ХААН банк, ХСҮТ, МҮОНРТ-тэй хамтран “Хавдрын эсрэг үндэсний аян 2016“ Монгол орон даяар 6 дах жилдээ хэрэгжиж байна. Энэ жил уг аяныг 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгаас эхлүүллээ.
Хавдар судлалын үндэсний төвийн 10 гаруй эмч нарын бүрэлдэхүүнтэй үзлэгийн баг толгой, хүзүүний мэс засал, эмэгтэйчүүдийн үзлэг, хэт авиа оношлогоо, элэг цөс, нойр булчирхайн мэс засал, хөнгөвчлөх эмчилгээ, дуран зэрэг 8 төрлийн үзлэг оношилгоог хийсэн юм.
Хавдрын аяны хүрээнд 5 өдрийн урьдчилсан дүнгээр нийт 1558 хүнд үзлэг хийж, хорт хавдраар өвчилсөн 10 шинэ тохиолдлыг илрүүлсний дотор элэгний хавдар 5, улаанхоолойн хавдар-2, ходоодны хавдар -1, арьсны хавдар -1, хөхний хавдар 1 оношлогджээ.
Үзлэгийн үеэр шинээр илэрсэн элэгний хавдартай 2 иргэнд хавдрын аяны ХСҮТ-ийн мэс заслын багийнхан ирж хавдар авах хагалгааг амжилттай хийсэн байна. Аяны өдрүүдэд нийтдээ 11 хагалгаа хийснээс толгой хүзүүний байрлалын хагалгаа 6, ерөнхий мэс заслын 3, элэгний 2 хагалгаа хийжээ. Мөн эмэгтэйчүүдийн болон бусад мэс ажилбар 5-ийг хийсэн байна. Нийт үзлэгээс 116 эсийн шинжилгээ, 13 эдийн шинжилгээ авчээ.
“Хавдрын эсрэг үндэсний аян 2016” сургалтыг 4 үндсэн чиглэлээр зохион байгуулж, эмч нарын сургалтанд -50, сувилагч нарын сургалтанд 50, Сайн дурын идэвхтэн бэлтгэх сургалтанд 57, Бүсчилсэн сургалтанд Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Булган аймгийн 22 эмч, мэргэжилтнүүдийг хамруулсан байна. Нийт 4 удаагийн сургалтанд 179 хүн хамрагдсан байна.
Хавдрын аяныг зохион байгуулсан 3 жилийн хугацаанд ХААН банк 720 сая төгрөгийн санхүүжилт үзүүлснээс гадна хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээллийг олон нийтэд түгээн ажилладаг байна.