Сум, дүүргийн ИТХ-ын ээлжит
сонгууль 10 дугаар сарын 19-ний өдөр болно. Энэ өдөр мөн аймгийн ИТХ-ын дахин
сонгууль долоон тойрогт явагдана. Тиймээс 9 дүгээр сарын 27-ны өдөр Аймгийн
Сонгуулийн хорооноос дээрх тойргуудад нэр дэвшигчдийн үнэмлэхийг олголоо.
Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдааны 68 дугаар тогтоолоор
аймгийн сонгуулийн хороог шинээр байгуулж сонгуулийн хугацааны цагалбарын дагуу
үйл ажиллагааг явуулж байна. Өнгөрсөн хугацаанд Аймгийн Сонгуулийн хороо
бэлтгэл ажлыг хангах хүрээнд хуулийн дагуу аймгийн ИТХ-ын дахин сонгуульд
оролцох нэр дэвшигчдийг бүртгэх ажлыг хийсэн бөгөөд нийт 46 нэр дэвшигч
байгаагаас МАН-аас 14, АН-аас 14, МАХН-аас 6, харин бие даагч 12 нэр дэвшигч
бүртгэгджээ.
Өнгөрсөн 6 дугаар сард
болсон Аймгийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулиар Аймгийн Сонгуулийн хороо
Сонгуулийн тухай хуулийн зарим зүйл заалтуудыг үндэслэн 15 нэр дэвшигчийг
бүртгэхээс татгалзаж нэрсийн жагсаалтаас хассан тогтоолыг гаргаж байсан.
Энэхүү тогтоол шийдвэрийг холбогдох хууль тогтоомж, сонгогч сонгогдогчдын эрх
ашгийг зөрчиж байна гэж үзэн дээрх нэр дэвшигчид хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр
шүүхэд хандсан нь шат шатны шүүхийн байгууллагаар нэр дэвшигчийн талд эцэслэн шийдвэрлэгдсэн
юм.
Тус шүүхийн шийдвэрийг үндэслэн аймгийн ИТХ-ын 2016 оны сонгуулийн Дархан сумын
3, 9, 14,15, 17, Шарын гол сумын 19, Хонгор сумын 20 дугаар тойргуудад
сонгуулийн дүнг албан ёсоор хүчингүй болгон дээрх тойргуудад дахин сонгуулийг
10 дугаар сарын 19-ний өдөр буюу Орон нутгийн сонгуультай хамтатган зохион
байгуулахаар тогтоолыг гаргажээ.
Дээрхи тойргуудын харьяа
багийн иргэд энэ өдөр Сумын ИТХ-ын ээлжит сонгууль болон аймгийн ИТХ-ын дахин
сонгуульд саналаа өгнө.