Мөн “Дуун хэлхээ” дуулалт жүжгийн Алигэрмаагийн дүрээр шилдэг эмэгтэй гол дүрээр өрсөлдөж Муза авсан дуучин П.Одонтунгалагт Найрамдлын дархан тэмдэг гардууллаа. Энэ нь Залуучууд театрын 3 дахь “Гэгээн Муза” юм.
2004 онд зураач Г.Хашцэцэг “Их хааны хатад” жүжгээр “Гэгээн Муза”хүртсэн бол 2012 онд найруулагч Г.Дэмбэрэлсамбуу “Шүүгчдийн нэрэмжит тусгай шагнал”-ыг “Маргаашгүй хаан" жүжгээрээ хүртэж “Гэгээн муза”-н эзэн болсон байдаг.
"Гэгээн Муза" 13 дахь удаагийн олон улсын театрын наадамд Дархан-Уул аймгаас 3 дахь жилдээ оролцож байгаа хэдий ч Хөгжимт жүжиг, Драмын жүжгийн төрөлд нийт есөн номинацид нэр дэвшсэн нь өндөр амжилт гэдгийн аймгийн удирдлагуудын зүгээс онцолж байв.
Тухайлбал: Хөгжимт жүжгийн төрлийн "Шилдэг эрэгтэй туслах дүр"-ийн номинацид дуучин Н.Далхжав “Дуун хэлхээ” жүжгийн Ламъяа ламын дүрээр, "Шилдэг эмэгтэй гол дүр"-ийн номинацид дуучин П.Одонтунгалаг “Дуун хэлхээ” жүжгийн Алигэрмаагийн дүрээр, "Шилдэг эрэгтэй гол дүр" номинацид Б.Соронзонболд энэхүү жүжгийн Алтансүхийн дүрээр тус тус нэр дэвшсэн байна. Дээрх төрөлд мөн "Шилдэг тайзны зураач" номинацид "Залуучууд" театрын зураач Х.Амартүвшин “Дуун хэлхээ” жүжгээр нэр дэвшжээ.
"Гэгээн Муза" 13 дахь удаагийн олон улсын театрын наадмын Драмын жүжгийн төрөлд "Шилдэг эмэгтэй гол дүр" номинацид тус театрын жүжигчин Ц.Отгонбаяр “Хайрыг хайрла” жүжгийн Туулын дүрээр нэр дэвшсэн бол "Шилдэг тайзны зураач" номинацид зураач Г.Хашцэцэг тус жүжгээр нэр дэвшсэн байна.