Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

УИХ-ын дарга З.Энхболд Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзалт хийв

2016-04-04

        Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын орон нутгийн томилолт өчигдөр /2016.04.03/ Дархан-Уул аймагт үргэлжиллээ. Тэрээр Төмөртэй-Хандгайтын төмөр замын нээлтэд оролцсон болохоо дуулгаад, энэ нь Дархан-Уул аймгийн иргэдэд тун чухал болохыг онцолж байлаа.  Улсын Их Хурлын дарга Дархан-Уул аймгийн иргэдэд 2015 оны намрын ээлжит чуулганы хугацаанд батлагдсан хууль тогтоомжийн талаар танилцуулж, дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ. Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар бие даасан 29 хууль баталсан бол 355 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, 11 олон улсын гэрээ конвенци батлах тухай хуулийг баталжээ. Эдгээрээс хүний эрх, эрх чөлөөг хангах хамгаалах чиглэлээр батлагдсан хуулиудыг Улсын Их Хурлын дарга онцлон танилцуулсан юм.  Эрүүгийн хууль зөвхөн гэмт хэрэг үйлдсэн хүмүүст хамааралтай гэж ойлгож болохгүй, энэ хуулийн нэг чухал зорилго бол гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх юм. Хорих ял ногдуулах, түүнийг биечлэн эдлүүлэх нь оновчгүй, гэмт хэрэг үйлдсэн хүнд гэм бурууд тохирсон ял ногдуулах боломж бага, нийгмийн харилцаанд гарсан шинэ төрлийн гэмт хэргүүдийг хуульчлах зэрэг шаардлагын үүднээс дэлхий нийтийн эрх зүйн хөгжлийн чиг хандлагыг нутагшуулах зорилгоор Эрүүгийн хуулийг шинэчлэн баталжээ.  Шинэчлэн батлагдсан Эрүүгийн хуулиар ялын бодлого өөрчлөгдсөн бөгөөд хуулийн этгээд, хувь хүнд торгох ял ногдуулна. Түүнчлэн зорчих эрхийг хязгаарлах, хорих, эрх хязгаарлах шийтгэлүүдийг ногдуулах юм. Түүнчлэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, заналхийлэх, зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дуу, дүрс бичлэг хийх, сонгуулийг хууль бусаар явуулах хуйвалдаан зохион байгуулах, хүүхэд худалдах, хүүхдийг шийтгэх, хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах, хүүхдээр тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэх зэрэг шинэ төрлийн гэмт хэрэгтэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг тусгасан.  Эрүүгийн гэмт хэрэгт тооцогдохгүй жижиг төрлийн зөрчлүүдийг гэмт хэргээс зааглан тодорхойлж, 210 гаруй хуулиар зохицуулж байсан 1.250 орчим зөрчлийг нэг стандартаар төрөлжүүлэн нэгтгэн Зөрчлийн тухай хуулийг баталсан байна. Ингэснээр хууль тогтоомжийн давхардал, зөрчил, хийдлийг арилган, зөрчлийн шинж, хариуцлагыг тодорхой болгох, улмаар хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхагдахгүй байх Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, зарчмыг бэхжүүлэх ач холбогдолтой. Мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг харилцан адилгүй хэрэгжүүлж байгааг өөрчлөх, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудын эрх хэмжээг нэг стандарттай, тодорхой хуульчлах эрх зүйн зохицуулалт хийгдсэн байна. Эрүү болон Зөрчлийн тухай хууль 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжих юм.  