Хүйтний улирал эхэлсэн тул замын хальтиргаа гулгааны ихсэж байна.Ойрын өдрүүдэд хур тунадас ихтэй байгаа нь замын нөхцөл байдал хүндрэхэд хүргээд байна. Зарим өдрүүдэд өдөртөө дулаан байгаа нь орсон цас өдөртөө хайлж, шөнөдөө автозам дээр мөсөн бүрхүүл үүсэж, хальтиргаа гулгаа ихсэх эрсдэлтэй байгаа учраас нийт иргэд, жолооч нар өвлийн бэлтгэлээ хангаж замын нөхцөл байдалд тохируулж хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн тасгаас анхааруулж байна.
Энэ оны 10 дугаар сард зам тээврийн осол 21 бүртгэгдсэнээс 8 нь хальтиргаа гулгаанаас, 5 нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас үлдсэн 8 нь хурд хэтрүүлсэн, болгоомжгүй байдал зэргээс шалтгаалсан тухай аймгийн ЦГ-аас мэдээллэж байна.
Зам тээврийн ослоос бэртэж гэмтсэн хүний тоо төдийлөн буурахгүй байгаа тул замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол зөрчлийг бууруулахад Замын цагдаа, холбогдох төрийн байгууллагуудаас гадна замын хөдөлгөөнд оролцож байгаа явган зорчигч болон тээврийн хэрэгслийн жолооч бүр анхаарал болгоомжтой байж зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай байна.
Мөн хот хоорондын замд цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан үзэгдэх орчин түр хугацаагаар хязгаарлагдах, хальтиргаа гулгаа үүсэх зэрэг эрсдэлтэй байгаа учраас холын замд гарахдаа иргэд, жолооч нар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, цаг агаарын мэдээллийг тогтмол авах, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангаж орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.