Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ДАРХАН ХОТЫН ИРЭХ 4 ЖИЛИЙН “ӨНГӨ” ТОДОРЛОО

2016-10-06

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус 3 дугаар хуралдаан өнөөдөр /2016.10.06/ 09 цагт аймгийн ЗДТГ-ын Хурлын танхимд болж, 100 хувийн ирцтэйгээр Хуралдаан эхэллээ. 
Хуралдаанд аймгийн Ерөнхий аудитор, аймгийн ЗДТГ-ын хэлтэс, албад, сумдын удирдлагууд, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албаны ажилтнууд болон, орон нутгийн хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцлоо.

Хуралдааныг аймгийн ИТХ-ын дарга  Г.Эрдэнэбат нээж, хэлсэн үгэндээ “Иргэд, сонгогчдынхоо итгэл найдварыг хүлээн сонгогдсон Төлөөлөгчид аймаг, орон нутгийн нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж, орон нутгийн төсвийн орлогыг хэмнэлтийн горимын дагуу оновчтой зөв хуваарилж, үр ашигтай ажиллах, төрийн үйл ажиллагаанд иргэдийн санал санаачилга, оролцоог нэмэгдүүлж, тэдний аж амьдралыг сайжруулахад туслалцаа үзүүлж, бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх бодлого, зорилт, чиглэлээ баталж хэрэгжүүлж  ажиллах эрхэм үүрэгтэй” хэмээн онцлон тэмдэглээд Төлөөлөгчдөд болон оролцогчдод  хуралдааны хэлэлцэх асуудлыг танилцуулсан юм. 
Хуралдаанаар “Аймгийн 2016 оны төсөвт тодотгол хийх тухай”, “Аймгийн ИТХ, Тэргүүлэгчдээс бүрэн эрхийн хугацаанд баримталж ажиллах үйл ажиллагааны Үндсэн чиглэл батлах тухай”, “Аймгийн Засаг даргын 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах тухай” гэсэн 3 үндсэн асуудлыг хэлэлцэн баталлаа.Аймгийн Засаг дарга С.Насанбат “Аймгийн 2016 оны төсөвт тодотгол хийх тухай” илтгэлийг тавьсан бөгөөд төсвийн тодотголын төсөлд аймгийн Аудитын газар болон аймгийн ИТХ-ын Өмч төсөв, санхүү, эдийн засаг, гадаад бодлого хяналтын хорооны дүгнэлт гарган танилцуулснаар хуралдаан үргэлжилэв. Дэгийн дагуу Хуралдааны нарийн бичгийн даргаар Төлөөлөгч К.Энхчулуун , Бичиг баримт боловсруулах комиссоор  төлөөлөгч Г.Алтантуяа, Н.Чимэддорж, М.Жаргалсайхан нар 100 хувийн саналаар сонгогдон ажиллав.

АЙМГИЙН 2016 ОНЫ ТӨСВИЙН ТОДОТГОЛ: 

Аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн ээлжит бус 3 дугаар хуралдаанаар 2016 оны аймгийн тодотгосон төсвийн орлогыг 18131.7 сая, зарлагыг 19396.5 сая, аймгийн төсвөөс сумдад олгох санхүүгийн дэмжлэгийг 1066.6 сая, сумын төсвөөс аймгийн төсөвт төвлөрүүлэх орлогыг 601.8 сая, орон нутгийн хөгжлийн санг 4722.7 сая, улсын төсвийн тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих байгууллагын зарлагыг 31,769.8сая төгрөгөөр тус тус баталлаа. 