Мөн захиргааны хариуцлага хүлээгээд байсан 81.451 иргэн, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 329.600 иргэнд оногдуулсан шийтгэлийг өршөөлд хамруулсан Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль болон Хамтын тэтгэврийн тухай хууль, Захиргааны ерөнхий хуулиудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл, танилцуулга хийсэн юм.  Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын дарга эдийн засгийн зарим асуудлаар Дархан-Уул аймгийн иргэдэд мэдээлэл хийсэн юм. Эдийн засгийн нөхцөл хүнд байгаа нь дэлхийн түүхий эдийн зах зээл дэх үнийн уналтаас шууд хамааралтай. Гэхдээ улс орны эдийн засгийнхаа 90 орчим хувийг уул уурхайгаас хамааралтай болгосон нь бидний алдаа байсан. Өнөөдөр бид үүнийхээ төлөөсийг төлж байна. Зэс, алт, нүүрс, төмрийн хүдрийн үнэ дэлхийн түүхий эдийн зах зээл дээр эрс буурснаар Монгол Улсын эдийн засагт шууд нөлөөлсөн.  Түүнчлэн 2009-2012 онд гадаадын шууд хөрөнгө оруулалтын дийлэнх нь уул уурхайн салбарт орж ирж байсныг тэмдэглээд, Оюу толгойн далд уурхайд 2016-2018 онд жилд 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэх юм. Энэ хөрөнгө оруулалтын 80 хувь нь Монгол Улсад үлдэнэ гэв. Тус уурхайн далд уурхайн бүтээн байгуулалтад цемент, арматур, ажиллах хүч тун чухал бөгөөд Монгол Улсад эдгээр нь хангалттай байгаа учраас далд уурхайн бүтээн байгуулалтыг Засгийн газар зөвшөөрсөн гэлээ. Уул уурхайн салбарын гадаадын хөрөнгө оруулалт манай улсын нийт гадаадын хөрөнгө оруулалтын гуравны хоёр, үлдсэн нь уул уурхайн бус салбарт оруулсан хөрөнгө оруулалт байсан талаар танилцууллаа. Уул уурхайн салбарт тулгуурлаж байх нөхцөлд өндөр байсан гадаадын хөрөнгө оруулалт дуусахад Монгол Улсын эдийн засагт сөргөөр нөлөөлдөг болохыг бид мэдэрсэн. Тиймээс уул уурхайн бус салбаруудаа хөгжүүлэх нь бидний хувьд тун чухал болохыг онцлон тэмдэглэсэн юм.  Дэлхийн түүхий эдийн зах зээлийн үнийн өөрчлөлт дотоодын эдийн засагт нөлөөлж, уул уурхайд тулгуурласан эдийн засагтай ОХУ, Казахстан, Замби улсуудын үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш 2.3 дахин унасан. Эдгээр орны нөхцөл байдал хүндхэн байгаа. Харин Монгол Улс Оюутолгойн хөрөнгө оруулалт хийгдэж, мөн Улсын Их Хурал, Засгийн газраас “Чингис”, “Самурай” бондыг авснаар Монгол Улсын төгрөгийн ханш 1.5 дахин унасан талаар тооцоолол хийж, жишээ баримтад тулгуурлан тайлбарлалаа. Мөн валютын ханш дотоодын үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаа, өрсөлдөх чадварт ямар нөлөө үзүүлдэг талаар дэлгэрэнгүй тайлбарлан, мэдээлэл өгсөн юм.  Мөн улсын өрийн талаарх бодит мэдээлэл танилцуулж, тайлбарлалаа. 2008-2012 оны Засгийн газар 600 сая ам.долларын зээл авч нийгмийн халамж болгон, бүх иргэнд тараасан. Харин 2012 онд байгуулагдсан Засгийн газар дээрх өрийн 400 сая ам.