Дарханчууд энэ сарын 18-20-ны өдрүүдэд Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жил, Дархан хот байгуулагдсаны 55 жилийн ойн баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ жил Дархан хот байгуулагдсаны тэгш ой тохиож буй тул Дарханчууд урьдын жилүүдээс өргөн дэлгэр наадлаа.
Баяр наадмын бөхийн барилдаанд шөвгийн дөрөвт улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан П.Бүрэнтөгс, сумын заан С.Очирбат, аймгийн арслан Г.Ганням нар тунаж, улсын аварга Г.Эрхэмбаяр сумын заан С.Очирбатыг амлан авч шавьдаа тахимаа өгсөн юм. Харин улсын арслан П.Бүрэнтөгс аймгийн арслан Г.Ганнямтай тунаж тахимаа мөн өгөв. Ийнхүү аймгийн арслан Г.Ганням сумын заан С.Очирбат нар үзүүр түрүү булаалдаж аймгийн арслан Ганболдын Ганням сумын заан Сүрэнжавын Очирбатыг хаяж түрүүлсэн бөгөөд хурц чимэг нэмэн хурц арслан болсон бол үзүүрлэсэн бөх болох Дархан-Уул аймгийн Хонгор сумын харьяат сумын заан Сүрэнжавын Очирбат аймгийн заан цол хүртлээ.
Дархан хот байгуулагдсаны 55 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд тав давсан Дархан-Уул аймгийн Дархан сумын харьяат сумын заан Э.Санчир, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын харьяат сумын заан Э.Билэгсайхан, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат сумын заан Б.Эрдэнэван нар аймгийн начин цол тэмдгийг хүртэв.
Энэ жилийн Баяр наадмын бөхийн барилдаанд улсын цолтой 39 бөх, аймаг, цэргийн цолтой 138 бөх, сумын заан, начин цолтой 77 бөх, залуу бөхчүүд гээд нийт 256 бөх уран мэхийг уралдуулан ийнхүү хүчээ үзсэн юм.
Дархан хотын баяр наадмаар Нар хур тэгширсэн сайхан өдрүүд тохиож, идэр чийрэг бөхчүүд маань хүчтэй, эргэмэг шандаст хүлгүүд нь хурдан, цэц магнай харваачид нь мэргэн байж хотол түмнээрээ сайхан наадлаа.