Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ОЮУТАН ЦАГДАА” ХӨТӨЛБӨРИЙГ ОЮУТНУУД ДЭМЖЛЭЭ

2016-09-22

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимаас /2016.09.20/ “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оюутан, сурагчдын оролцоо” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.Хэлэлцүүлэгт Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ЗДТГ, аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийгмийн бодлогын хэлтэс, Боловсрол соёлын газар, Цагдаагийн газар, Дархан сумын багуудын ИНХ болон Засаг дарга нар, ИДМС-иудын Консорциум, Дарханы Оюутны холбоо, Дотуур байрны зөвлөл, Төрийн бус байгууллагуудын төлөөлөл, Их, Дээд, Мэргэжлийн сургуулиудын оюутнуудын төлөөлөл зэрэг нийт 140 гаруй хүн оролцлоо.

Иргэний танхимын өмнөх  хэлэлцүүлгээр “School police” хөтөлбөрийг танилцуулан иргэдийн саналыг авч, улмаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэн батлуулсан бөгөөд одоо бүх ЕБС-уудад амжилттай хэрэгжиж байгаа билээ.

Иймд аймгийн Цагдаагийн газраас оюутан, сурагчдыг гэмт хэрэгт өртөж, хохирох, эрх ашиг нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулах, оюутан, залуучуудын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор  “Оюутан цагдаа” эргүүл ажиллуулах журмыг боловсруулсан бөгөөд Иргэний танхимын нээлттэй хэлэлцүүлгээр дамжуулан, иргэд, олон нийт, оюутнуудын саналыг авлаа.


/Аймгийн Цагдаагийн газраас гаргасан судалгаагаар 18-25 насны залуучууд холбогдсон гэмт хэрэг 2015 онд 544, 2016 оны эхний хагас жилд 456 бүртгэгдсэн байна. Өөрөөр хэлбэл Дархан-Уул аймагт гарч байгаа гэмт хэргийн тодорхой хувийг оюутан залуусын үйлдсэн, холбогдсон гэмт үйлдэл эзэлжээ./


Хэлэлцүүлэгт оролцогчид энэхүү хөтөлбөрийг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлсэн ба оюутнуудын зүгээс “Оюутан цагдаа” эргүүлд урамшуулал олгох тухай саналыг тавьсан юм.

Улс орны эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ цаг үед “Оюутан цагдаа” эргүүлд урамшуулал олгох боломжгүй бөгөөд, харин  Монголын ирээдүй хойч үе, хөгжил дэвшлийн түүчээ болсон залуус нь нийгмийн өмнө хүлээсэн иргэний үүргээ биелүүлж, нийгэмд тустай үйл хэрэгт гар бие оролцох нь “Бие хүн” болж төлөвшихөд ихээхэн ач холбогдолтой хэмээн зохион байгуулагчид үзэж байлаа.

Хэлэлцүүлгийн төгсгөлд аймгийн Цагдаагийн газар болон Дарханы Оюутны холбоо “Хамтран ажиллах гэрээ” байгуулсан юм.

“Оюутан цагдаа” эргүүлийн журмыг ирэх 7 хоногт аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗЗ-ийн хуралд танилцуулах бөгөөд улмаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар батлагдсанаар эрх зүйн акт болон хэрэгжих юм.


 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%