Төрийн байгууллагын үйл ажиллагааг иргэдэд сурталчилах, төрийн үйлчилгээг нэг цэгээс түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх, иргэдийн санал хүсэлтийг төрийн бодлогод тусган хэрэгжүүлэх зорилгоор аймгийн хэмжээнд зохион байгуулагдсан "Нээлттэй хаалганы өдөр"-ийн сүүлийн арга хэмжээ өнгөрөгч ням /2016.09.18/ гаригт Дархан суманд боллоо. “Төв цэнгэлдэх хүрээлэн”, “Дархан-50 цогцолбор”-т болсон үйл ажиллагаанд төрийн байгууллагууд болон эрчим хүчний байгууллагууд оролцов.
Энэ үеэр эрүүл мэндийн анхан шатны үзлэг хийх,
иргэний шинэчилсэн бүртгэлд хамруулах, цахим үнэмлэх дахин авах хүсэлт болон
гадаад паспорт сунгах, шинээр авах материал хүлээн авах, хүүхэд хамгааллын
зөвлөгөө өгөх, дулаан болон цэвэр бохир усны гэрээ хийх, төлбөр тооцоо
барагдуулах зэрэг төрийн бүхий л үйлчилгээг иргэдэд нэг дороос цогцоор үзүүлсэн
юм.
Энэ онд Дархан суманд “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 18 ажил хийгдэхээр батлагдсан. Тухайлбал Дархан сумын 8, 11, 13, 14, 15, 16 дугаар багуудад хүүхдийн тоглоомын талбайн ажил хийгдээд явж байгаа бол 7 дугаар багийн Зурагтын 8 дугаар худгийн дэргэд сагсан бөмбөгийн талбай, хангамжийн 6 дугаар худаг, Майхантын 1 дүгээр худгийн хажууд тус тус нэг сүүдрэвчийг хийжээ. Түүнчлэн тосгоны 1, 2 дугаар багууд болон 7-р багт эвдэрсэн замуудыг хатуу хучилттай болгон сайжруулан засварлах ажлууд хийгдэж байна. Р.Тунгалаг-Эрдэнэ