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦААНД БАРИМТАЛЖ АЖИЛЛАХ  ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх  бодлогыг тодорхойлон, түүнийг хэрэгжүүлэхэд иргэд, хамт олны бүтээлч санаачилга, идэвхтэй оролцоонд тулгуурлан ажиллах зарчмыг баримталж, нийгмийн салбаруудыг дэмжиж, иргэдийнхээ аж амьдралыг сайжруулах,  Нутгийн өөрөө удирдах ёсыг хөгжүүлэхэд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны Үндсэн чиглэлийн зорилт оршиж байна. 
Орон нутгийн шийдвэр гаргах төвшний дээд байгууллага болох аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчдээс ирэх 4 жилд баримтлах үйл ажиллагааны үндсэн чиглэлийн төсөлд  олон нийтийн саналыг тусгах шат дараалсан арга хэмжээнүүдийг авсан.
Аймгийн ИТХ, Тэргүүлэгчдээс бүрэн эрхийн хугацаанд баримталж ажиллах үйл ажиллагааны Үндсэн чиглэл нь нийт  5 бүлэг, 45  зүйл, заалтаас бүрдэж байна. Тодруулбал: Тухайлбал аймгийн ИТХ-ын цахим сайт, фейсбүүк хуудас, Иргэний танхимын нээлттэй хэлэлцүүлгүүдээр дамжуулан Төрийн байгууллагууд, ТББ, Иргэний нийгмийн зөвлөл, иргэдээс нээлттэй санал авч, мөн үе үеийн ИТХ-ын депутат, аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр 2-3 бүрэн эрхийн хугацаанд сонгогдож байсан ахмад туршлагатай хүмүүс, сумдын ИТХ-ын тэргүүлэгчид, төлөөлөгчдөөс ирүүлсэн 200 гаруй саналуудыг нэгтгэн, салбар чиглэл бүрээр нь ангилан, Үндсэн чиглэлд тусгажээ.
- Нийгмийн бодлогын чиглэлээр 10 зорилт 
-Хот байгуулалт, тохижилт, экологийн чиглэлээр 14 зорилт
-Хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр 6 зорилт 
- Эдийн засгийн бодлогын чиглэлээр 8 зорилт
-Эрх зүй, төрийн байгуулалтын бодлогын  чиглэлээр 7 зорилт багтжээ.

АЙМГИЙН “ЗАСАГ ДАРГЫН 2017-2020 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР

Уг хөтөлбөр нь Дарханы иргэдийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан хүсэл зоригийг нь эрхэмлэн дээдэлж, аймгийн эдийн засаг, нийгмийг эрчимтэй хөгжүүлэхэд төрийн бодлого, үйл ажиллагааг чиглүүлэх зорилготой. Нийт 8 бүлэг, 11 дэд бүлэг, 137 зорилттой. 
Үүнд шинээр эхлэн хэрэгжүүлэх хөтөлбөрт .“Ухаалаг Дархан” “Иргэний эрх зүйн боловсрол”, “Эрүүл хот”, “Ногоон хувьсгал”, “Миний гэр-Манай байр”, “Өсвөрийн байгаль хамгаалагч”, “Дархан үр”, “Тахиа, гахай, зөгийн аж ахуй” зэрэг аймгийн дэд хөтөлбөрүүд багтсан бол үргэлжлүүлэн хийх хөтөлбөрт “Архигүй Монгол хүн”, “Орон сууц”, “Орон нутгийн авто замыг сайжруулах хөтөлбөр, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Шарилжгүй Дархан”,“Ном”, “Авьяас” аймгийн дэд хөтөлбөрүүд тусгагджээ.
Аймгийн Засаг даргын 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт санал авах ажлыг хэд хэдэн хэлбэрээр явуулсан байна. 
Тухайлбал Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс, агентлагууд,  ард иргэдээс аман болон бичгээр санал авсан бөгөөд мөн аймгийн ЗДТГ-ын Нээлттэй утас 70371212, цахим хуудас, Нийгмийн салбар бүрийг хамруулсан уулзалтууд, Иргэний танхимын хэлэлцүүлгээр дамжуулан санал авах ажлуудыг тус тус зохион байгуулж, нийт 689 иргэн хамрагдаж, 511 санал авсан байна.
     Хуралдааны үеэр Төлөөлөгчид болон хуралдаанд урилгаар оролцсон Сумдын удирдлагуудын зүгээс "Аймгийн Засаг даргын 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр"-т хэд хэдэн саналыг дэвшүүллээ. Тухайлбал Дархан сумын гэр хорооллын багуудад сургууль цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх, Нефтийн үйлдвэр байгуулах боломжийг судлах, 21 дүгээр зууны хөгжлийн Мастер төлөвлөгөө боловсруулах, авто замуудын ашиглалтын хугацааг нэмэгдүүлэх үүднээс борооны ус зайлуулагч сувгуудыг байгуулах, Төв цэвэрлэх байгууламжийн хэвийн ажиллагаанд анхаарал хандуулж, шинэчлэх, малын түүхий эдийн тусгайлсан зах байгуулах, дотоодын хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг эрчимтэй дэмжих зэрэг саналуудыг гаргалаа.
Ийнхүү аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус 3 дугаар хуралдаанаар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын ирэх 4 жилд баримталж ажиллах бодлогын бичиг баримт батлагдсанаар Дархан хотын их бүтээн байгуулалтууд үргэлжлэх юм. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%