Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ХУРАЛДЛАА

2016-07-27

Өнөөдөр /2016.07.27/ аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаанаар батлагдсан Тэргүүлэгчдийн анхны хурал болж, үндсэн 6 асуудлыг хэлэлцэн баталлаа.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны дэгийг шинэчлэн батлав.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.14 дэх заалтыг үндэслэн, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны дэгийг шинэчлэн баталсан бөгөөд Тэргүүлэгчид сар бүрийн 15, 30-ны өдөр 9,00 цагт аймгийн ИТХ-ын даргын албан ажлын өрөө болон Тэргүүлэгчдийн хуралдааны танхимд эсхүл тухайлан зарласан байранд хуралдаж байхаар боллоо. 
Мөн ээлжит хурал хуралдах хугацаа нь ажлын бус өдөр таарах буюу яаралтай хуралдах шаардлага гарсан тохиолдолд аймгийн ИТХ-ын дарга хуралдах өдөр, цагийг товлон зарлах юм.
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хурлаар хэлэлцэх асуудалтай урьдчилан танилцах явцад өөртэй нь холбоотой болон хамаарал бүхий этгээд /эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү бусад нэгдмэл сонирхолтой этгээд/-тэй холбоотой асуудал байгаа тохиолдолд тухайн асуудлыг хэлэлцэх үед оролцохоос татгалзаж,  “Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл”-ийг тухайн хуралдаанд орохоос өмнө байгууллагын эрх бүхий албан тушаалтанд бичгээр мэдэгдэж байх талаар шинэ заалт нэмж оруулсан байна.  
Аймгийн Сонгуулийн хороог байгуулж, бүрэлдэхүүнийг батлав,
2016 оны 10 дугаар сарын 19-нд сум дүүргийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгууль болохтой холбогдуулан, аймгийн Сонгуулийн хороог хуулийн хугацаанд нь багтаан байгуулах асуудлыг хэлэлцэж, Тэргүүлэгчдийн хурлаар аймгийн сонгуулийн хороог байгуулж, бүрэлдэхүүнийг баталлаа.  
Аймгийн сонгуулийн хороог 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан бөгөөд Сонгуулийн хорооны даргаар Шарын гол сумын ЗДТГ-ын дарга Ч.Энхбат, Нарийн бичгийн даргаар аймгийн УЦУОШАлбаны дарга С.Алтандолгион, гишүүдээр Д.Цэрэндаваа,  Д.Жаргалсайхан,  Т.Мэдэгсүрэн,  С. Туяа, Б.Өнөрхүү,  Ж.Болдбаатар,  З.Батхишиг нарыг томилж,  Монгол улсын Сонгуулийн тухай хууль заавар, журам, ёс зүйн дүрмийг үйл ажиллагаандаа чанд мөрдөж ажиллахыг үүрэг болгов.
Дархан хот байгуулалт, барилга захиалагчийн газар ОНӨААТҮГазар байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7 дахь заалт, Монгол Улсын Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 2.4 дахь заалтыг тус тус үндэслэн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс  “Дархан хот байгуулалт, барилга захиалагчийн газар” Орон нутгийн өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн Газрыг 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс  байгуулахаар болов. 
  Энэхүү байгууллага нь Дархан-Уул аймагт барилга байгууламж барих, засварлах, шинэчлэх, өргөтгөх ажлыг эхлүүлэх, гүйцэтгэх явцад техникийн нөхцөл болон технологийн хяналт тавьж, гүйцэтгэлийг баталгаажуулах, барилга байгууламжийг хугацаанд нь ашиглалтад оруулах зэрэг Дархан хотын бүтээн байгуулалтын ажлыг урагшлуулахад ихээхэн ач холбогдолтой хэмээн Тэргүүлэгчид үзлээ. 
“Дархан хот байгуулалт, барилга захиалагчийн газар” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь орон нутгийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа 3 дугаар ангилалын барилга байгууламжууд, засварын ажлуудад барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, ашиглалтад оруулах ажлыг зохион байгуулж ажиллах ба шаардлагатай нөхцөлд барилгын ажлын зураг төсөл, угсралтын ажилд барилгын зохих хууль дүрэм норм, стандартын дагуу холбогдох байгууллага, албан тушаалтантай зөвшилцөж өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулах юм. 
Мөн Хувийн болон Төрийн бус байгууллагуудын барилга угсралтын ажлыг эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл авах, барилга байгууламжийг  Улсын комисс хүлээн авах хүртэл ажилд зөвлөх  үйлчилгээг үзүүлэх үүрэгтэй юм байна. 
Аймгийн Засаг даргын орлогчийг зөвшилцөх тухай
       Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь хэсэгт зааснаар аймгийн Засаг даргын орлогчийг томилох асуудлыг аймгийн засаг дарга, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчидтэй зөвшилцдөг. 
Тэргүүлэгчдийн хуралд аймгийн Засаг дарга С.Насанбат ИТХ-ын төлөөлөгч Т.Ганболд, А.Түвшинбат нарыг Засаг даргын орлогчоор томилох санал оруулсан бөгөөд энэхүү саналыг Тэргүүлэгчид дэмжлээ. 
       Хурлын үеэр аймгийн Засаг дарга С.Насанбат: “Монголын ард түмэн МАН-д их итгэл найдвар хүлээлгэсэн энэ цаг үед аймаг орон нутгийн хөгжлийг урагшлуулах ажлыг эрчимжүүлэхэд туршлагатай, мэргэшсэн боловсон хүчин нэн шаардлагатай” гэв.                                                                                                      
Аймгийн засаг даргын 2 орлогч нь үйл ажиллагааны үүрэг чиглэлийн хувьд давхцахгүй ба нийгмийн хөгжлийн бодлого, үйлдвэрлэл дэд бүтэц гэсэн чиглэлүүдийг дагнан хариуцан ажиллах юм байна.
  Дархан-Ус суваг ХК-ийн ТУЗ-ийг шинэчлэн батлах тухай
       Дархан-Ус суваг ХК нь Дархан хотын хэрэглэгчдийг унд ахуйн стандартын шаардлагад нийцсэн цэвэр усаар тасралтгүй найдвартай хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах, зохих түвшинд цэвэрлэх ажлыг хариуцан ажилладаг. 
        Компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл нь 9 гишүүн, нарийн бичгийн даргын бүрэлдэхүүнтэй ажилладаг бөгөөд Тэргүүлэгчдийн хурлаар тус компаний ТУЗ-ийн бүрэлдхүүнийг шинэчлэн  байгууллаа. Тодруулбал аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Г.Алтантуяа, М.Жаргалсайхан, Г.Эрдэнэсүх, Н.Батсайхан, С.Батжаргал, Н.Чимэддорж, Т.Ганболд, П.Батсүх, Э.Равжаадэлгэрэх нарыг Дархан-Ус суваг ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр томиллоо. 
         Дашрамд дурьдахад Азийн хөгжлийн банкны 18.5 сая ам.долларын хөнгөлөлттэй болон энгийн эх үүсвэрийн зээлээр “Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төсөл”-ийг Дархан-Уул аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм. Уг төсөл нь  бохир усыг цэвэрлэн байгальд нийлүүлэх, эргүүлэн ашиглах нөхцөлийг бүрдүүлэх, байгаль орчны тогтвортой байдлыг хадгалах зорилгоор цэвэрлэх байгууламж болон бохир усыг татан зайлуулах насос станц, ариутгах татуургын системийг шинэчлэх зорилготой аж.

 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4194
2880 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%