Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимаас /2016.04.15/ “Дархан
сумын том оврын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний өнөөгийн байдал”
сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт аймгийн Автотээврийн газар, Замын цагдаагийн
газар, “Дархан-Элит хөгжил” ХХК, НААҮГ, Дархан сумын ИТХ, багуудын ИНХ-ын
дарга, Засаг дарга, иргэд оролцсон юм.
Дархан хотын хувьд хамгийн их тулгамддаг асуудлын нэг
болох нийтийн тээврийн асуудлыг цэгцлэхийн тулд төрийн байгууллага болон иргэд
хамтран хэлэлцэж, нэгдсэн шийдэлд хүрэх ёстой хэмээн Иргэний танхимын дарга
Б.Ганпүрэв хэлэлцүүлгийн эхэнд хэллээ.
Мөн том оврын автобусны үйлчилгээ явуулдаг “Дархан-Элит
хөгжил” ХХК-ийн захирал З.Бадрал үйл ажиллагаагаа танилцуулж, тулгамдаж буй
асуудлаа хэлэлцүүлэгт оролцогчдод танилцууллаа.
Тухайлбал Дархан хотын нийтийн тээврийн том оврын
автобусны үйлчилгээ 20 жил завсардсан бөгөөд 3 жилийн өмнөөс дахин эхэлсэн юм.
Тус компани 2014
онд Дархан-Уул аймгийн 1 сая 200 мянган хүнд 300 төгрөгөөр үйлчилжээ. Энэ нь
нийтийн тээврийн тогтсон ханш болох 500 төгрөгөөс даруй 200 төгрөгөөр хямд
учраас нийт 240 сая төгрөг иргэдийн халаасанд үлдсэн гэсэн үг хэмээн
“Дархан-Элит хөгжил” ХХК-ийн захирал З.Бадрал тайлбарлалаа.
Мөн “Нийгмийн халамжийн тухай хууль”, “Боловсролын тухай хууль”-д заасны дагуу сурагч, оюутан, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд аймаг, нийслэлийн доторх нийтийн тээврийн хэрэгсэл /таксинаас бусад/-ээр зорчиход нөхөн олговор олгох тухай заасан байдаг. Тиймээс тус компани 2015 онд зорилтод бүлгийн иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж эхэлсэн бөгөөд харин тасалбараар 518,000 зорчигчид үйлчилжээ.
Өнөөдрийн байдлаар том оврын 8 автобус Дархан сумын 2
чиглэлд 6-8 минутын давтамжтайгаар иргэдэд үйлчилж байна.
Иргэний танхимын хэлэлцүүлэгт оролцогчид, захын гэр
хороолол бүхий багуудад том оврын автобусны чиглэл гаргаж явуулах тухай саналыг
аймгийн удирдлагуудад гаргасан юм.
Автобусны шинэ чиглэлийг бий болгохын тулд сайн чанарын зам, зогсоол, тэмдэг тэмдэглэгээ шинээр тавигдах ёстой. Тиймээс хөрөнгө санхүүжилт байхгүй хэмээн “гар хумхилгүй”, орон нутгийн бүтээн байгуулалтыг, өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан, хамтран хийх шаардлагатай гэсэн нэгдсэн шийдвэрт хүрлээ.