долларыг барагдуулаад байгааг хэлж байв. Ийнхүү Засгийн газрын зээлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг иргэдэд тайлагналаа.  Мөн “Чингис”, “Самурай” бондын 1.8 тэрбум ам.долларын хөрөнгөөс аж үйлдвэрлэлтийн 696 төсөлд 286.3 тэрбум төгрөг, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн 165 төсөлд 207.3 тэрбум төгрөгийн зээл олгосон. Аж үйлдвэржилтийн дэмжих зорилгоор олгосон зээлийн хамгийн ихийг Дархан-Уул аймаг авсан.  Мөн эрчим хүч, барилга, инженерийн дэд бүтэцэд 331.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн талаар тайлагнасан юм. Эдгээр зээл, хөрөнгө оруулалтын үр өгөөж, ач холбогдол тун чухал бөгөөд янз бүрийн хэлбэрээр эргэн төлөгдөж байгаа. Харин ДНБ дэх Засгийн газрын өрийн хэмжээний талаарх ташаа ойлголт иргэдэд түгээсэн. Тэгвэл Засгийн газрын зээлийн хэмжээ нь ДНБ-ээсээ давсан улс орон олон байдаг бол Засгийн газрын зээлийн хэмжээ ДНБ-ийх нь 50 гаруй хувьтай тэнцэж буй Монгол Улс, Польш, БНХАУ гэх мэт орнуудтай адил хэмжээнд байдаг нь санаа зовох түвшинд хүрээгүй. Засгийн газар зээлээ төлөх учраас үүнийг иргэн бүрт хамааруулж ярих нь буруу гэдгийг Улсын Их Хурлын дарга тайлбарлалаа.  Мөн тэрээр “Чингис”, “Самурай” бондын хөрөнгийг үндэсний үйлдвэрээ хөгжүүлэхэд, эрчим хүч, барилга, инженерийн дэд бүтэц, авто замын бүтээн байгуулалтад зарцуулсан. Бондын хөрөнгийн зарцуулалт янз бүрийн хэлбэрээр эргэн төлөгдөх бөгөөд үр дүнд нь Монгол Улсын хөгжил тодорхой хэмнэлээр хурдасч, зээл төлөвлөгөөнийхөө дагуу төлөгдөнө. 2015 оны эхний хагас жилийн байдлаар 1055 үйлдвэржилтийн төслийг бондын хөрөнгөөс санхүүжүүлээд байна. Эдгээрийн 15 хувь нь 2014 онд, 2015 онд 77 хувь нь ашиглалтад орсон бол 23 хувь нь энэ онд ашиглалтад ороход бэлэн болоод байна. Нийт үйлдвэрлэл 80.4 хувиар өсч, гадаад худалдааны тэнцэл эерэг болсон үр дүн харагдаж байна. Хамгийн гол нь 6123 монгол хүн аж үйлдвэрийн салбарт ажлын байртай болсон. Энэ хэрээрээ иргэд, өрх бүрт эерэг нөлөө үзүүлж байна. Төмөртэй-Хандгайт чиглэлийн төмөр зам өнөөдөр нээлтээ хийсэн, үүний үр дүнд үйлдвэрийн үйл ажиллагаа өргөжин, олон мянган хүн ажлын байртай болно.
Хэдэн жилийн дараа Дархан-Уул аймагт ирэхэд төмөрлөгийн үйлдвэрийн кластер хөгжсөн байхыг үгүйсгэхгүй. Боломж өргөн байна, Монгол Улс хөгжиж байгааг бид харж байна.  Бондын хөрөнгийн гуравны нэгийг автозамын бүтээн байгуулалтад оруулсан 1921 оноос хойш 91 жилийн хугацаанд 2.964 км зам ашиглалтад орсон бол сүүлийн гурван жилийн хугацаанд 2.720 км автозам барьж ашиглалтад оруулсан. Энэ онд 1.284 км автозамыг барихаар ажиллаж байна. Төвийн бүсэд хамаарах, автозамын сүлжээтэй аймгууд автозамгүй байхын зовлонг мэдэхгүй. Монгол Улсын иргэн хаана амьдарч байгаагаасаа үл хамааран чанартай дэд бүтэцээр үйлчлүүлэх эрхийг хангах үүднээс Засгийн газар зээлийн хөрөнгөөр дэд бүтцийг байгуулж байна гэв.  