Энэ сарын 17-ний өдөр Дархан хот байгуулагдсаны түүхт 55 жилийн ой тохиож, Дарханчууд ойн баяраа тэмдэглэх гэж байна. Хотынхоо ойг тохиолдуулан, Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд олон бүтээлч ажил хийж байгаа юм. Тухайлбал Монгол улсад барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ой баяраар барилгын салбарынхан “Дархан хаалга”-ыг шинэчлэн зассан бол энэ удаа Бурхант хясаат ХХК-ийн хамт олон “Дархан хаалга”-ны авто машины зогсоолыг шинэчлэн засварлаж байна. Энэхүү ажлын явц, байдалтай аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Иргэний танхимын дарга А.Янжмаа болон бусад холбогдох албаныхан танилцсан бөгөөд аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат: Дархан хотын өнгө зүстэй, хөгжлийн “Загвар хот” болоход дан ганц Төрийн “гар харах” бус иргэн, ААНБ бүр эрвийх дэрвийхээрээ оролцож, дор бүртээ санаачлага гарган, хувь нэмрээ оруулах нь зүйтэй хэмээн онцлоод, үүний тод жишээ болж буй Бурхант хясаат компанийн хамт олонд баяр хүргэн, амжилт хүслээ.