Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

БУРХАН ХАЛДУН ХАЙРХАНЫ ДЭЛХИЙН ӨВИЙН ГЭРЧИЛГЭЭГ ГАРДАН АВСАН БАЙНА

2016-02-12

Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн газар нутгийг Дэлхийн өвд бүртгэсэн тухай батламжийг ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Ирина Бокова Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид 2015 оны 12 дугаар сард Парис хотноо албан ёсоор гардуулсан билээ.
Уг батламжийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Гадаад хэргийн сайд, ЮНЕСКО-гийн Үндэсний комиссын дарга Л.Пүрэвсүрэн, УИХ-ын гишүүн, БСШУ-ны сайд Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ийн сайд Н.Батцэрэг, Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар, Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат нарт гардуулан өгчээ.
         Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Бурхан халдун хайрханыг Дэлхийн өвд бүртгэж авсныг бүгдээрээ мэдэж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 оны 9 дүгээр сард уг хайрханыг Дэлхийн өвд бүртгүүлэх ажлыг хийх талаар “Бурхан Халдуны тухай” гэсэн зарлиг гаргасан.
         Энэ чиглэлд БСШУЯ, БОНХАЖЯ нэлээд хөөцөлдөж ажилласан. Сайд нарын хамтарсан тушаал гарсан. Ингээд 2015 оны 6-7 дугаар сард ХБНГУ-ын Бонн хотноо болсон ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 39 дүгээр чуулганы үеэр Монгол Улсаас нэр дэвшүүлсэн Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийг Дэлхийн өвийн жагсаалтад соёлын өвийн ангиллаар бүртгэсэн. 2015 оны 12 дугаар сард Парист ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Ирина Бокова Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн газар нутгийг Дэлхийн өвд бүртгэсэн тухай ЮНЕСКО-гийн батламжийг албан ёсоор гардуулан өгсөн.
       Ингэж бүртгэж авахад нийт 10 шалгуур тавьдаг. Бурхан халдун уул 2 шалгуурт нь их сайн нийцсэн. Хүн төрөлхтний түүхийн чухал үеийг илтгэсэн дурсгалт газар гэсэн шалгуур, энэ дурсгалт газар нь өөрөө тухайн ард түмний зан заншил, язгуур үзэл санаа, сүсэг бишрэл, урлаг уран зохиол, түүхийн ном бүтээлд шууд холбогдсон байх ёстой гэдэгтэй Бурхан халдун уул сайн нийцэж байгаа. Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн газар нутаг дэлхийн бүртгэлтэй болсонд их баяртай байгаа.
        Монголын түүхийн нэгэн гайхамшигтай үе эхэлсэн тэр газар нутаг бол Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн газар юм гэдгийг баталсан баталгаа болж өгсөн. Уг мэдээлэл ЮНЕСКО-гийн веб сайт, бусад мэдээллийн хэрэгслээр тарсан.
Энэ дашрамд хэлэхэд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд Монголоос нийт дөрвөн өв бүртгэгдсэн байдаг. Увс нуурын ай сав байгалийн өвийн ангиллаар, Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Монгол Алтайн хадны зургийн цогцолборт газар соёлын өвийн ангиллаар, Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн газар нутаг мөн соёлын өвийн ангиллаар ороод байна“гэлээ.
2015 оны 7 дугаар сарын 8-ны өдөр гаргасан уг батламжид “Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн газар нутгийн дурсгалт, ариун газар шороог Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэн авсан болно. Түүнийг хүн төрөлхтний хамгаалан авч явах байгалийн өв гэж үзлээ” гэжээ.                      
                         Эх сурвалж: www.news.mn

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%