Соёл урлаг, хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтран зохион байгуулж буй “СОЁЛ УРЛАГ, БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛ ТҮНШЛЭЛ – 2015” нэгдсэн арга хэмжээ үзэсгэлэн худалдаа энэ сарын 20, 21-ний өдрүүдэд “Залуучууд” театрт зохион байгуулагдаж байна.
Арга хэмжээнд соёлын байгууллагуудын төлөөлөлөөс гадна хэвлэл мэдээллийн байгууллагууд, “Хаяг реклам үйлдвэрлэгчдийн холбоо”, “Дархчуудын холбоо” зэрэг ТББ-ууд болон Яруу найрагчид, Хөгжмийн зохиолчид оролцож, өөрсдийн уран бүтээлийн үзэсгэлэнг гарган иргэдэд хөнгөлөлттэй үйлчилгээг үзүүллээ.
Аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат нэгдсэн үйл ажиллагаанд оролцогчидтой уулзаж, үйл ажиллагааны талаар санал солилцлоо.
"Соёл урлаг, бүтээлч үйлдвэрлэл түншлэл-2015" нэгдсэн зөвлөлгөөнд аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, БСГ-ын дарга Б.Ганчулуун, “Залуучууд театр”-ын дарга Б.Болорсүх, Төв номын сангийн захирал Д.Цэрэндаваа, аймгийн Музейн дарга Д.Жамбалдорж, Монгол Улсын Соёлын Гавъяат зүтгэлтэн, сэтгүүлч Ө.Рагчаасүрэн нарын албаны төлөөлөлүүд оролцов.
Зөвлөлгөөнөөр соёлын байгууллагуудад тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэхээс гадна ирэх жилээс оны онцлогуудаа тодотгодог, шилдэгээ шалгаруулдаг хүндэтгэлийн арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулах, соёл урлагийн байгууллагуудын бодлогыг тодорхойлон, үйл ажиллагаануудыг төлөвлөн хэрэгжүүлдэг болон гадаад дотоод хамтын ажиллагаануудыг өргөжүүлэх зорилго бүхий мэргэжлийн бүтэцтэй “Соёл урлагийн байгууллагуудын академи”-г байгуулахаар боллоо.
Уран бүтээлчдээс ирсэн олон санал, хүсэлтүүдийг тусгасан “Өргөх бичиг”-ийг аймгийн ЗДТГ-т хүргүүлэхээр болсон байна.
Энэ үеэр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн шагнал "Ган үзэгтэн" цол тэмдгээр “Хос Дог уран бүтээлийн нэгдэл”-ийн менежер, сэтгүүлч н.Цэндсүрэн, Засаг даргын “Жуух бичиг”- ээр “Мөнхийн үсэг” ХХК-ийн эх бэлтгэгч Т.Банзрагч нарын нийт 10 гаруй уран бүтээлч төр засгийн хүндтэй цол тэмдгээр энгэрээ мялааж, хөдөлмөрөө үнэлүүллээ.
Мөн үеэр зохион байгуулагч байгууллагуудаас ивээн тэтгэж 5 азтанг шалгаруулсан нь ирсэн зочдын анхаарлыг ихэд татав.
Тус үзэсгэлэн маргааш буюу энэ сарын 21-ний өдөр Аймгийн музейн ан амьтдын үзэсгэлэн, “Алтан үе” чуулгын тоглолт, Сугалаат худалдаа зэргээр үргэлжилнэ.