Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Үндсэн хуулийн өдөрт зориулсан Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шилдгүүд тодорлоо.

2016-01-11

Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулдаг ардчилсан, шинэ Үндсэн хуулийн өдөрт зориулсан Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах дөрөв дэх удаагийн шигшээ тэмцээн Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилж, /2016.01.10/ өндөрлөлөө

Нийт 95 эрэгтэй шатар сонирхогч өрсөлдсөнөөс тэмцээний эцсийн дүнгээр нийслэлийн оролцогч Б.Цэцэнбаатар 7.5 оноогоор нэгдүгээр байрт шалгарлаа. Хоёрдугаар байрт Нийслэлийн Баянзүрх дүүргээс оролцсон М.Алтангэрэл 7 оноогоор, гуравдугаар байрт Дорнод аймгийн оролцогч Д.Дүүрэнжаргал 7 оноогоор шалгарав. Шагналт дөрөвдүгээр байрт нийслэлийн Баянгол дүүргээс оролцсон С.Жаргалсайхан 7 оноогоор, тавдугаар байрт Хан-Уул дүүргийн оролцогч А.Энхтөгс 7 оноогоор тус тус шалгарсан юм.

Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах дөрөв дэх удаагийн шигшээ тэмцээнд 34 эмэгтэй шатарчин оролцсноос Хан-Уул дүүргийн оролцогч Ж.Даваасүрэн 8 оноогоор тэмцээнийг тэргүүлсэн бол Дархан-Уул аймгийн оролцогч Т.Мандах 7 оноогоор удаалж, Налайх дүүргээс оролцсон Г.Ариунбаяр 7 оноогоор гуравдугаар байрт шалгарсан байна.


Мөн шилдэг ахмад эрэгтэй тоглогчоор Хэнтий аймгаас ирж оролцсон 77 настай Р.Дамдинсүрэн, шилдэг ахмад эмэгтэй тоглогчоор 59 настай М.Жаргалсайхан нарыг тодруулсан юм. Түүнчлэн “Оюунлаг түшээ”-гээр Ардын Их Хурлын депутат Д.Чилхаажав тодорчээ.


Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулдаг ардчилсан, шинэ Үндсэн хуулийн өдөрт зориулсан Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах дөрөв дэх удаагийн шигшээ тэмцээнийг хааж Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ, Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагддаг ардчилсан, шинэ Үндсэн хуулийн өдөрт зориулсан Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах дөрөв дэх удаагийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээн жил ирэх тутам хүрээгээ тэлж, ач холбогдол нь нэмэгдэж байгаа. Энэ жилийн тэмцээний онцлог нь гадаад улс оронд ажиллаж амьдарч байгаа монгол иргэд маань өөрсдөө санаачлага гаргаж тэмцээнд оролцсон хэмээн онцлов. Мөн тэрээр тэмцээнийг Монголын шатрын холбоо, Нийслэлийн шатрын холбоо хамтран зохион байгуулсанд талархал илэрхийлээд, тэмцээний явцыг анх удаа найман өрөг дээр онлайн нүүдэл хийж, нүүдэл бүр вэб сайт дээр тавигдаж байснаараа онцлогтой байсан гэдгийг тэмдэглэн хэллээ. Түүнчлэн ирэх жилийн тэмцээний үеэр онлайн өргийн тоо нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ойн өдөрт зориулан Улсын Их Хурлын даргын ивээл дор улсын хэмжээнд зохион явуулсан Шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээн 2015 оны 11 дүгээр сард эхэлсэн сум, дүүргийн хэмжээнд шалгаруулалт явагдаж, 12 дугаар сард аймаг, нийслэлийн шилдгүүдээ тодруулсан бөгөөд нийтдээ 4800 шатар сонирхогч хамрагдсан байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%