Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“Дархан хотын 100 эрхэм” ном бүтээв

2015-11-04

Найрамдлын хотын бүтээн байгуулалтанд оролцож алдар гавъяагаа дуурсган олонд танигдсан “Дархан хотын 100 эрхэм”-ийн тухай номыг хотынхоо 54 насны төрсөн өдрийг тохиолдуулан бүтээлээ. 

“-Харь холын од биш, хажууд  дэргэд  алхаж яваа, хамт ажиллаж аж төрж байгаа, нэгэн хотын бидэнд  ойрхон амжилтын эздийнхээ түүхээс бид эрч  хүч авцгаая” хэмээн номыг анх санаачлан гаргасан “Дархан нутаг” Төрийн бус байгууллагаас өмнөтгөл үгэндээ дурьджээ. Номын хуудас бүрийн толгойд хотынхоо сүлд хаан бугуйвчтай зэрэгцүүлэн “Амжилтын эздээр бахархаж шинэ түүхээ бүтээцгээе!” уриаг дээдэлжээ. Номонд шилж оруулсан зуун эрхэм хүмүүсээ чухамхүү Дархан хотын гэж онцолсон нь ч учиртай. Дарханыг одоо хэдийгээр аймаг хэмээн нэрлэдэг ч гэсэн Дарханчууд нь хот гэдэг дасал болсон уугуул нэрэндээ хайртай. Тэгээд ч номонд багтсан эдгээр эрхмүүд бүгд яахын аргагүй төрөлх хотынхоо хөгжилд өөрийн хувь  нэмрээ тодоор сийлсэн бахархам  үйлстнүүд байлаа.

Дархан үйлдвэрийн хот. Зуун эрхмийн эхний эгнээнд уул уурхай эрчим хүчний шилдгүүд манлайлжээ. Шарын голын уурхайн “БелАЗ” машины жолооч Монгол Улсын хөдөлмөрийн баатар Ц.Чимэд, Нэхий эдлэлийн  үйлдвэрээс оёдолчин Г.Амаржаргал Хөдөлмөрийн баатар, хотын гал голомт Цахилгаан станцаас инженер Г.Туяахүү, “Төмрийн оёдолчин” нэртэй гагнуурчин С.Эрдэнэ, “Силикат” хэмээн дуудуулдаг Б.Лхасүрэн, Цементийн машинист Ш.Нямсүрэн нар байна. Атарын анхны тракторчдын нэгэн Ж.Батдэлэг, Р.Хашбаатар, газар тариалангийн эрдэмтэн Д.Волоож нар удаалжээ. Дархан урлаг соёлоороо улсдаа нэртэй. Ийм учраас уран бүтээлч эрхмүүдээ дээгүүрт залав. “Тунгалаг тамир” киноны Дулмаагийн дүрээр олонд  танигдсан Гавъяат жүжигчин  Ш.Дэлгэржаргал, Мандухай хатныг уран хөдөлгөөнөөр амилуулсан бүжигчин Л.Баттуул, жүжигчин “Равсал” панз Б.Магсаржав, поп дуучин Б.Сарантуяа орсон байх жишээтэй. Сараа Дархан хотын Орос дунд  сургууль дүүргэсэн  Бурхантын хөндийн унаган хүүхэд учир зуун эрхэмд шилэгдэх нь зүйн хэрэг.

Дархан алтан гартай олон сайн эмч нартай. Тэднээс мэсээр анагаах урлагийг төгс эзэмшсэн Т.Анигар, “Хүүхдийн” гэж дуудуулдаг Ч.Цэрэнжав эмчийг сонгон номонд дээдэлжээ. Дарханыхаа хорин хоёр мянган хүүхдийг эх  барьж авсан ачтай Дамдин ээжээ хүндлэн урьжээ. “-Хүүхэд байхдаа бид дэггүйтэн Цэнд-Аюуш гуайн их засваргүй 1 сая километр явуулсан нөгөө алдарт улаан “ЛаЗ” автобус, Сугар ахын урд шилэн дээрээ олон алтан одтой цэнхэр “ПаЗ” автобусанд 20 мөнгөний тасалбар авалгүй суучихаад дараагийн  буудал дээр хөөгдөн буудагсан” гэж Дархан хотын одоогийн залуу дарга нар наргиан болгон хуучилж номын баярт уригдсан тэдэн рүү хандан заалаа. Дархан хотын шавыг тавилцсан анхдагчдын төлөөлөл, хоёр дайнд оролцсон ахмад дайчин Д.Цэрэндаш гуай зуун эрхэмд жагсжээ. Дархан хотыг удирдаж явсан үе үеийн дарга нарыг Т.Цэвэгмид, Л.Амарсанаа нараар төлөөлүүлэн оруулжээ. Дархан хотын зуун эрхмийн зах зухаас нь нэрлэхэд иймэрхүү. Номыг цааш нь үзэхүл олон  сонирхолтой хүмүүс бий. Энэхүү түүхэн шастирын будаг нь хатаж амжаагүй шинэхэн хуудсыг уншигчид өөрсдөө нээж үзээд бусад эрхмүүдтэй нь уулзан мэндчилээрэй.

“Өлгий” дэлгүүрээрээ олон түмэнд танигдсан оёдолчин Ч.Жанчив сэтгэдлээ хуваалцан “-Дарханыг бүтээсэн гавъяатай олон мянган эрхэм хүнээс шилэгдэн зуутын эгнээнд нь хүндэтгэл хүлээн уригдсандаа баяртай байна. Энэ ном нь шинэ хот байгуулагчдын түүхийг хойч үедээ баримтаар нь өвлүүлэхэд тустай үйлс боллоо. Уншууртай сонирхолтой хэллэгээр бичигдсэн учраас энэ номыг хүүхэд залуус сонирхон танилцана гэдэгт итгэлтэй байна” гэлээ. “-Энэ ном нь Дарханы 100 мянган хүнд ухаарал хайрлаж, урам өгч, үлгэр дууриал болтугай” хэмээн ном бүтээгчдээс уншигчиддаа  хандан  ерөөв. Мэргэжлийн залуу сэтгүүлчдийн авъяаслаг баг Х.Түвшинтөгсөөр ахлуулан номон дээр ажилласан нь Д.Пүрэвсүрэн, Ц.Баттуяа,Р.Оюунцэцэг, М.Санчир,Б.Будхүү нар юм. Номонд орсон 100 эрхэмд “Дархан хотын бахархал” хүндэтгэлийн одонг “Дархан нутаг” Төрийн бус байгууллагын тэргүүлэгчид гардуулж баяр хүргэлээ.Номын хур дэлгэртүгэй!   

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4082
2768 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%