаа дараа нь дараа нь Дархан сум болсон. Одоо эргээд хот болох талаар сумынхаа иргэдийн саналыг авах гэж байгаа гэж сонссон хэзээ саналаа вах вэ?
-Бид багуудын Иргэдийн нийтийн хурлаас гарсан саналыг үндэслэж Дархан сумын ИТХ-аас нэлээд далайцтай томоохон шийдвэр гарсан гэж үзэж байгаа. Энэ нь Дархан хотыг, хотын эрх зүйтэй байх уу? үгүй юү гэдэгт иргэд олон нийтийн санал асуулга авах ажлыг энэ сардаа багтааж авах ажлыг хийхээр төлөвлөж байна. Уг саналыг авснаар УИХ-ын чуулганаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал яригдаж байгаа энэ үед иргэдийнхээ дуу хоолойг хүргэж Иргэдийн маань хүсэлт ийм байна гэдэг саналаа хүргэж төрийн түшээдэд хүргэх зорилгоор энэ ажлыг зохион байгуулж хийнэ.
-Энэ жил танай сум бүтээн байгуулалтын ямар ажил хийх вэ?, Энэ онд хийх ажлаа эхлэчихсэн биз дээ?
-Өнгөрсөн 2013 оноос эхлэн хэрэгжиж байгаа “Орон нутгийн хөгжлийн сан”-гаар дамжиж ирсэн хөрөнгийг иргэдийн саналын дагуу зарцуулж ажлаа зохион байгуулдаг болсон. Энэ он гарснаас хойш багагүй ажил хийлээ. Тухайлбал энэ жил зарлах ёстой бүх ажлууд зургадугаар сарын нэгэн гэхэд бүгд зарлагдаж дуусаад одоо тендрийн шатандаа явж байна. Өнгөрсөн оны “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн хөрөнгөөр хийгдсэн ажлаас дутуу орхигдсон ажлуудыг энэ жил гүйцээж хийнэ. Тухайн ажлын чанарын баталгааных нь хугацаа нь дуусаагүй ажлуудыг цэгцлэх зэрэг ажлууд бий. Зөвхөн төрөөс мөнгө харж суухгүйгээр иргэд, аж ахуйн нэгжүүдийг уриалж бүтээн байгуулалтын ажлуудад оролцуулах ажлыг хийж байна. Жишээ нь 15 дугаар багийн есдүгээр хэсэгт 300 м зассанаас авахуулаад олон ажлыг нэрлэж болно. Эдгээргийг бид цаашид үргэлжлүүлнэ.
-Эдгээрээс хамгийн чухал нь ямар ажлууд байгаа вэ? “Орон нутгийн хөгжлийн сан”-гаас гадна өөр хөрөнгө оруудлалтаар хийж байгаа ажил бий юу?
-Бидний төлөвлөснөөр хамгийн томоохон ажил бол Дархан сумын 15 дугаар багийн Мангирт хэсгийн 1.5 км сайжруулсан замыг төрөөс ямар нэгэн хөрөнгө мөнгө гаргахгүйгээр хувийн хэвшлийн компаниудад хүсэлт тавьсныхаа дагуу өнгөрсөн онд сайжруулсан шороон замын суурийг нь тавьсан бол энэ жил гүйцээж хайрган хучилттай болгох ажлыг хийлгэхээр төлөвлөн ажиллаж байна. Энэ бүхэн нь улс орны эдийн засаг хүндхэн байгаа үед сум, орон нутгийн хөгжлийн сангаар дамжиж байгаа хөрөнгө маань өөрөө цаг хугацаандаа ирдэггүй, байнга хасагдаж байгаа энэ нөхцөлд иргэд, аж ахуйн нэгжүүдийнхээ нийгмийн хариуцлагыг дээшлүүлж нийгэмд тустай ажилд татан оролцуулах талаар уриалга гарган хамтарч ажиллаж байгаагийн үр дүн гэж үзэж байна.