Улсын Их Хурал, Засгийн газар шийдвэр гарган, бондын хөрөнгөөр дэд бүтэц, эрчм хүч, аж үйлдвэрүүдээ зээл олгож дэмжсэн. Үүний дараа үйлдвэрлэгчдээс өрсөлдөх чадварыг дэмжин, зах зээлийг хамгаалж өгөөч гэдэг хүсэлтийн дагуу Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг баталсан. Энэ хүрээнд бүтээгдэхүүнийхээ 30-аас дээш хувийг экспортолдог үндэсний үйлдвэрт зээлийн хөнгөлөлт үзүүлж, дэвшилтэт, өндөр технологи бүхий экспортод чиглэсэн судалгаа, хөгжлийн зардлын 75 хүртэлх хувьтай тэнцэх дэмжлэгийг тухайн үйлдвэрт буцааж олгохоор шийдвэрлэсэн. Түүнчлэн экспортын үйлдвэрлэлийг төрөл бүрийн арга хэрэгсэлээр дэмжих юм.  Хэрэв импортын бараа худалдаалагчдыг дэмжих зорилгоор төр засгаас валютын ханшид оролцох юм бол үүний цаана олон мянган монгол хүнийг ажлын байртай байлгаж, тогтмол орлоготой байлгадаг үндэсний үйлдвэрүүд хаалга барихад хүрнэ. Тиймээс валютын ханш зах зээлийнхээ зохицуулалтаар явагддаг талаар Улсын Их Хурлын дарга танилцууллаа.  Үргэлжлүүлэн “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрийн талаар танилцууллаа. 2016 оны улсын төсөвт энэ хөтөлбөрийн санхүүжилтэд 24 тэрбум төгрөгийг төлөвлөсөн. Улс орны хувьд шаардлагатай бүтээн байгуулалтад оролцуулахаар хугацаат цэргийн албанд 6000 албан хаагчийг нэмж татах юм. Ингэснээр компаниудаас ирсэн захиалгын дагуу 3 сарын мэргэжлийн сургалтад хамруулан, сарын 1.000.000 төгрөгийн цалин олгон ажиллуулах юм. Ингэснээр хугацаат цэргийн алба хаасан залуус мэргэжилтэй, туршлагатай, хуримтлалтай цэргийн албанаас халагдана. Хүсвэл үргэлжлүүлэн гэрээт цэргийн алба хаах ч боломж бий. Монголчуудын томоохон хэмжээний бүтээн байгуулалт хийж чадахгүй гэдэг буруу ойлголт байдаг ч 100 хувь үндэсний бүтээн байгуулалт болсон Төмөртэй-Хандгайтын 33.4 км төмөр зам өнөөдөр ашиглалтад орлоо. Цаашид энэ мэт өртөг өндөртэй, чухал ач холбогдолтой бүтээн байгуулалтад мэргэжилтэй, сахилга баттай, хариуцлагатай хугацаат цэргийн албан хаагчид оролцох юм.  Улсын Их Хурлын дарга үргэлжлүүлэн Дархан-Уул аймгийн иргэдэд барилгын салбар, ипотекийн зээлийн үр нөлөөний талаар тайлбарлалаа. Улсын хэмжээнд 2013 оноос хойш жил бүр 25.000 орон сууц ашиглалтад орж байна. Засгийн газраас бага хүүтэй ипотекийн зээлийг олгож байгаа учир шинээр ашиглалтад орсон орон сууцуудыг иргэд урьдчилгаа төлбөрөө төлөн зээлээр авч байна. Үүний цаана барилгын зураг төсөл, барилгын материал үйлдвэрлэгч, барилга угсралтын компаниуд ажил, орлоготой байна. Түүнчлэн шинэ орон сууц ашиглалтад ороход үйлчилгээ үзүүлдэг дотоод заслын үйлчилгээ үзүүлдэг, тавилга үйлдвэрлэдэг компаниудын бүтээгдэхүүний эрэлт зах зээлд нэмэгдэнэ. Олон улсын стандарт хангасан тавилгыг өнөөдөр Монгол Улсад үйлдвэрлэж байна. Ийм байдлаар ниймгийн даатгал төлдөг 96.000 гаруй хүн барилгын салбарт ажиллаж байна. Үүний цаана хөшиг тогтоодог, жижиг хэмжээний дотоод засал хийдэг иргэд ч ажилтай, орлоготой болж байгаа. Ипотекийн зээл бол барилгын салбар, түүнтэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн санхүүгийн эргэлт болж байгаа талаар Улсын Их Хурлын дарга онцлон тайлбарласан юм.  