Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат 2016 оны 10 дугаар сарын 27-ноос эхлэн Улаанбаатар хотод ажиллаж байгаа билээ. Тус өдрийн 15.00 цагт Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Зоригттой уулзаж Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хуучин барилгыг орон нутгийн өмчид шилжүүлэн авах талаар санал солилцсон байна. Уг барилгыг орон нутгийн өмчид шилжүүлэн авснаар 200 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг ашиглалтанд орох боломж бүрдэх ажээ. Нийгмийн даатгалын хэлтсийн хуучин байр нь Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө бөгөөд үүнийг зөвхөн худалдан борлуулах журмаар өмчид шилжүүлэх учиртай гэдгийг холбогдох хүмүүс хэлж байсан юм. Тиймээс ийнхүү холбогдох удирдлагуудтай аймгийн Засаг дарга уулзалт хийн балансад туссан уг барилгыг хуулийн үнээр нь буюу 220 сая төгрөгөөр худалдан авахаар болжээ. Уг мөнгийг аймгийн төсвийн хөрөнгөнөөс гаргах юм.