-Сумандаа жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар ямар ажил хийж байна вэ? Ажлын байр бий болгох талаар хийсэн ажил байна уу?
-Он гарснаас хойш эхний зургаан сарын байдлаар сумандаа түр болон байнгын ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр нэлээд ажлыг зохион байгуулж хийлээ. Сумынхаа хөгжлийн бэрхшээлтэй болон 35-аас дээш насны хөдөлмөр эрхлээгүй иргэдэд төсөл шалгаруулах уралдааныг зохион байгуулахад 140 орчим иргэн хамрагдаж шалгарсан. Эдгээр иргэдэд 1-3 сая төгрөгийг эргэн төлөгдөх болон буцалтгүй хэлбэрээр зээлүүдийг олгосон. Үүгээр дамжуулж бид жижиг дунд үйлдвэрүүд, өрхийн үйлдвэрлэл, нэг хүнтэй, хоёр хүнтэй гар урлал, оёдол хатгамал хийдэг хүмүүсийнхээ ажлыг дэмжиж байгаа хэрэг юм. Энэ чиглэлээр тодорхой хэмжээний ажлын байрыг хадгалж бас шинээр ажлын байрыг нэмэгдлүүлэхэд чухалчилж анхаарлаа хандуулж ажилласан гэж боддог. Үүн дээр ажлын байрыг нэмэгдүүлж байгаа бас нэг чухал ажил бол “Сум хөгжүүлэх сан” гэж бий. Энэ сангаараа дамжуулж энэ онд бид иргэддээ зээл олгосон байгаа. Нийтдээ 49 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад зээл олгож үүгээр дамжуулж бас л ажлын байрыг нэмэгдүүлэх зорилт тавьсан. Яг өнөөгийн байдлаар шинээр 100 орчим ажлын байрыг нэмэгдлүүлэх тооцоотой ажиллаж байна. Эдгээргт бид 260 орчим сая төгрөгийг иргэдэд олгосон.
-Ойрын үед хийгдэх ямар чухал ажил байна вэ? Зарим гол ажлаасаа нэрлнэ үү?
-Хамгийн гол ажил бол энэ сардаа багтааж олон нийтийн санал авах ажлыг зохион байгуулна. Дархан хот нь хотын эрх зүйтэй болсноор Дархан хотын иргэн өөрөө ямар давуу байдалтай байх вэ? гэдэг чиглэлээр уг саналыг авна. Мөн үндэсний баяр наадмын бэлтгэлтэй холбогдуулж уриалга гаргаж сумынхаа аж ахуйн нэгж байгууллагуудыг бүтээн байгуулалт тохижилтын ажлуудыг хийлгэхээр төлөвлөж байна. Ер нь энэ оны эхний зургаан сарын байдлаар авч үзэхэд бас нэг онцлог ажил гэвэл аймаг, сумын Засаг дарга нарын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх үлдсэн нэг жилийн хугацаанд хэрэгжээгүй ямар заалт байгааг гаргаж хэрэгжүүлэх ажил зохион байгуулах төлөвлөгөө гарган ажиллаж байгаа. Энэ ажлын хүрээнд тухайлбал өнгөрсөн тавдугаар сарын 29-нээс эхлэж “Шарилжгүй Дархан” аяны хөдөлгөөн өрнүүлэн ажиллаж байна. Энэ аяныг Дархан хотын бүх аж ахуйн нэгж байгууллагад хандаж тэднийг дайчлан оролцуулж байгаа. Бидний тооцоогоор энэ аян маань цаашид он дуустал хоёроос гурван удаагийн давтамжтай үргэлжилнэ. Энэ ажил бол аймаг, сумын Засаг дарга нарын бүрэн эрхийн хугацаанд хэрэгжихээр товч тод тусгагдсан заалтын нэг хэсэг нь юм” гэв.

Б.Норовсамбуу

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%