Ипотекийн зээл олгох шалгуурын талаарх шийдвэр олон үзүүлэлтийн хамаарлаас шалтгаалсан нарийн тооцооллын үр дүнд хамрах хүрээгээ тодорхойлдог бөгөөд өнөөдрийн 30 хувийн урьдчилгаа төлж, 70 хувийг бага хүүтэйгээр зээлж авах нь дундаж орлоготой иргэдэд боломж олгож байгаа. Улсын Их Хурлаас баталсан Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийн дагуу Засгийн газраас шийдвэр гарган орон сууцны ипотекийн зээлийн хүүг 5 хувь болгон бууруулсан. 21 аймгийн иргэд, Улаанбаатар хотын алслагдсан гурван дүүрэг, нийслэлийн дахин төлөвлөлтөд хамрагдсан орон сууц худалдан авсан иргэн харилцагч банктайгаа зээлийн гэрээгээ шинэчилснээр зээлийн хүүгээ 5 хувь болгоно. Зээлийн хүүгийн бууралтаар нэг өрх сард дунджаар 50-100 мянган төгрөг хэмнэж байгаа тооцооллыг дарханчуудад танилцуулсан юм.  Монгол Улсын эдийн засгийн шинэ боломж бол хөдөө аж ахуй. Сүүлийн гурван жилийн хугацаанд манай хөдөө аж ахуйн салбарын зарим гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалт өсөлттэй байгаа тооцооллыг танилцуулсан. Мөн хөдөө аж ахуйн салбарын импорт буурсан эерэг үзүүлэлтийг танилцуулсан юм. Өнөөдрийн байдлаар махны үнэ хямд байгаа, 56 сая толгой малтай Монгол Улсын 200.000 малчин өрхийн мах бэлтгэл дотоодын хэрэгцээнээсээ давсан учраас зах зээлийн хуулиар махны үнэ буурсан. Тэгвэл энэ илүү бэлтгэсэн махаа экспортлох боломж байна. 2012 оноос өмнө Монгол Улс ердөө ОХУ-руу экспортлох эрхтэй байсан, харин өнөөдөр ОХУ, БНХАУ, Вьетнам Улсад экспортлох боломжтой болсон.  Гэтэл манай малын мах эрүүл ахуйн шаардлагад нийцэхгүйгээс энэ боломжоо ашиглаж чадахгүй байна. Тиймээс Засгийн газраас малчдын үйлдвэрлэлийг дэмжин, малаа эрүүл болгохыг уриалж “Сайн малчин” дунд хугацааны хөтөлбөр хэрэгжүүлж байна. Малаа эрүүл болговол малчин орлогоо нэмэгдүүлнэ. Ниймгийн даатгал, эрүүл мэндийн даатгалаа төлж байвал ирээдүйдээ хөрөнгө оруулж буй хэлбэр. Ердөө гурван шаардлагыг хангасан малчны зээлийн хүүг 10 хувь болгон бууруулж байгаа. Үүний үр дүнд 200.000 малчин өрх махаа экспортолж, өрхийн орлогоо бодитоор нэмэгдүүлнэ. Мөн мал аж ахуй бол улсын эдийн засагт чухал нөлөө үзүүлэх салбар болон хөгжих юм. Зөвхөн мах экпортлох төдийгүй биотехнологи, нанотехнологи ашиглан малын гаралтай түүхий эдийг боловсруулах юм бол өндөр ашиг олох боломжтой талаар Улсын Их Хурлын дарга танилцуулаад “Таван толгойд биш, таван хошуу малдаа найдаж хөгжицгөөе” хэмээн уриаллаа.  Мал аж ахуй эдийн засгийн тулгуур салбар болох бодит боломж байгаа, төр засгаас малчдынхаа ниймгийн асуудлыг дэмжсэн эрх зүйн зохицуулалтыг 2015 оны намрын чуулганаар баталсан.  Түүнчлэн үр тариа, жимс жимсгэний тариалалт нь эдийн засгийн боломж ихтэй, Монгол Улсын эдийн засгийн чухал салбар болох боломжийн талаар танилцууллаа. Мөн хөдөө аж ахуйн салбарын чиглэлээр хийгдэж буй бүтээн байгуулалт, шинэ технологи, туршилтын ажлуудтай танилцсан талаараа Улсын Их Хурлын дарга Дархан-Уул аймгийн иргэдэд танилцуулав. 
Үргэлжлүүлэн УИХ-ын дарга иргэдийн асуултад хариулт өгөв. Эхлээд Засгийн газраас боловсруулсан Тавантолгойн гэрээ нь эх орныхоо эсрэг, хариуцлагагүй гэрээ хийх гэж байсан бөгөөд энэхүү гэрээг байгуулахаар улайрч байсан УИХ болон Засгийн газрын гишүүдтэй ямар хариуцлага тооцох вэ гэсэн асуултыг иргэд асуув. УИХ-ын дарга З.Энхболд хариулахдаа, Таван толгойн гэрээг хийх боломжгүй маш хариуцлагагүй гэрээ байсан. Таван толгойн гэрээ бол ард түмний өмчийг 20 гэр бүлд өгөх гэрээ байсан. Энэхүү гэрээг явуулахгүй гэдэг асуудал дээр УИХ-ын даргын хувьд би, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, М.Энхболд, Л.Цог нар бүгд санал нэгдсэн. Улсын Их Хурал асуудлыг томоор харж, ард түмний эрх ашгийг дээдэлж, зөвхөн хуульд нийцүүлж шийдвэр гаргасан. Таван толгойг улсын төсвийн мөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон орд юм. Энэ бол улсын өмч учир 20 гэр бүлд өгөх боломжгүй гэлээ. Дархан-Уул аймгийн III дугаар багийн иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгч асуухдаа, УИХ-ын 76 гишүүн чуулганы хуралдаандаа суухгүй байна. 76 гишүүнээ хуралдаа суухыг шаардаачээ хэмээн санал хэлэв. УИХ-ын дарга хэлэхдээ, УИХ-ын гишүүдийн ирц зарим тохиолдолд муу байгаа нь үнэн. Би 75 сурагчтай ангийн багш биш. Тэр хүмүүс сонгогчдоосоо мандатаа авсан УИХ-ын гишүүд. Тиймээс тойргоос сонгогдсон гишүүддээ хуралдаа суухыг иргэд та бүхэн ч шаардах эрхтэй гэв. УИХ-ын гишүүд иргэдийн төлөөлөл болдогийн хувьд чуулганы хуралдаанд сууж, хуулиа батлах нь тэдний үүрэг хэмээн хариулсан юм. Мөн Дархан-Уул аймгийн иргэд УИХ-ын даргаас төсвийн тодотгол, орон нутгийн бүтээн байгуулалтын ажлууд, залуучууд ажилгүй хятад ажилтнууд орж ирж байгаа талаар асуув. УИХ-ын дарга хариулахдаа, “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрийн хүрээнд хугацаат цэргийн албанд залуус алба хаах хугацаандаа тусгай мэргэжлээр мэргэшин, улсын чанартай бүтээн байгуулалтын ажилд оролцох  хөтөлбөр батлагдсан. Энэхүү хөтөлбөр амжилттай хэрэгжиж, хугацаат цэргийн алба хааж буй залуус цэргийн албаа хааж дуусаад, мэргэжилтэй, цалин орлогоо хуримтлуулаад давхар нийгмийн баталгаа нь хангагдах боломжийг бий болгосон гэлээ.  Дархан-Уул аймгийн иргэн С.Очирсүх саналаа хэлэв. Тэрээр: "Эрүүл саруул ухаантай хүн бүрийн эрхэм нандин шүтээн нь хууль байх ёстой" Хуулийн талаар эрүүл саруул ухаантай хүн бүр ойлгогдохоор УИХ-ын чуулганы хуралдаанаар баталсан хууль, тогтоомжийн талаар танилцуулга хийсэнд талархсанаа илэрхийлэв. Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн засаг дарга н.Урангоо хэлэхдээ, Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг бол алслагдсан гэр хороолол. Дархан-Уул аймгийн шинэ хөгжлийн төлөвлөгөө нь зөвхөн төв хэсэгтээ хэрэгжиж байна.  Харин цаашдаа алслагдсан багийн асуудлууд руу  аймгийн удирдлагууд анхаарах хэрэгтэй байна. Гэр хорооллын гэрэлтүүлэг болон бусад асуудлууд байна. Иймээс УИХ-ын даргыг хөдөө орон нутагт ажиллаж байх хугацаанд аймгийн удирдлагууд байгаа тул энэ асуудалд анхаарч үзэхийг хүссэн зэрэг улсын болон орон нутгийн, багийн холбогдолтой асуултуудыг асууж байв. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4194
2880 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%